АСУУЛТЫН ТЭМДГЭНД "ӨЛГӨӨСТЭЙ" АРД ТҮМЭНДЭЭ ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

(2007-02-14) "Өнөөдөр" сонин

"...Амьдралд гомдох хэрэггүй.
Чи хэдийнэ хүн болоод төрчихсөн юм чинь!..."
Борис Крутнер /Оросын эмч/

Багтарч байгаа бодлоо хуваалцмаар санагдахуй дор ард түмэндээ хандлаа. Өчигдөр, өнөөдөр, маргааш хэмээх "гурван цагийн" мөнх эх орон минь өршөө!
I
Энэхүү ертөнцөд "төгс үнэн" үгүй юм гэдэг. Харин харьцангуйн үнэнтэй бид харгалдаж оршдог нь ортой. Ард түмэн минь бидэнд үнэмшил үгүй боллоо. Урьдал үнэмшил найдварыг, төгс үнэмшил итгэлийг авчирдаг. Байх ёстой сэтгэлийн нэг "орон" эзгүйрч байна. Энэ чинь нөгөө талаараа итгэл хэмээх агуу их орон зай биднээс нисэн одож байна гэсэн түгшүүрийг авчирч мэдэх нь... Итгэлгүйгээр хүмүүн гэгч яаж амьдрахсан билээ... Өөртөө итгэх, бие биендээ итгэх, итгэлийн үүслээс эхлээд, ураг удмын ирээдүйд, эх орны ирээдүйд, хууль ёс, төрдөө итгэх итгэл байх ёстойг "тэмтэрч" үзэхэд бага зүйл мэдрэгдэх он цагийн ирмэгт бид тулав биш үү! Өнөөгийн он цагт болж буй бүхнийг ард түмэн бид агаарт бус "газрын татах" хүчинд оруулж бодож үзье л дээ!

Бид дандаа дээшээ харж, дээрээ байгаа бүхэндээ ноцож амьдрах гэж үү! Нэгэнт тарыг нь таньчихсан юмаа ширтээд бас горьдоод алдаа, шившиг хоёрыг нь сонирхоод, оролцоод амьдын цагийг дэмий үрж байна уу даа гэж бодогдох юм. Хүн болгон хялбарыг эрж, түүнийгээ олохын тулд юуг ч ариун бузар гэлтгүй хийхэд бэлтгэгдэж, залхуу арчаагүйд өлгийдүүлж, өөрөөр бодохын "өвчин" туссан, өө сэв түүсэн, ярих, хэрэлдэх эрхтнээс бусад нь хөгжөөгүй төрийн түшээд, эрхтэй, дархтай дээдэстэй байх гэж үү! Төрийн явдал, улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдрал "хэвтээ" байдалд байна. Хэвтэж байгаа хүний толгой бусад эрхтнүүдээсээ өндөр байж чаддаггүй биз дээ!

Байгаа байдлыг өөр өөрийн харж байгаа өнцгөөс янз бүрээр сайнтай муутай нь хэлэх хялбар зүйл.... Харин алдагдсан итгэл ахиад иртлээ, урт хугацаа орно. Итгэлийг алдахад нэг эгшин ч хангалтай. Хууртаад алдчихсан итгэл, "худалдчихсан" итгэлийн хариу ирэхгүй л дээ!

Өөрт үлдсэн өчүүхэн ч атугай, итгэлээ хайрлаж их итгэлийг өрх гэр, үр хүүхэд өөрийн гэсэн бүхэндээ "хиймэл" аргаар бус бодитойгоор суулгаж байя! гэж би ард түмэндээ хэлэх гэсэн юм. Бид итгэлтэй байж урагшилна. Итгэл үнэмшил - хөдөлгөөний хөдөлгүүр. Төрийг түшиж буй эрх мэдэлтнүүд, бидний итгэлийн "бүтээгдэхүүнүүд" бидний сэтгэлийн талбайд итгэлийн үр тарьж чадахгүй байна. Итгэлийг эд нар импорт болон зээл тусламжаар авчирч өгч байна гэж боддог ч байж мэднэ. Үгүй дээ. Итгэл үнэмшил зөвхөн тархин дотор л ургана.

Итгэл үнэмшлийг бид өөрсдөө Монгол орон эхлэх цэг, хүн эхлэх цэгт тарья. Эх орны эхлэх нэгж гэр бүлдээ, итгэл үнэмшил, зориг эрмэлзэл, бусдаас горьдолгүй, бусдад атаархалгүй, зорилго идэвх зүтгэл гаргаж, ариун шударгыг эрхэмлэх цаг ирлээ.

Бид төр, засгийн эрх баригчид, эрх мэдэлтнүүдээс тэтгэмж, хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө өгсөнгүй гэх мэтчилэн юм нэхэхээ больё. Энэ бүхэн чинь нидэр дээрээ ард түмэн санаж сэдэж хүссэн юм биш. Сонгуулийн өмнө намууд, нэр дэвшигчдийн бие биенээсээ өрсөлдөн зохиож бидэнд уншуулсан "зөгнөлт роман"-ы хэсэг байсан. Зүгээр итгэлээ өгснийхөө хариу итгэлийг л нэхье! Бидний итгэлийг хэрхэн дааж байгаагийн үр дүнг нэхье. Энэ хорвоогийн үймээн шуугиан, дайн тулааны ихэнх нь итгэл эвдсэнээс эхэлсэн байдаг! Бид хашгирч, жагсаж, үймүүлэхээ ч болчихьё л доо! Маргааш үр дүнг нь үзэх гэж адгасан тэмцэл бидэнд хэрэг алга... "Их амгалангаар бүтэн байхыг хожно" гэсэн эртний монгол мэргэдийн сургаалийг саная! Эд нар маань хийж чадахгүй ажлаа хийг!

Ардчилал бидэнд цочир ирсэн шигээ, тэсэрсэн их үр дүн авчирсан. Ардчиллын энэ чөлөөт орон зайг бас хуйвалдах, авилгач сэтгэл, хэмжээгүй шунал, эмх замбараагүй эдэлж болохгүй эрх чөлөө бас "хормойдож" ирсэн.

Хүний эрх чөлөө, аж амьдралд шууд нөлөөлсөн чөлөөт боломж, тогтолцооны өөрчлөлт, зэргийг өлссөн хүн юуг ч хамаагүй үмхэлдэг шиг "бохир" эдэлсэн алдаа бидэнд буй. Монгол хүн буруугаа хүлээж чаддаг, уламжлалд хатаагдсан.

Монгол орон цаглашгүйд, ардчилсан төртэй улс байна гэдэгт, парламентын засагтай байх уу? Ерөнхийлөгчийн засагтай улс байх уу? гэдэг эргэлзээнээс илүү итгэлтэй байна. Ойрын жилүүдэд Монголын амьдралд тохиосон ийм л нэг итгэл үнэмшил үлдэх шив!

II
Би захидлынхаа эхэнд нэгэн идэвхгүй ч юм шиг ишлэл авсан. Энэ ишлэл хүн болж төрсний хохийг дуудсан мэт санагдана. Гэхдээ энэ бол гашуун үнэн! Энэ үгний цаана нэгэнт хүн болж төрснийх амьдарсан шиг амьдар! гэсэн далд хэмнэл сонсогдоод байх шиг... Миний эх оронд тэнэглэхийн болон хэрэглээний үнэ тэнгэрт хадаж, хүн хэмээх бодгаль, оюуны үнэ шалдаа бууж байна. Төрж байгаа хүүхдийн тоо үхэгсдээс олон байгаа нь мэдээж.

Гэвч үхэгсдийн тоо урьдах он жилүүдийн тоон үзүүлэлтээс олон болсоор байна. Бид цөөхүүлээ шүү дээ! Тоогоор илэрхийлж болохгүй үнэтэй бодгаль бол хүн. Амьд, эрүүл байхын шалтгааны ихэнхийг хүн өөрөө шийддэг тул, төр, засаг, өрхийн эмнэлэг хоёроор хайрлуулах гээд "эрлэгийн маани ёо ёо"-г уншаад хэвтээд баймааргүй байна. Иймийн тулд бид доорх шалтгуудыг тэвчмээр...

* Бор дарсанд шунан автаж, түүний дон шидээр биесийг хөнөөх, гэмтээх, тарчилгах, тамлах, өөрөө эндэх
* Алиа завхайд хормой сөхөж, биеийг бузарлаж цусыг булингартуулах
* Атаа хорслыг биеийн дотор ирлэж, хутган үймүүлж, илдээр бус сэтгэлээр нэгнийг хөнөөх
* Өндөр хэргэм, эрхэм зэрэгт шүлэнгэтэн өөрөөс илүү хүмүүнийг золиослох
* Өтгөсийг асарч, нялхсыг энэрэхгүй байх...
* Бусдаас баян байхад дурлаж, бирдийн чанарт хувирч өөрийн мөнх бусыг эс мэдэх
* Аав ээж, ахан дүүсийн хэвт ёсыг нягт дагаж эх захтай байх! Эрүүлийг эрхэмлэх... гээд хүн байхын олон шалтгууд байх.

Энэ шалтгуудыг би айлдаад байгаа юм биш. Дээдсийн сургааль, хаадын лүндэн, хууль цаазын бичиг, судар бичиг лугаа хэлэлцсэнийг түүн чуулуулсан хэрэг. Бас өнөөд хэрэгтэйг түүсэн, ялимгүй засаж тэнэглэн хөндсөн болой! Намайг уучил! Монгол орон, Монголын ард түмэн надаас эхэлдэг хэмээн хүн бүр бодож, хүмүүний үнийг өндөрт өргөж, миний буруу, миний алдаа Монголын алдаа болно хэмээн эмээн хичээж, би сайн явбал Монгол минь сайхан байна гэж дэврүүн бодож явалтай.

Төр, засаг, хүний үнэ цэнэ, эрүүл мэнд, амьдрах боломжид хандах манатай, сэнтий, эрх мэдэл, хэн нь хэнээсээ дээр болохоо үзэлцээд, хэрэлдээд зав алга бололтой. Шуудхан хэлэхэд ард түмэн "орны хөндийд" ойчно гэгч болох нь. Орны хөндийд ойчсон хүүхдийн тархи хөдөлдөг...

Биднийг бодох байтугай, бие биенээ яахаа шийдэж чадахгүй сандарна аж... Тэнд яахаараа эвлэж чаддаггүй авир ааш, мэдлэг боловсрол, хүн чанар, ухаан цугладаг байна аа? Ард түмэн та нартаа тэвчээртэй, хүлээцтэй мөн чанараа хадгалсаар байгаад би баярладаг. Эрхтэн дархтанууд маань харин тэвчээртэй байна гэдэг тэсгэлгүй зангаа нууж байгаа урлаг... гэж бодоод байгаа юм биш байгаа. Тэвчээрт хязгаар бас байдаг шүү! Сүүлийн үед ард түмний дуу хоолойг сонсохдоо чих нь хатуу байна. Арга ч үгүй байх, хоорондоо чанга дуугарч асуудлыг шийдэх юм. Бид ард түмнээ сонсоно гэж их хэлдэг нь худлаа. Ард түмний үгийг чихний "хясаа" нь сонссон дүр эсгэж дотоод чих нь сонсдоггүй!

Хүн нь үнэгүй юм чинь дуу хоолойг нь хэн ч сонсох вэ дээ! Төр, засаг ийм тааруухан байхад ард түмэн минь бид хичээе л гэж би хэлээд байгаа ухаантай юм... Ард түмэн биеэр эрүүл байхаас гадна оюунаар, сэтгэлээр эрүүл байх ёстой сон... Одоо ард түмний өмнө "Яах вэ?" гэсэн үгээр илэрхийлэгдэх, асуултын тэмдэг зогсож байна. Асуултын тэмдэг дээшээ харж байхдаа асуултын тэмдэг, хэрвээ уруу нь эргүүлчих юм бол дүүжлүүрийн дэгээ шиг харагддаг. Ард түмэн гэдэг толгод юм бол төр барьж байгаа хүмүүс уул юм. Толгод байгаадаа, уул өндөр харагддаг нь толгод уулаа өргөж өндөр болгосон хэрэг. Уул бас толгодоо нөмөрлөж байдаг. Нэг сурвалжлагч надаас “Бид ер нь хаашаа явж байна” гэж бурантаг сугсарсан “Би оньсого таах гэж явнаа” л гэж хариулсан. Нэгэн жишээ сөхье!

Монгол олон сайн хүн үрэгдсэн ослын дараа, амьд гарсан, хацар нь шалбарах төдий бэртсэн, сэтгэл нь цочролд орсон ганц сурвалжлагчаа авах гэж Хятадын засгийн газар бүтэн онгоц хоосон нисгэж байсан Бид тэгэхэд Солонгост ажиллаж байгаад өөд болсон хүнийхээ шарилыг ч авчирч чадахгүй аав ээж, ахан дүүс нь нулимсанд дэвтэж явдаг. Монгол минь Хятад шиг хэдэн дүнчүүр хүнтэй биш.

Одоохондоо Хятад шиг тийм боломж байдаггүй л дээ! Гэхдээ төрөөс хандсан сэтгэл байж болноо доо! Монгол хүний "суу" ( ген ) өөртөө битгий хэл дэлхийд үнэтэй. Би энэ үгийг хэрвээ чаддагсан бол дэлхийг цочтол. хашгирмаар байна. Өчүүхэн жижгээс эхлээд агуу ихийг хүртэлх бүх юм төрийн дор оршдог. Усанд унасан хүнийг хөвөөд гараад ирэхээрээ утасдаарай! Бид аварна! гэдэг төр байж болмооргүй. Усанд унасан хүн амь тавьсан хойноо хөвж гарч ирдэг.

Хүмүүнийг хэчнээн ойшоохгүй он цаг байлаа ч ард түмэн, тэр тусмаа олон зууны төрт ёстой монгол түмэн төрөө сүлдлэн хайрлана. Тухайн он цагийн бусчир явдлуудаас ард түмэн төрөө цэвэр ариунаар авч гардаг түүхтэй. Төр хэмээх хоосон чанар атлаа агуу мөнхийн чанарыг тухайн цагийн хаад буюу тэнэгүүдтэй хамт оршуулдаггүй. Ухаант ард түмэн минь монгол төрөө хайрлан хүндэтгэхээс татгалзах эрх бидэнд байхгүй. Төр минь хүнээ л хайрла!

III
Төр байсан цагт, гэрэл сүүдрийн тэнцлийг тэгшитгэгч хууль байдаг. Өнөөгийн хууль хууль биш болсон гээд л ярих юм. Би энэ тухай огтхон ч дурсмааргүй байна. Зөвхөн ял, зэм хоёрын дунд зөөлөвч, авлига үйлчилж болдоггүй гэдгийг л мэднэ. Монголын эртний хууль цааз авлигач түшмэдэд хатуу ханддаг байсан юм билээ... Одоогийн цагт бол, мэдэгдээгүй авлигач нь дэв ахидаг болсон гэж ярих юм билээ.

Биеэр амссан, нүдээр үзсэнээ л ярьдаг байх гэж би "битүү" итгэдэг. Нэгэнт миний захидал ард түмэндээ хаягласан болохоор би өөр нэгэн хуулийн тухай ярих гэсэн юм. Монгол хүн болгон өөртөө дотоод хуультай гэж би боддог. Төрийн зүгээс бус, амьдрал хэмээх их мөрний эрэг гэмээр чанадын хууль байх шиг байдаг. Хүмүүн эхээс төрөхдөө "монгол цусны" хуулийг авч төрдөг. Тэр хууль нь хөх тамгатай...

Хувь хүмүүний дотоод хууль гэгч монгол уламжлал ёс заншил аав ээжийн сургамж, сургааль, ахан дүүс, сайн хүний жишиг, хайрлахын их сэтгэл энэ хуулийг хүний биед шингээж өгдөг юм шиг байгаа юм. Хүний өссөн орчин уул хүнд хуулийн "хичээлийг" заадаг. Тэнд эрүү, иргэний, байгаль орчны, соёлын, төрт ёсны хуулийн энгийн атлаа анхан сэдвүүд багтдаг юм билээ. Уул хуулийн өгүүлбэрт "хорьсугай, цаазал" гэсэн үт огт үгүй. "Тэгж болохгүй, тэгж бай, тэрнийг хайрлаж бай" гэхчилэн зөөлөн үнэн үгээр дүүрэн байдаг. Энэ бүхэн хар багаас нь яс маханд шингэсэн хууль болдог аж...

Энэ дундуураа хэдэн жишээ үглэж таныг чилээе! Нутгийн минь нэгэн өвгөн надад: Хэчнээн их архи уусан гэлээ ч аяга зөв барьж байгаа хүн агсам тавьдаггүй юм гэж хэлж билээ. Одоо бодоход тэр согтуу хүнд дотоод хууль нь үйлчилж байгаа хэрэг байж... Ямар ч үед идээний дээжтэй аягаа зөв барьж ууж бай! гэж аав ээж нь ч юмуу, хэн нэгэн нь хэлж л дээ! Ингэснээрээ монгол ухаан, нохойн идүүрээс аяга хүндтэйг салгаж өгч...

-Чи ядахдаа - уулаа уулаа! гэхэд унь сөхрүүлдэггүй архичин... байл даа! гэж хүүдээ хэлж байгаа эцэг хүнийг сонссон. Энэ чинь нөгөө дотоод хуулиа ярьж байна. Монголчууд залхуу хүүхдээ нойтон харгана түүгээд ирэхэд -ургаж байгаа харгана тасаллаа, гал хилэгнэнэ гэж зэмлэхийг үзсэн. Энэ чинь байгаль орчныг хамгаалах хуулийн хичээл зааж байгаа нь энэ.

