Р.ЧУЛУУН (2009-02-03) "Өнөөдөр" сонин
Монголын зохиолчдын байгууллагын 80 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр тэмдэглээд удаагүй байна аа. “Ямааны мах халуундаа” гэдэг эртний үгийг бодоод 80 жилийн ойгоор
сэтгэлд буусан бодлоо илэрхийлэхээр дээрх гарчгийг сонголоо.
Өгүүлж буй түүхт ойгоор зохиолч уран бүтээлчдийг төр, засгаас мялаадаг уламжлалтай. Зохиолч нарын гол шүүгч уншигч түмэн. Тэдний нэг нь үүнийг өгүүлэгч. “Танихгүй жаал”-ын зохиогчийг 80 жилээрээ энгэрээ цоолох эрэмбэтэй гэж итгэж явсан уншигчдын нэг л дээ, би. Хувь заяаны эрхээр түүнтэй нүүр хагарч танилцаад, бас нөхөрлөөд олон он улирааж яваа болохоор эрхэм зохиолчтой уулзахгүйгээр хэдэн өгүүлбэр бичих үүцтэй. Бид 1976 оноос “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлд лавтайяа хориод жил нэг дор ажиллаж таарсан юм. Монголын зохиолчийн бичсэн “Танихгүй жаал” Болгарын олон улсын “Алеко” шог өгүүллэгийн уралдаанд түрүүлэн алтан медалиар шагнуулсан тухай баярт мэдээ ирэхэд бид 1982 онд зэргэлдээ өрөөнд суудаг байв.
Шагдайн Цэнд-Аюуш уран бүтээлийн шагналаа Болгарт очиж аваад хошин шогчдын Габраво хотынхны зардлаар бүтэн сар амраад цав цагаан залуу болчихоод ирснээс хойш нэг мэдэхэд 27 жил болж байна.
Тухайн үед Монголын зохиолчдоос анх удаа олон улсын шагнал авсан тухай судлаач, түүхч нар ярьж бичиж ихээхэн шуугиж байсан ч одоо мартагджээ, янз нь. Монголын өвөрмөц анхдагчийг тодруулсан тэрхүү уралдаанд 15 орны 68 зохиолчийн 110 хошин шог өгүүллэг очсоноос шүүгчид нягтлаад “Танихгүй жаал”-ыг хамгийн шилдгээр шалгаруулсан тухай сонсоход нэн таатай санагдаж явсансан. Түүнээс хойш ч Монгол Улсын зохиолчид өнөө хүртэл дахин алтан медаль авчраагүй явааг анзаарсан хүн олонгүй бололтой.
1982 онд Шагдайн Цэнд-Аюуш Монгол Улсынхаа зохиолчдын байгууллагаас бас шагнал гардсан удаатай. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл тухайн оны шилдэг бүтээлд МЗЭ-ийн шагнал олгож байхаар шийдсэний дагуу 1964 оноос жил бүр гурав хүртэл зохиолч тэрхүү шагналыг гарддаг болсон түүх бий. “Их аяныхан” роман бичсэн Ж.Бямба, “Тогорууны цуваа” шүлгийн түүврээ хэвлүүлсэн Д.Цоодол, “Хуримын дараах өглөө” анхны номоо гаргасан Шагдайн Цэнд-Аюуш гурав 1982 онд зохиолчдын эвлэлийн шагналтны эгнээг тэлж байв. Анхны ном нь МЗЭ-ийн шагнал хүртсэн уран бүтээлчийн номын тоо өнгөрсөн жилүүдэд талийсан. Тэр шинэ номоо ихэвчлэн надад өгнө. Би заримдаа олж авна. Олж авснаа унших дуртай.
Шагдайн Цэнд-Аюушийн 26 ном лав гарчээ. “Хуримын дараах өглөө” 25 дүүтэй болсон гэсэн үг. Магадгүй илүү ч байж мэднэ.
