Г.Мөнхцэцэг. Хулгайллаа шүү, би чамайг

Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би

Улаахан будаг, удаан үнсэлттэй нь
Уулзуулахгүй шүү, би зүрхэндээ цоожиллоо
Хөг ордоггүй хөгжим гэж байдаггүй юм
Хөмсөг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хүүхэн болгон ямар үнэнч байх биш
Хүний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн үнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хүн ямар чам шиг төрөх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуул юу гэсийм
Үгээр ямар цадах биш дээ, би
Үнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нүдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шүү, би
Найрагчийн зүрхэнд ассан гал
Намдана л гэж үгүй дээ
1999.12.03
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив