Н.САРАНГЭРЭЛ (2007-11-15) "Өнөөдөр" сонин
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзахаар театрт нь очлоо. Эмгэнэлт ослын хар мэдээ Монгол даяар тарсан тэр өдрийн сүүдэр найрагчийг ч бас дайрч. Даралт ихдээд эм ууж байна гэхдээ өвөлжөө, хаваржаа асууж, ажил төрөл сурагладаг зангаа огт мартсан аятай.
Эрхэм гишүүний амь үрэгдсэн тухай Лхагвасүрэн гуай “Очиж очиж Наранцацралт байхдаа яах вэ дээ” хэмээв. Бурхнаас харамласан сэтгэлээ тэр ийн илэрхийлсэн юм. Имрэхэд ширхэг нь мэдрэгддэг эр хүн байсан юм даа гээд уртаар санаа алдан тамхиа шившив.
-Та ойрд нэг л нам гүм байх чинь?
-Ажлаа л хийж байна. Маргааш Хайлаар явлаа. Манай театрынхан Өвөр Монголын хойд аймгуудаар айлчлан тоглолт хийх юм. Энд тоглодог жүжгүүдээ үзүүлнэ гээд ажил мундахгүй л байна. Улсын драмын эрдмийн театрын удирдлага өршөөж хандлага үзүүлбээс “Сарны цагаан цус” нэртэй том эмгэнэлт жүжгээ тавих санаа байна. Одоогоор тайзны зураг эскизний ажилдаа ороод байгаа.
-Найруулагч нь хэн байх вэ?
-“Тамгагүй төр” жүжгийг найруулсан Найдандорж. Түүнийг Монголын театр үгүйлэхээр хэдэн жил хол хөндий байсан. Энэ жүжгийг тавихаар болсонд нь театрын уран бүтээлчид баяртай байх шиг байна лээ.
-Юуны тухай үзүүлэхийг зорио вэ, та жүжгээрээ?
-Төрт ёсны тухай жүжиг юм. Би ер нь төрийн тухай эмгэнэлт жүжиг нэлээд хэдийг бичсэн. Түүний дотроос “Тамгагүй төр”-ийн минь дайтай, арай л даацтай нь хэмээн хувьдаа бодож байгаа шүү, энийгээ. Үйл явдал нь эхийгээ алсан хүн хаан сууж байгаа тухай юм. Ертөнцийн явдал дотроос шилж авсан үйл явдал, сэтгэлээрээ тунгаасан зохиож баяжуулсан бүхэн нэгэн цогц болж гайгүй бүтээл төрдөг шиг байгаа юм. Энэ жүжгээрээ төрийн тухай л дуугаръя гэж бодож байгаа. Дуугарна гэдэг хашгирахын нэр биш. Хамаагүй чарлаж, тэлчилж, бачимдахын нэр ч биш.
-Төрт ёс гэхээр үзэгчдэд тийм их таалагдах болов уу?
-Үзэгчдэд таалагдана уу, таалагдахгүй байна уу энэ өөр хэрэг. Гэхдээ тэндээс төрийн мөн чанарын тухай мөр үг ч болсон тэмтэрвэл хүнд өгч байгаа миний буян тэр. Ер нь энэ он цаг маань надад хэзээ ч ухаангүй инээсэн, ухаангүй баярласан тийм бүтээл хийх зав өгөхгүй байна. Үзээд бодох юмгүй, уншаад үлдэх юмгүй бүтээлд тэртээ тэргүй хүмүүс дургүй шиг бичиж байгаа хүн нь бас дургүй байх ёстой юм шиг байна.
Би бол нэг их сүйд болсон, хүний сэтгэлд хоногшсон бүтээл хийчихээгүй ч гэсэн хүмүүсийн өмнө ард түмнийхээ өмнө муу юм хийх эрхгүй болтлоо хайр хишгийг нь хүртсэн. Тэгэхээр миний бодох, бүтээхийн зовлон гэдэг бүтээд баярласнаасаа хэд дахин илүү байдаг шиг санагддаг. Энэ жүжгээ их горьдон хүлээж байна. Тайзан дээр ямар болох бол гээд хүүхэд шиг л сэтгэл догдолж байна. Яагаад гэвэл хүн чинь гайгүй болсон доо гэсэн зүйлийнхээ үр дүнг их харах юм. Яг л гайгүй хүн болно доо гэж бодсон хүүгээ хөл хучина даа гэж горьддог шиг. Нэг ийм л юм бодож суух юм. Энэ жүжиг минь гарчихвал тоож үзсэн хүн болгонд хэрэг болох байгаа гэж бодож байгаа.
-Жүжигчдээ сонгосон уу?
-Тэр бол найруулагчийн бүрэн эрх.
-Танд тэрнийг л тоглуулахсан гэсэн бодол алга гэж үү?
-Үгүй би тийм юманд оролцдоггүй. Хэрвээ л хэн нэгэнд зориулж бичээгүй л бол шүү дээ. Ухаандаа “Хүйтэн сэнтий” жүжгийнхээ шанзодва Бадамдорж, “Тамгагүй төр”-ийнхөө Арчуг хааныг би Жамсранжавт зориулсан. Миний “Тамгагүй төр”, миний “Хүйтэн сэнтий” Жамсранжавтай хамт үхсэн. Түүн шиг тоглох жүжигчин байхгүй.
-Төрийг эмгэнэлээс өөрөөр үзүүлэх сэтгэлд тань багтахгүй байна уу, эсвэл?
-Би эмгэнэлт жүжгийг үнэний их боломж гэж үздэг. Магадгүй эмгэнэлийн үнэн инээдмийн үнэнээс илүү юм. Тэгээд энэ төрлийг сонгосон хэрэг. Хүн асуух байх л даа. Нулимс нь илүү, инээд бага агуулгатай биш шүү дээ гэж. Эмгэнэл гэдэг сэтгэлийн уруу зураасны туйл мөртлөө өгсөх зураасны эхлэл гэж бодоод л эмгэнэлт жүжиг бичих гэж сонгосон юм даа. Ерөөсөө ертөнц, төр ч гэсэн агуу их гурвалжин юм. Түүнийг хэвтээ байдлаар эдлээд байгаа болохоор бухимдлаар дүүрэн байгаа. Энэ гурвалжинг босгох хэрэгтэй.
-Тэр гурвалжинг босгоход юу хэрэгтэй юм бэ?
-Ухаан, сэтгэлгээ, чин сэтгэл, хүн чанар гээд орохгүй юм байхгүй л дээ. Ачаа татахад олс, “хүн мод” хэрэгтэй болдог шиг.
-Монгол төрийн гурвалжинг босгоход тэр юм юмнаас юу нь илүү дутаж байна?
-Бидэнд өнөөдөр ард түмнээ тоохоо больсон төр, төрөө тоохоо больсон ард түмэн, бие биеэ үл тоомсорлосон, хүндэтгэхээ байсан, бие биедээ гомдсон, бие биеийнхээ бузар булайг гайхсан энэ он цаг л биднийг босгохгүй байхад хүргэж байна. Бүгдэд таалагдсан төр хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй. Гэхдээ ядаж төр байгаа гэдгийг баталж чаддаг түшээд, түүнийгээ зөв ойлгодог, ажлыг нь хийлгэдэг тэвчээртэй сэтгэлтэй ард түмэн байгаасай л гэж боддог.
-Манай төр ямар байна вэ?
-Монголд төр бий. Байх нь байтугай оршиж байна. Гэхдээ төр, төр гэж гэж ярихад би дургүй. Төрийг түшиж байгаа хүнийг харин ярьж болно. Төр гэдэг хүн болгоны хэлний үзүүрт нулимуулаад байдаг эд биш. Төр гэдэг чинь агуу юм. Би юуны түрүүнд хүмүүсийн сонголтын дур зоргын тухай яримаар санагдаж байна. Сонгогчид гэдэг өөрийн дур зоргыг эдлэхээс гадна өөрийн гэсэн бодолтой, эрх чөлөөгөө наймаалдаггүй цөлх сэтгэлгээгээр төр барих хүнээ тодруулдаг сонголтод суралцмаар байгаа юм. Бид сонголтынхоо бурууг эргэж эдлэхдээ өөртөө буруу хүлээлгэдэггүй, сонгогдсон хүнээ буруутгадаг.
-Тэднийг хэн ийм байдалд хүргэв?
-Сонгуулийн энэ бүдүүлэг, цоорхойтой хууль, сонгуулийн үеэр явагддаг энэ муухай булхай, өөрийнхөө бурууг хүнд тохоход хүргэж байгаа юм. Явж явж энэ бол сонголтын буруу.
-2008 оны сонгууль мөнгөнийх болно, мөнгөтэй хүн л төрд гарах нь гээд яриад байгаа шүү дээ?
-Мөнгөтэй хүн сонгогдох гэж явж болно. Мөнгөөрөө түрий бариад толгойгоо биш түрийвчээ сонгуулах гээд байгааг алийг хэлж барах вэ дээ. Мөнгөнд саналаа өгөхгүй гэсэн хатуу бодолтой байх хэрэгтэй. Баян хүний мөнгийг зөвшөөрөх гэж яараад байгаадаа мөнгөний сонгууль болно гээд байгаа юм уу. Бид өнөөдөр мөнгөний сонгууль болно гэж ярьж байгаа бол мөнгө олдох болов уу гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна.
-Байж байгаад л засаг солигддогт бид бараг дасч орхижээ. Уг нь засаг тогтвортой байвал төр хүчирхэг байх боломжтой биш үү?
-Тухайн үеийн төр, засгийг барьж байгаа хүмүүс дандаа цаг зуурынх байдаг. Манай нөхцөлд солигдох хугацаа нь арай ойрхон байна уу даа. Яагаад гэвэл цаашдын хөгжил явцад холио бүлээ орчихоороо алаглаад улс орон өөдтэй ч урагшилж өгөхгүй, хүн нь солигдоод л байдаг. Би тэгэхээр цаг нь болоод тэнгэрийн тааллаар эднийг солигдлоо гэж бодохгүй байна. Чадахгүй болоод солигдож байгаад нь огт эргэлздэггүй. Их хурал өнөөдөр ажлаа хийж чадаж байна гэх ямар ч үндэс алга. Бүтэн хоёр гурван жил өөдтэй хууль ч хэлэлцсэнгүй. Дандаа өнгөрснөө ярьж бие биеэ хэмлэж, саах нийлэхийн хооронд айлын авгачууд цуглаж хов ярьж байгаа аятай л байв. Юу ч хийсэнгүй. Хийгээгүй улсыг солих ч багадана.
-Хийсэн юмгүй баахан улсын царай харж сууснаас нэг хүнд эрх мэдлийг нь өгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болчихъё гэх хүн таардаг. Та үүнийг юу гэж үздэг вэ?
-Их тэнэг хүнд эрхийн төвлөрөл өгчихвөл таарахгүй. Энэ улсад Ерөнхийлөгчийн засаглалтай төрийг аваад явах хүн нь төрөөгүй , эсвэл үхсэн байх. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглал Монголын өнөөгийн нөхцөлд огт зохихгүй. Би Ерөнхийлөгчийн засаглалын төлөө хөдөлгөөн ч гаргадаг юм бил үү гэж бодож байсан шүү.
Гэвч бодоод байсан чинь тийм засаг ойрын он цагт манайд тохирохгүй юм байна лээ. Тийм болохоор парламентын засаглалтайгаа л байя. Харин жаахан өөрчлөлт хийх хэрэгтэй юм. Их хурлын хуульд өөрчлөлт оруулах. Тухайлбал, парламентыг дээд, доод танхимтай болгомоор байна. Богд хаант засгийн үед дээд, доод танхим гэж байсан. Монгол төрийн уламжлалт ёс руугаа жаахан өнгийж хармаар л байна. Өөрийнхөөрөө хийсэн байна шүү эд нар, төрийн зохион байгуулалтаа гэхээр юм хийж чаддаггүй л юм байх даа. Дандаа загварын зээл хийдэг. Мөнгөний зээл, сэтгэлгээний зээл, эрх тушаалын зээл гээд зээлдэхгүй юмгүй болсон. Ийм болохоор л Ерөнхийлөгчийн засаглалд одоохондоо дуртай биш байна.
-Та төрт ёсны тухай жүжиг нэг бишийг бичсэн. Энэ талаар нэлээд судалсан байж таарна. Бидэнд сонгодог төртэй байсан үе байна уу?
