Болор цом - 1989

Ц............. Чимэддорж

Малчин

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үөрт төрхөө алдаж эвдрэлгүй
Цадиг туүх улбаапж өвгөдийнхөө нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад буухад цоожгүй айл малчин таных
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных
Ботгоо голсон ингээ хөөслөн хамт уйлна
Бороо орохгүй болохоор овоогоо тайж даллана
Өөнтөгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна
Өөрөө өөртэйгөө ярьж орчлонгийн ээдрээг тайлна
Хуруундаа бөгж чихэндээ ээмэг зүүг гэхээсээ
Хурц түргэн морьдоо цул мөнгөөр хазаарласан
Мэдэл сүр албан тушаал хөөцөлдөхийг
Мичин жилийн ааш зуднаас ч дорд бодсон
Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтооосон
Алтан гуутай зурганд нь түмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэгийг
Сургуульд үзсэнээ мартсан ч өвгөдийнхөө үгийг мартаагүй
Хонь мал дэлэндэж хорвоог барах нь гэж гутардаггүй
Ховор бараа дагуулсан баярын бичгэнд хөөрдөггүй
Огт болохгүй юмыг ч болж л байна гэж боддог
Оройн дээд төрийнхөө сүр сүлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Мал буянаа яаж адуулан маллахыг
Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг
Эцэгтээ чөдрийн морийг дөхүүлж тусад орсон
Эхээс төрөхийн малчин амьдралын хар ухаан
Хишиг өдөр тааруулан хонины бэлчээрт уулзаж
Хэв хадаг шиг тэнгэр дор дөрөө гөлөм харшуулж
Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж
Ивээл жилтэй юм бид хоёр гэж нэг уярч
Гаруул унаган мориныхоо жолоог сул орхиж
Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээрээ түшилцсэн хайр
Нутгийнхаа чулуугаар тоглож өссөн эгэл заяа нийтгэж
Нутгийнхаа л чулуугаар тулгалсан гал болж ассан
Дүүрэн хишиг нь дэлгэрсэн малаан нэг бөөцийлөх
Дөрвөн хананы дундах биднийгээ нэг бөөцийлөх
Ганган хээнцэр хот руу бүгдээрээ нүүчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох
Дээдсийн алтан хэрэгсүүр хүн чулуу
Дэргэд минь малын бэлчээрт байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж төв бараадах юм бэ? гэж уурлах
Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад
Эзэн Чингэсийн голомт дүрэлзэнхэн байхад
Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ
Утаа үнэрлэж яваад л үхьө дээ гэж учирлах
Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан
Цагийн шуурга сөрж улстайгаа хамт зүдэрсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан
Эцэг минь малчин, ижий минь малчин
Ингэхэд би чинь хаана унасан хэний хэн билээ
Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг
Хар тугийн дор сүргээсээ барьж эмээллэсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан
Арвин буянтай малаа бурхнаасаа илүү тахисан
Аугаа ихээ мэддэггүй аугаа их улс
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цууриа хадны сүгнээс ч буурал намтар нь арилахгуй
Чулуун зэвсгийн үөэс хэдхэн дүү малчин.

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив