Шүтэн бишрэгч (өгүүллэг) Г.Аюурзана

Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков. Набоковыг нас барахад ердөө л тавхан настай байв. Хэрэв тэр үед хорин найм хүрч байсан бол, нас барсанд нь биш уулзаж амжаагүйдээ харамссандаа архи ууж, орой нь хариад "Yхчихлээ гэж үү?" хэмээн хашгирч уйлах асан.
Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж, зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаа төсөөлөн бодох дуртай. Зохиолч эхлээд унтаж амарч байснаа, дараа нь ажиллаж, дараа нь цайгаа уув. Цай уусныхаа дараа үргэлжлүүлэн ажиллаад зочин хүлээж авах зав гаргасангүй.

- Өнөөдөр оройтчихлоо. Та баасан гаригт үдээс хойш ирнэ үү гэж зохиолчийн нарийн бичгийн дарга, мөн л зохиолчийн хэрийн насны хижээл эр ер санаа зовсон янзгүй хэлснээ,
- Та кофе уух уу? гэв.
- За үгүй дээ. баярлалаа. Өө, уудаг ч юм бил үү?
- Өөрөө л мэд дээ. Владимир Владимирович өдийд кофе уудаг юм л даа. Би түүнд зориулж чанасан юм.
- Би уувал түүнд үлдэх юм уу?
- Yлдэнэ, үлдэнэ. Санаа зоволтгүй.
Ердийн л кофе Лаазтай, жаахан гашуувтар " Nescafe”.
- Та орос хүн үү?
- Яаж байна?
- Владимирович...
Зохиолчийн нарийн бичгийн дарга ямар үндэстэн болохыг тэр мэдэж амжсангүй. Цонхны шил тар няр хийн хагарах дуулдаж, эргэн хартал орон дээгүүр нь хөлбөмбөгийн эрээн бөмбөг өнхөрч үзэгдэв.
- Хөөе. Юу болж байна аа?
Цонхоор шагайвал хэн ч алга. Нүдний буланд нэг жаал гүйсээр булан тойрох шиг болов. Хүүхдүүд хурдан гүйдэг л дээ. Хамгийн муу гүйдэг нь л сая далд оров бололтой.
Тэрээр эргэж бөмбөгийг харуут түс хийтэл инээд алдав. Доктор Пнин хүүдээ бөмбөг бэлэглэхэд яадаг билээ? Хөл бөмбөг сонирхдоггүй америк жаал цоо шинэ бөмбөгийг цонхоор гаргаад шидчихдэг, Yгүй ээ, талбай дээрээс өшиглөсөн бөмбөг гурван давхрын цонхоор орно гэж байх уу? Монголд л ийм тэнэг хөлбөмбөгчин төрнө.
Нэгэнт хэргийн эзнийг олохгүйгээс хойш бөмбөгийг өөртеө үлдээхээр шийдэв. Шилэн лонх ч үнэтэй байж. Нэг ангийн дөчөөд хүүхэд гэрээсээ нэг нэг лонх авчран, "Шилний дэлгүүр" гэсэн хаягтай мөд онгойдоггүй мухлагийн үүдэнд өдөржин бужигналдаад сая нэг бөмбөгний үнэ цуглуулж байсан сан. Охид волейболын бөмбөг авна гээд хөвгүүд сагсныхыг авна гээд бөмбөг зардаг дэлгүүрт хүрэхийн алдад хөвгүүдийнхээр болчихоод байтал, дэлгүүрт сагсан бөмбөгийн төрөлтэй юу ч байсангүй. Ганцхан ширхэг волейболын бөмбөг үлдсэн нь бөөрөндөө халцархайтай аж.
- Өөр байхгүй ээ гээд худалдагч халгаасангүй. Харин хөл бөмбөгийн бөмбөг нэлээд хэд байсныг яана.

Ингээд ангиараа хөлбөмбөгчид болцгоов. Маргааш орой нь л шинэхэн бөмбөгний бөөрөнд эхний халцархай гарч, хэн хүнгүй халаглацгаасан ч тэр бөмбөг бүтэн хоёр жилийн турш тэдний хөөцөлддөг ганц зүйл болж, анги даасан багш нь:
- Энэ гайтай ширнээс болоод манай ангид муу сурлагатан гурваар нэмэгдлээ гэж халаглаж байсан сан.