-Миний уншсан дотор сонгодог төр гэж тээглэж байгаагүй юм байна. Төр үргэлжилж байсан гэдгийг бол мэднэ. Төр мөнхийн учраас мөнх бус хүнээр хэлхээгээ залгаж төгсгөлгүй үргэлжилдэг. Төрийн доторх мөнх бусчуудын хийж байгаа шалдир булдир, бусчир мунхгаас болж буурч байсан цаг бол бий. Төрийн буурах, мандахыг ярихаас төр тэр үед сайн, энэ үед муу байсан гэдэггүй.
Төрийг бүрэлдүүлж байсан хүмүүс нь өөрсдийгөө дүгнэдэг байсан учраас их өрөөсгөл байсан байх. Төрийн цэвэр цэмцгэр байх, төрийн хатуу байх, энэрэнгүй байх гээд байх ёстой зүйлүүдийн ихэнх нь алдагдсан цаг үеийг л төр сул байсан үе гэж хэлдэг шиг байгаа юм. Түүхэндээ, уламжлалдаа ойрхон, ирээдүй, өнөөдрийг харсан гурван цагийн байж чадсан хэвийн төрийг л сайхан байжээ гэж хөгшид дуу алддаг. Явж явж ард түмэн нь амар амгалан, ард түмэн нь үнэтэй байсан, төр нь төр шиг байсан үеийг л сонгодог гэх байх.
-Та МАХН-даа байгаа юу?
-2000 онд үзэл бодол таарахгүй учраас батлахаа өгсөн. Өөр намд ороогүй. Санал тавьдаг нам байдаг л юм. Би хүсэхгүй байна. Намгүй дуусъя. Миний эцэг тавин хэдэн жил батлахыг нь өвөртөлснийг бодож МАХН-ын алдаа оноог дуулгахаас муу хэлэх эрхгүй хүн гэж боддог, би өөрийгөө. МАХН-д хэлэх үгээ ч хэлчихдэг. Намын 25 дугаар их хурлын илтгэлийг сонсож суухад таагүй өгүүлбэр дуулдаж л байсан. Хэлмэгдлийн үед МАХН байгаагүй гэж хэлнэ лээ. Хэлмэгдсэн хүний өвөрт ч, буудсан хүний халаасанд ч энэ намын батлах явсан. Хаана намын гишүүн байна тэнд нам байх ёстой. Тэгэхээр буруугаа хүлээж, зөвийг хийж чаддаг байх хэрэгтэй юм даа. Буруугийнхаа төлөө уучлал эрж чаддаг бол ард түмний зовлон бага ч бол хугасрахсан даа. Энэ мэтчилэнгээр “агаарын” тэнэг юм ярьж болохгүй гэж бодогдож байсан.
-Хэлсэн үгийг тань улстөрчид хэр хүлээж авч байх юм?
-Би телевизээр ч, сонингоор ч ярих л юм. Миний үгийг аль аль нь сонсдог байх. Үүнийг ялимгүй хүндэтгэлтэй хандаж байгаагаар нь мэдэрч болдог. Хүнтэй уулзахад андашгүй. Би энд тэнд очиж хашгичаад явахгүй юм. Эндээ суугаад юмаа хийж байдаг. Ярилцлаганы дараа утасдаад, эсвэл бичсэнийг минь хайчлаад хадгалчихсан байгаатай олон л таарсан. Сүмийн гадаа хуцах нохойг сүмийн дотор эс сонсоно гэдэг ч сонсдог хүн байдаг л юм байна гэж ялихгүй баярладаг. Хүнд хэрэгтэй үг хааяа хэлдэг юм болов уу гэж. Түүнээс над мэтийн үгэнд орж ажлаа явуулна гэж юу байх вэ. Одоо бол хүн хүнийхээ үгэнд орохоо больсон цаг. Үгэнд биш ховонд ордог болсон.
-Та төр барьж буй хүмүүст хандсан зүйл бичдэг байснаа сүүлийн үед дуугарахаа больжээ?