Аж байдлын болон амьдралын олон болох болохгүйг биедээ шингээсэн монгол хүн өөрийн дотоод хатуу хуультай юм байна гэж бодсон. Ёс заншил - хүндэтгэх хууль болдог сургаал бол "гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ" гэж одоогийн яриад байгаа үйл ажиллагаа байж... Явах суух, нүүх буух бүгд л бичигдээгүй хуультай ард түмэн. Энэ дотоод хуулийг нэмж засварлаагүй, дагаж мөрдөж л яваа... Бид өнөөдөр "эцэг" Үндсэн хуулиа өдөр бүхэн шинэ мэтэд дагаж мөрдөхийн оронд өдөр болгон засварлах гэж давшлах юм. Хуулийг мөрдөж байж, засварладаг болохоос, мөрдөж чадахгүй байж засварлах гэж юу байсийм бэ?

Бидний тотьчилон дурддаг Америк аль Жефферсоны үеийн Үндсэн хуулиа тогтвортой мөрдөж байгаа. Хуулийг он цаг өөрөө засварладаг болохоос, орсон гарсан тухайн хүмүүсийн таашаал, ашиг сонирхол засдаггүй бололтой. Улс орны амьдралын хамгийн хоосон зай бол, учраа үл ололцсон, үл ойлголцсон хугацаа байдаг. Монголчууд эртний их хүчирхэг хуулийг бүтээсэн ард түмэн учраас хууль хийхдээ мулгуу биш гэж боддог.

Монгол хуулийн уламжлалыг өнөөгийн хуулиудыг хийхдээ орхиж омтгойдсон алдаа бидэнд байдаг болов уу? Эрдэмт мэргэд энэ өгүүлбэрийг дэлхийчлэлийн жишиг тийм гэж намайг буруутгах байх... Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд түмэн минь бид чинь өөрийн дотоод хуулиа жаахан умартаж, төрийн хуульд өртөмтгий болчихсон юм биш үү! Гэр бүлийн дотор, ахан дүүсийн харилцаанд, амьдрал дунд бие сэтгэлийг төв төвшин авч явахын тулд хувь хүн бүр өөрийн дотоод хуулиа чангатгавал яасан юм бэ?

Төрөлх яс махны тэр "дотор" хуулиа даган хичээвээс олон гаж тохиолдол, гэмт үйлээс өөрийгөө аврах бус уу? хэмээн би мунхаглаж боддог... Миний энэ захидалд дурдсаныг уншаад сурган хүмүүжүүлэх ухааны болон бусад мэргэжлийн номч хүмүүс, хүн төлөвшүүлэх, сургааль, санамж, зан заншлын мэдэгдэхүүнийг "хууль" хэмээлээ... гэж тохуутан инээх биз! Сургааль, ёс заншил, дэг ёсыг номлодог. Дэс ёсыг сахиулахын тулд хуулийг үүддэг учраас би ийнхүү хүмүүний "дотоод" хууль гэж хэлээд байгаа юм.

Үүнээс үүдэн хүн бүхэн өөрийн болж шингэсэн хуультай. Тэр анхдагч унаган хуулиа сахин биелүүлж чадахгүй юм бол яаж төрийн хуулийг сахиж чадах вэ дээ! Хувь хүн өөрийн дотоод хуулиа сахиснаар үгүйдээ зарчим, амьдралын чиг шугам бүрэлдэн тогтоно шүү дээ. Хүний ёсыг сахина гэдэг нь өөрийн дотоод хуулиа сахина гэсэнтэй агаар нэгэн ажээ. Биднийг өсгөлцсөн энэ "дотоод" хуульд мэс болон зэвсэгтэй харьцах, байгаль орчин, ан амьтан, адуу малтай харьцах бүхий л сэдэв буй.

Сэтгэлийн амар амгалан эдэлж уужуу тайван ухаантай амьдрахын учир утгыг хүртэл тэнд номлодог. Эцсийн эцэст сэтгэлийн амгалан гэдэг "хаан амгалан" билээ. Сайн муу гэгдэх аль ч он цагт бид өөрсдөө л өнгөтэй өөдтэй явахын зорилго тавих ёстой. Энэ зүтгэл чинь Монгол улсын төлөө зүтгэж байгаа зүтгэл. Нэг монгол хүн боловч, "Монгол Улс" юм шүү. Ёс жудаг өндөр, сүү үнэртсэн ард түмэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ард түмэндээ мэхийн ёсолсон Бавуугийн Лхагвасүрэн!

0 comments:

Хайвал олно


Архив