Хэн гурав муу сурлагатан болсныг тэр одоо ч бодоод бодоод олдоггүй юм. Тэдний ангийнхан бараг бүгдээрээ муу сурдаг байсан тул, хааяа нэг сайн дүн авсныгаа жигтэйхэн гоочилно. Тиймээс сайн суръя гэж хэн ч боддоггүй, тэдний ангийн адгийн хөлбөмбөгчин ч гэрийн даалгавраа хийдэггүй байв.
"Би ч нээрээн адгийн хөлбөмбөгчин байсан шүү" гэж тэр цонхоор орж ирсэн бөмбөгийг ажингаа бодов.
- Гэхдээ арай ч ийм мурий хөлтэй байгаагүй ээ! гэж цонхыг нь нядаасан үл таних жаалд хорссондоо чанга хэлчихээд, бөмбөгийг шалан дээр тавьж өшиглөв. Бөмбөг үүдний хонгилоор нисч угаалгын өрөөний хагас нээлттэй хаалгаар маш цэвэрхэн орлоо.
- Гоол!

Гэнэт өлсч байгаагаа мэдэрсэн тул өлгүүрээс хүрмээ авч, гутлаа углаад гадагш гарав. Байшингийн буланд хэдэн жаал бөөгнөрөн чанга чанга хөхрөлдөж байснаа түүнийг харуут чимээгүй болцгоов. Нэг нь орон сууцны мужааны хүү байна. Зун аавтайгаа цуг ирж хаалга янзалж өгсөн юм.
- Аав чинь бий юу?
- Байгаа.
- Орой цонх шиллээд өгөөч гэж байна гээд хэлчихээрэй.
- За.
Хүүхдүүд бие бие рүүгээ хурдхан ширтэлцээд авав. "Хэргийн эзэд!"

Ойролцоох гуанзанд тэдний ангийн охин ажигладаг юм. Уг нь царайлаг аятайхан зантай охин. Одоо хэр нь нөхөргүй. Өөрөө гуанзны эзэн мөртлөө орж ирэгсдэд хоол зөөж үйлчилнэ.
- Би л байсан бол энэ хиншүүн дунд...
- Чи ойлгохгүй ээ. Алив, сууж бай. Би чамд хоол аваачаад өгье.
Ангийнх нь охин ширээн дээр шөл, шарсан өндөг, мантуу өрлөө. Энгэрээр мөөм нь цухалзана.
- Цай өгөөч.
- Өнөөдөр пивотой шүү,
Удалгүй ширээн дээр хоёр лааз шар айраг шилэн аяга нэмэгдэв.
- Танайд пиво зардаг юм уу? гэж хажуугийн ширээнд суугаа хоёр эрийн нэг бүдүүн дуугаар хүнгэнэлээ.
- Манайд согтууруулах ундаа зардаггүй ээ гээд ангийн охин цаашаа эргэв.
- Эгдүүтэй дамшиг байна шүү гэж бүдүүн дуутыг хэлэхэд, хажуу дахь нь бүр таарсан юм шиг нарийхан хоолойгоор:
- Би хөхийг нь харах гэж наашаа ирдэг юм хэмээн шивэгнэх дуулдав.
Гуанзанд тэр нэлээд суулаа. Ангийн охин нь пивоны үнэ авахгүй гэжээ. Тэндээсээ гараад дэлгүүр орж бөмбөгний үнэ сонирхвол, хоёр мянган төгрөг гэлээ. Ангийн охин нь хоолны үнэд өдөр бүр таван зуун төгрөг авдаг. Тэр өдөрт нэг л удаа хооллодог. Орой нь ус буцалгаж уугаад нэг бүтэн талх идчихдэг. Ээж нь нас барснаас хойш ямагт ингэж л амьдарч байгаа. Номын сангийн гэрээр ном олгох тасагт насаараа ажилласан ээжийнхээ буянаар тэр одоо ч номоор тасардаггүй. Сард хоёр, заримдаа гурван удаа үүргэвч үүрээд хотын бараг нөгөө захад байх номын сан руу явна Сүүлийн үед түүнд унших шинэ ном олдохоо больжээ. Тиймээс ажилчдын дүүргийн хүн цөөнтэй номын санг ёс төдий л эргэдэг аж.