-Олон хэлбэл улиг болно. Амьддаа хүнд тээр болохгүй амьдаръя гэж бодох юм. Хааяа ч арга буюу дуугармаар болох л юм. Би “Think thank” гэж хөгжилтэй орнуудад байдаг сэтгэлгээний нийгэмлэгийг байгуулах тухай сонинд бичсэн. Тэгсэн хэсэг хүн үүнийг өлгөж аваад өөрсдөө яаран сандран байгуулав. Тэр бол миний санаа юм. Өөрөөр хэлбэл, миний санаачилсан эрхийг авч байж тэд хийнэ л дээ. Тэгэхээр би түүнийг нь өгөлгүйгээр өөрөө босгоно, оны өмнө энэ нийгэмлэгийг зарлана. Сэтгэх хүчний нийгэмлэг гэдэг Монголын оюунлиг элитүүдийг тэргүүлэгчээрээ сонгоод, хатуу гишүүнчлэлгүй ямар ч хүн орж бас гарч болдог, төр түмэн, хоёр биедээ хүргэх үгнийх нь гүүр байх юм.
-Төрд хүрэх гүүр болно гэхээр таныг алсдаа нам байгуулж, улс төрд орох нь гэж бодох хүн гарах л байх даа.
-Бид нам болохгүй, бас гудамжинд жагсаж цуглахгүй. Алив нэг нам хүчинд харьяалагдаж байж хүн хүчтэй болдог юм биш. Сэтгэлгээ гэдэг буй байгаа газартаа хүчтэй. Энгийн үйл хөдлөлөөс төрийн хэрэг явдал хүртэл нөлөөлж чаддаг том орон зайтай. Тиймээс би сэтгэглгээг аливаа нэг хүмүүсийн бөөгнөрөл, нэг нэгийгээ таалахтай холимооргүй байна. Холих ч үгүй. Эд нарынхтай адилгүй. Дутуу бодсон юм болгон сөнөдөг.
-Сүүлийн үед улстөрчдийн ч, иргэдийн ч дунд хамгийн амттай ярианы сэдэв ашигт малтмал болсон. Тавантолгойг тэр авчихлаа, Оюутолгойг ашиглах хэрэггүй, дараа үедээ үлдээе. Нэг бол одоохон бүгдийг нь ухаж аваад хуваая гээд янз янзаар ярих юм. Та үүн дээр ямар байр суурьтай яваа вэ?
-Монгол орныг төнхөж барахгүй болов уу гэж би бодож голоо зогоодог. Яагаад гэвэл хүний алдаагаар хонхойсон газар шороог цаашид алдахгүй гэдгээр л нөхөх ёстой юм. Тэгэхээр хэтийн бодлого боловсруулах, хэт хожим нь энийг хамгаалах хүн энэ төрд гарч ирнэ гэдэгт огт эргэлздэггүй. Уг нь ядаад цөхөөд баймааргүй бараг гэрээ засахад л өөрчлөгдөх ажил шүү дээ. Их томруулаад сүйд болоод байгаагаас биш. Хуулиа засахад л өөрчлөгдөх эд. Бага алдсан дээрээ ихийгээ авч үлдэх шаардлага гарч байна. Хаа хаанаа туйлшраад, хий арзганалдаад, гарах замаа эрж байхын оронд ярих замаа олоод байдаг.
Хоёр талаас нь л яриад байх юм. Ухаан, сэтгэлгээний зөв төлөвлөлт, харилцааны зөв тэнцэл, бүр энгийн ярихад аваа өгөөний тэнцэлгүйгээс л үүдсэн маргаан. Тэрнээс өгөхөө бодчихсон, авахаа зөвшөөрчихсөн, ажиллагаа эхэлчихсэн нөхцөлд л буруу гэдэг тухай ярьж байгаа. Надад ард түмний загнаад, уурлаад байгаа нь хүү нь сайн хүлэг морио муухан гаанс юм уу, хөөрөгнөөс өгчихсөнд бухимдаад байгаатай адил санагддаг юм. Ийм энгийн юмыг шийдэж чадахгүй, эндээсээ гарч чаддаггүй. Яг угтаа хоёр талд билбүүрдээд идчихсэн улс л айгаад гацаагаад байгаа юм. Өгсөн хүний бурууг яллаж, авах ёстойгоо нэхэж чаддаггүйгээс л болдог.
-Энэ гацаанд төр буруутай биш үү?