Тоо ч яахав. Нэг л үзүүлэлт. Хошин шог зохиол бичдэг ховор авьяастан минь “Үнэн” сонинд Л.Түдэв гуайн үед “Далдын хар малгайт” шог романаа цувралаар хэвлүүлж байгаад 1989 онд ном болгон 42 мянган хувиар хэвлүүлж байлаа. Шинэ роман худалдаанд гараад төдхөн ховордсон. Нэг бүрийн үнэ нь дөрвөн төгрөг 20 мөнгө гээд бодвол 180-аад мянган төгрөг болоо биз. Тухайн үед зохиолч номын шагнал гээд 4000 төгрөг аваад баярлаж, баярлуулж байсан юмдаг. Зохиолчдын хороонд лавтайяа зуу гаруй мянган төгрөгний жийрэг болсныг үгүйсгэх аргагүй. Уншигчид ухаарсан, инээсэн нь лавтай. Нэг номыг хэдэн ч хүн уншсан байж болно. Анхны романаа залгуулаад “Хүлээх өрөөний эзэгтэй” бэсрэг хошин роман бичиж 1990 онд 30 мянган хувь хэвлүүлж явсан толгой, тэр. “Модерн шулмын хоржигнуур буюу монгол мафи” адал явдалт роман нь 2005 онд хэвлэгдэн гараад удаагүй байхад цагдаагийн нэг хурандаа,
-Шагдайн Цэнд-Аюуш гүйцэтгэх ажлын нарийн ширийн зүйлийг эвтэйхэн гаргасан байна лээ. Ямар сургууль төгссөн хүн бэ гэж байсан бол “Дан майхны хаад” эсээ роман уншигчдад бас юм юм бодуулсан нь лавтай. Чингис хаан, түүний дараах үе үеийн хаад, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, хэд хэдэн Ерөнхий сайдын алдаа оноог зохиогч өвөрмөц хэлбэр, түүхэн баримтаар сонирхолтой өгүүлсэн бий, тэр бүтээлдээ.
“Танихгүй жаал”-ын зохиогчийн бичсэн дөрвөн романы тухай тус тусад бичих зорилго тавьсангүй. Харин өгүүллэгээс тууж, роман бичитлээ өсөн торнисныг илэрхийлэхийг санаархав.
Эл эрхэм арваад жүжиг бичээд буй ч “Чонотой хөндийн хонь” номондоо зургааг нь оруулаад хэвлүүлсэн байна лээ, 2007 онд. Жүжгийн түүвэрт багтсан “Хар будаа” эмгэнэлт инээдмийн жүжгийг нэрт найруулагч Г.Доржсамбуу Драмын эрдмийн театрт өнгөрсөн зууны ерээд онд найруулан тавьж олны хүртээл болгосон буянтан билээ. Дэлгэцийн бүтээлд хүчээ сорьсоор явааг нь “Ховор хүмүүс”, “Саятан”, “Тэнэгүүдийн орон”, “Хамгийн муу цагдаа” кино ямартай ч нотолно.
Хошин шог өгүүллэгийн түүвэр зохиолыг энд тоочихоо азная. Дөнгөж 16 настайдаа анхны бүтээлээ сонинд нийтлүүлж, ид залуугаасаа Монголын зохиолчдын өвөрмөц н эрийн хуудас болж яваа Шагдайн Цэнд-Аюушийн 60 насны ой, сэтгэл хоёрдолгүй зүтгэж яваа уран бүтээлийн байгууллагын түүхт баяртай давхарлаж таарсныг мэдэхийн хувьд өгүүлж буй 80 жилийн ойгоор Цэнд-Аюушийнхаа тухай анхаарч явав. Зохиолчдын эгнээнээс арав гаруй нь түүхт ойгоороо гавьяат алдар цолоор шагнуулсныг анхалж сонсоод манай хашир багтсан байх аа гэж санаад нэрсийг сонирхтол сураггүй.
Гавьяат цолтноос арай олон зохиолчийг одон медалиар шагнах шийд гараад хоёр газар хэсэгчилж гардуулав. Мэдээг сонсоод тэдний дунд “Танихгүй жаал”-ын зохиогч гарцаагүй багтаа биз гээд сонирхтол мэдэх мэдэхгүй хэдэн зохиолчийн нэр дуулдав. Зохиолыг нь ч, зохиолчийг нь ч гадарлахын хувьд гайхасхийгээд С.Лочингийнх руу утасдаж сэтгэгдлээ ярихад,
-Д.Нацагдоржийн шагнал өгсөн байлгүй дээ хэмээн бас нэг найдвар төрүүлэв. Нээрээ тийм байх гээд чих тавиад үзсэн чинь мөн л сураггүй. Зохиолчдын ойн үеэр миний эчнээ сойсон “морь” иймэрхүү өнгөтэй өнгөрч таарав.
Уран зохиолын төлөө сэтгэл хоёрдолгүй зүтгэж яваа цөөхөн зохиолчийн нэг Шагдайн Цэнд-Аюуш. Монголын зохиолчид өндөр насны тэтгэвэрт гартлаа цалинт ажлаа хийж, шөнө орой болон амралтын цагаар зохиолоо бичсээр өвгөрдөг уламжлалтай.
Тэгвэл Шагдайн хүү сүүлийн жилүүдэд ажил хийж цалин авахгүйгээр шийдээд утга зохиолдоо бурантаглуулан хэвлэлийн үйлдвэрийнхэнтэй тохиролцож зохиолын эхээ худалдаж аж төрж явна. Түүн шиг утга зохиолоо нэгдүгээрт тавин алба ажлыг орхисон зохиолч одоохондоо шинэхэн гавьяат Г.Аюурзана л лав бий. Ийм хүмүүсийг тал бүрээр урамшуулан дэмжвэл уншигч түмэнд, нийгэмд өгөөж нь унана. Дээр Шагдайн Цэнд-Аюушийн ном, жүжиг, киноны тухай тойм төдий өгүүлэхэд ийм. Бүтээлийн нь чанар чансааг илэрхийлэх баримт нотолгоо зөндөө бүрдсэн байх учиртай. Эхлээд цээжний бангаар хэлэхэд 1975-1995 онд Монгол оронд утга зохиолын төрлөөр зарласан уралдаанд олон түрүүлж, шагналт байрт хэдэнтээ шалгарсан. Тэдгээрээс тухайн цагийн төрхийг тодотгох нэг баримт хавчуулъя.
Өнгөрсөн зууны наяад оны эхээр зарласан нэг уралдаанд Шаг.Цэнд-Аюушийн бичсэн “Хэцүү амьтан” өгүүллэг шалгаран түрүүлсэн байж билээ. Гэтэл хэвлэл утга зохиол хянах газар “Хэцүү амьтан”-ыг нийтлэхийг зөвшөөрөөгүйгээс уралдааны тэргүүн байрын шагналыг зохиолчид гардуулахдаа өмнө хэвлэгдэж байсан “Анхны томилолт” өгүүллэгийг шалгаруулснаа уралдааны шүүгч нар олонд зарласан удаа бий. Одоо эргээд бодоход зохиолчийн өөрийн бүтээл шиг хошин шог баримт болон үлджээ. Түүүний уран бүтээлд шинжлэх ухаанчаар хандсан үнэлэлт дүгнэлтийг хайвал олдох учиртай. Доктор Ш.Гүндалай “Монголын орчин үеийн шог хошин өгүүллэгийн төлөвшил, хөгжил” бүтээлдээ шог зохиолч Шагдайн Цэнд-Аюушийн бодол эргэцүүлэл, уран сэтгэмжийн дүрслэл, ур чадварыг тусгайлан анхаарч задлан шинжлээд тодорхой дүгнэлт хийсэн байдаг юм. Судлаач эрдэмтэд гарын ая даах зохиолч, зохиолыг барьж аваад үгээ хэлж үнэлгээ өгдөгт эргэлзэх юун. “Шагдайн Цэнд-Аюуш шог хошин өгүүллэгийн өгүүлэмжид гэнэтийн санамсаргүй байдал аянга мэт хурц дүрслэл шигтгэж хэтрүүлэл, давууллаар дүрийг өсгөн дэвжээж, шог хошныг унацтай нүнжигтэй хөгжөөдөг арга барилтай бөгөөд илүү дутуугүй товчхон бичлэгтэй харилцан яриа, хүүрнэх өчлийг чухалчлан дүрийг ухаан зарж бүтээснээрээ” онцлогтой хэмээн судлаач дүгнэжээ.
Судлаач эрдэмтний тодотгосон илүү дутуугүй товчхон бичлэг нь үнэтэй “амттай” содон л доо. Уншигч бид мэтэд төдийгүй судлаач эрдэмтэн нарт танигдсан, олон улсын хэмжээнд бүр залуугаасаа үнэлэгдсэн, нөр их хөдөлмөрч, олон таван үггүй, өвөрмөц авьяастай, өөрийн нь нэгэн киноны нэр шиг ховор хүнийг өнөө цагт Монголын зохиолчдын байгууллагыг толгойлж суугаа залуучууд танихаа болио юу даа. “Танихгүй жаал”-ын зохиогчийг мэдэхээ байсан эрхмүүдэд Шагдайн Цэнд-Аюуш “Танихгүй зохиолч” болох учиргүй бүтээлтэй, авьяастайг учирлах үүднээс үүнийг бичлээ. Ажил хийж яваа хүмүүс самгардан эндсэн байвал тэдний дараагийн алхам ингэсхийгээд тодорхой болно. Албан тушаалдаа эрдэн бярдаж яваа бол уншигч түмний шүүх үнэн мөнийг ялгах жамтайг Дэндэвийн Пүрэвдоржийн эмхэтгэн хэвлүүлсэн “Хар дэвтэр” номоос эхлээд илэрхийлэх гэрч мундахгүй ээ.
“Танихгүй жаал”-ын зохиогч “Танихгүй зохиолч” болсон үгүйн сургийг хүлээх үлдлээ, уншигч бидэнд.
Post a Comment