Номын санч ээж нь нас барахдаа:
- Миний хүү гуч хүрээд эхнэр аваарай. Чамд би өдөрт таван зуугаар бодож хоёр жилийн хоолны мөнгө хураасан. Хоёр өрөө байр чамд томдоно. Нэг өрөө болгож солиод, зөрүү мөнгөөр нь эхнэртээ хуримын бөгж, гутал хувцас авч өгнө биз гэжээ. "Инфляци" гэдэг үг ямар.ч номонд байгаагүй үе.
Тэр байраа багасгаад, өөртөө хэдэн ном авчээ. Тэдэн дунд Набоков байсан хэрэг. Хатуу хавтастай, сайн хэвлэсэн, хэд хэдэн Набоков.
Өнөөдөр тэр гуч хүрэв. Ангийн охин мэдсэн юм шиг пивоор дайллаа. Гэнэтхэн нөгөө хажуугийн ширээний хоёроос ангийн охиноо харамламаар болжээ. "Хөхийг нь харах гэж ирдэг" гэнэ ээ?
Мужаан шатан дээр сууж байв. Хана түшүүлэн шил тавьжээ. Гэрт оруут шуудхан л бэлэн шилээ тавиад, ердөө арваад минутын дотор жин тан болгочихлоо.
- Та хэмжээг нь яаж ийм сайн мэдэж байна аа?
- Энэ байрны бүх цонхны хэмжээг би цээжээр мэднэ.
- Хэдийг төлөх вэ?
- Шилний үнэ дөрвөн мянга. Хийсний хөлсөнд, яахав, ганц мянгыг л авах уу даа. Хажуугийн гуанзанд таваг хуурга л авах мөнгө.
Тэр амаа ангалзуулав. Дөрвөн мянга! Хоёр бөмбөгний үнэ байх гэж уү? Гэнэт түүнд "Яг танай хүү л манай цонхыг хагалсан даа" гэсэн бодол төрөхөд хэлчихээсээ өмнө амжиж хэлээ хазаад, орныхоо гудсан доогуур хийсэн том хавтасны завсраар таван зуутын дэвсгэрт арвыг тоолж өгөв.
- За, баярлалаа. Өөр хэрэг гарвал хэлээрэй гээд мужаан угаалгын өрөөний зүг хяламхийв. Гэрлээ унтраахаа мартчихаж. Хөлбөмбөгийн бөмбөг яг босгон тушаа нь харагдана.
Мужааныг нэгдүгээр давхарт хүрч явахад тэр гүйж очив.
- Та хажуугийн гуанзанд таваг хоол хэдэн төгрөг байдаг гэнэ ээ?
- Ямар гуанз? Ямар хоолны үнэ тэр билээ?
Мужааны царай гайхсан гэхээсээ илүү айсан янзтай болжээ.
- Уучлаарай, би зүгээр л хажуугийн гуанз ямаршуу хоолтой байдаг юм бол, таныг мэдэх юм байна гэж бодоод л ...
Мужаан тайвширч, бүр баярласан янзтай санаа алдан инээмсэглээд,
- Өө, би ч гэр энд болохоор гуанзанд ордоггүй л дээ. Гэхдээ хоолыг нь мэднэ. Дажгүй хоолтой, үнэ нь ч гайгүй санагдсан шүү. Таваг хуурга цайтай авсан юм байна. Саяхан даа, яг хэзээ ч билээ? Мянган төгрөг жаахан гаруй бол луу. .
- Тэгвэл таван зуун төгрөгөөр нэг, хоёрдугаар хоол. салаттай, бас хоёр аяга сүүтэй цай, мантуу авч хүрэхгүй нь ээ?
Мужаан учиргүй хөхрөв. Хөхөрч, хөхөрч,
- Салаттай гэнэ шүү! Иш, та нар амьдралаас мөн тасархай байна даа. Хоёр талх ч авч хүрэхгүй мөнгөөр тийм их хоол өгдөг гуанз гэж юу байх вэ дээ. Чиний хэлсэн бүхнийг авахад лав дөрөв таван мянга хүрнэ дэг ээ гэлээ.
Тэр гэртээ эргэж оруут бөмбөгийг угаалгын өрөөнөөс гаргаад "Май, чи, тэнэг Пнин! Төрсөн өдрийн бэлгээ ав!" гэж амандаа үглүүт байдаг хүчээрээ өшиглөж орхив.
Энэ удаад харин наад талын цонх л хагарчээ. Хөл бөмбөгийн бөмбөг ахиад л орон дээгүүр өнхөрч явав.
Сургуульд байхдаа тэр хичээлээ давтахын оронд уран зохиолын ном уншдаг байв. Яагаад гэвэл, хичээлээ давтаад байвал сайн сурчихна. Сайн сурах юм бол ангийнхныхаа нүүрийг яаж харах юм бэ?
Харин азаар есдүгээр ангид орж, хөлбөмбөгчдөөс нэг салж билээ. Есдүгээр ангид чүү чамай "гурав", "дөрөв" хольж явсаар, аравт оржээ. Аравдугаар ангидаа хичээлдээ ихэд шамдсан боловч тоо, физик химийг яагаад ч нөхөж авахааргүй хоцорсон байлаа. Харин хэл, уран зохиолд мань эр толгой цохиж, сургуулийнхаа сайчуулын тоонд багтах болов. Гэвч нийгмийн мэдлэг сулаас дээд сургуульд орж чадсангүй. Цэрэгт явъя гэтэл хараа муу гээд тэнцсэнгүй.
Ингээд арван жил ээжээрээ тэжээлгэн, ээжээрээ ном зөөлгөн жижиг өрөөндөө суужээ. Тэр арван жилд юу эсийг уншсан гэх вэ. Тэр арван жил бол амьдралынх нь хамгийн жаргалтай үе байв. Хоёр жилийн өмнөөс тэр бие даан амьдарч эхэлсэн хэрэг.
Хоёр жилийн өмнөөс л түүний амьдралд Набоков орж иржээ. “Гавьяа", "Ноён, хатан, боол", "Цаазаар аваачих урилга", "Лужины хамгаалалт", тэгээд "Ада" ... Харин "Лолита!' түүнд таалагдаж байсангүй. Набоковтой уулзаж байна гэж төсөөлөн бодохдоо тэр энэ тухайгаа ер хэлээгүй.
- Төгсгөл нь гайхалтай сайхан болсон шүү! гэж тал засчээ.
Заримдаа тэр зохиолчийг Найттай андуурч үзэн ядна. "Себастьян Найтын бодит амьдрал" хэмээх романыг нь уншиж дуусуут :
- Набоков яг үнэндээ Набоков биш, Найт байсан юм биш байгаа? гэж өөртөө хэлчихээд удтал шаналжээ. Набоков Найт байхад юугаараа муу юм бэ гэдгийг тэр мэдэхгүй. Юутай ч, Найт маш муу хүн шиг санагджээ.
Тийм сэтгэлийн улмаас нэг удаа Набоковт :
- Найт учраас танд Нобелийн шагнал өгөөгүй гэчихжээ. Зохиолч түүний ор үндэсгүй төсөөлөл рүү жуумалзан ширтсэнээ хонх цохиж өөртэйгөө үе тэнгийн нарийн бичгийн даргаа дуудаад,
- Энэ хүүг тэр ганц өрөө байранд нь хүргэж өг гэх үгүй ээ, яалаа гэж Набоков тэгж хэлэхгүй,
- Тантай ярилцахад сайхан байлаа Мистер Бен, та энэ залууг хүргээд өгчихнө үү. Аль буудалд буусан гэлээ? гэх вий.
Набоковт "Та өерөө Найт” гээд хэлчихсэндээ ихэд харамсав. Би ёрын Нобелийн шагналын тухайд ... Уг нь болсон явдал биш, бодол юм чинь залруулж болно л доо. Гэвч тэр хар багаас л бодол мөрөөдлөө залруулж, буцаад эхнээс нь шинээр бодож явсангүй. Бодол бол түүний хувьд амьдрал л гэсэн үг.