-Манайд төр нэг үгтэй байх зарчим алдагдсаны том гэрч энэ асуудал. Төр эелдгээс гадна хатуу байх ёстой. Өнөөдөр авлигачид идлээ, уулаа л гэнэ. Гэтэл үүнийг нь зөв, буруу гээд хэлчих төр алга. Ямар ч шийдвэргүйгээс бүх юм болж байна. Төр бол хатуу шийдвэртэй байх ёстой. Монгол төрийн хүчирхэг чанар Монголын газар шороон дээр л үйлчилнэ. Тиймээс эндээ эзэн байх хэрэгтэй. Төрт ёсны хатуу шийдвэр, төрт ёсны дээрэнгүйлэл алга. Төр уг нь дээрэлхэж байх ёстой юм.
-Таны жүжигт энэ санаа гарах уу?
-Дурдагдана. Төр ихэмсэг биш эрхэмсэг орших ёстой гэж би хэд дахин ярьсан даа.
-Хүмүүс сүүлийн үед төрд орох сонирхолтой болжээ. Гэхдээ төрд үнэн сэтгэлээсээ зүтгэх гэсэндээ биш амьдралын том баталгаатай болох л гэж зүтгэдэг.
-Монголчууд ойрын жилүүдэд чадахгүйгээ хийх, мэдэхгүйгээ ярих гэдэг болчихлоо. Ядахдаа оюуны хувьд би тэнцэх болов уу гэж өөрийгөө боддог баймаар. Юмыг толгойноосоо эхэлж бодохоо байгаад бөгснөөсөө эхэлж боддог зантай болжээ. Төрд очихоор амттай хоол идэж, өөрийгөө өөд нь татна гэж бодоод байх юм. Гэхдээ ийм боломж байна гэдэг замыг хэдийнэ нээгээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, нэг гарам нээчихвэл хүн түүгээр хонио туугаад ус гатлаад байна. Хойноос нь чоно дагаад гатална биз дээ.
Түүн шиг төрд шунах тэр гармыг 1990 оноос хойш тавиад өгчихөж л дээ. Суурийг нь тавиад, аргыг нь заасан өөрөөр хэлбэл, улсуудын ярьдгаар авлигын загалмайлсан эцгүүд нь ямар ч ялгүй, бүр ханаж цадчихсан яваа. Тэдний уламжлалаар тэмүүлэгчид, шийрийг нь хатааж байгаа улс л Монголыг эдэлж байна шүү дээ. Энэ тэмцлүүд ч гэсэн инээдэмтэй. Ард түмнийг хүчирхэг биш, зориггүй, туйлбаргүй болгож байна. Ард түмнийг зөвхөн санаархагчид гэж харагдуулж байна.
Тэмцлийн замаас буцна гэдэг тэмцэж чадахгүйг баталж байна. Тэмцэж чадахгүй ард түмэн дээр хэн ч туйлна. Өөрийнхөө төлөө явсан хүн хэзээ ч ард түмэнд ашиг авчрахгүй. Ард түмний сүр хүчийг л гундааж байна. Тийм болохоор даврахаас яах вэ. Хэд хоног жагсаад л удирдаж байгаа хүн нь дээлээ сольж, орон сууцтай болоод зогсдог хөдөлгөөнүүдээс хэн айдаг юм бэ. Нохойд зайдас чулуудаж өгч байгаа юм шиг нам дарна. Дээр нь байгаа хүмүүс эднийг элэг барьж болно гэж бодоод сууж байна. Гэхдээ ард түмнийг элэг барьж болно гэж бодож суугаа хүн их л тэнэгийн шинж дээ.
-Өнөөгийн амьдралыг та шүлгээр илэрхийлбэл?
-Агуу гэгдэгч хүн шоргоолжнууд бидэн
Амь амиа зууж гүйлдээд л…
Амьдын заяаны зайд чихэлдэж цухалдаж
Ариун бүхнээ бузарлаж инээгээд л…
Ухаантай гэгдэгч хүн шоргоолжнууд бидэн
Улс болж тоглоод л …
Тэвэр жаргал, хэргэм, өнгө мөнгөнд үхэлдээд
Тэрнийхээ сүүдэрт мөнхрөх юм шиг тэнэглээд л…
Post a Comment