Цонхыг хага цохин бөмбөг орж ирсний маргааш тэр хажуугийн гуанзанд орсонгүй. Хотын төвд байх нэг гуанзанд орж, амт гэж авах юмгүй хоол авав. Шөлнөөс гурав халбагадаад орхиж. харин дөрвөн ширхэг хуушуурыг нь идчихлээ. Нэг аяга байхуу уув. Энэ хоол нь хоёр мянга хоёр зуун төгрөг болжээ.
Ахиж тэр гуанзанд орсонгүй. Хажуугийн, хотын төвийн алинд ч. Орцны цэвэрлэгч нэг удаа бэлэн хоол идэж байхыг харсан, тэр нь жигтэйхэн сайхан үнэртэж байсныг санав. Ингээд талх, бас бэлэн хоол авдаг, ус буцалгаж уудаг боллоо.
Нэг өдөр номын сангаас авсан гурван ширхэг номоо эргүүлж өгөхөөр очтол, ээжийнх нь ажлыг авсан эгч алга. Гэрээр ном олгох тасагт ганцхан л хүн байсан нь гурвалжин шатан дээр гараад зогсчихсон годгор охин аж. Тэр танил эгчээ хүлээж удаан зогсов.
Өнөөх годгор охин хамгийн дээд талын тавиур дээрээс нэг ном унагачихав. Ном шалан дээр нэг өнцгөерөө буухад, хөх өнгийн хатуу хавтас нэг тийшээ, дотор хэсэг нь нөгөө тийшээ салж одлоо.
- Өө!
Годгор охин сая л түүнийг олж хараад,
- Та юу гэж явна? гэж асуув.
- Цэрмаа эгч хаачаав?
- Цэрмаа эгч тэтгэвэртээ гарсан шүү дээ. Би оронд нь ажиллаж байгаа.
- Би авсан номуудаа авчирлаа,
- Одоохон. Та тэр унасан номыг аваад өгөөч.
Тэр эхлээд дотор хэсгийг, дараа нь годгор охины зогсоо гурвалжин шатны яг доогуур орчихсон хөх хавтсыг авав. Хавтаснаа "Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг гэж бичжээ
- Та Гүнболд уу? гэж авчирсан номуудыг нь бүртгэн авахдаа годгор охин инээмсэглээд,
- Таныг би сайн мэднэ шүү. Цэрмаа эгч таныг надад захисан юм гэлээ
Гүмбер Гүмбер гэж байгаа юм шиг сонсогдоход анх удаа тэр нэрнээсээ учиргүй ичжээ. Годгор охин харин хаа очиж гоё нэртэй юм.
- Нараа гээд жижигхэн хүйтэн гараа сунгав.
Ээжийнх нь хэлсэн нөгөө хоёр жил дуусчихсан, одоо тэр эхнэр авах ёстой шүү дээ. Нарааг цааш ном бариад эргэхэд, богинохон бошинзон доороос нь хараад л баймаар хөөрхөн гуя тахим үзэгдлээ. Годгор охин гэнэт зогтусаад эргэн харахад түүний нүүр халуу оргиод явчихав.
- Та одоо харих уу? гэж Нарааг асуухад анхандаа сайн ойлгосонгүй.
- Та эндээс шууд харих уу?
- Аа, ээ, оо ... Юу л даа.
- Манайх танайхтай нэг байр шүү дээ
- Тийм үү?
- Бүр нэг орц.
- Тийм үү? Би мэдэхгүй юм.
- Та мэднээ. Танай хуучин байранд би амьдардаг юм. Таныг байраа солиход аав надад авч өгсөн...
Нараа номын тавиурын цаагуур орчихоод зарим үг нь дуулдсангүй.
- Хэрэв та одоо шууд харивал би цуг явах гэсэн юм.
- Yгүй ээ, би өөр тийшээ явна.
- Хаачих юм бэ?
- Аа, ээ, оо... Юу л даа.
- За, за. Би оройд ганцаараа зурагт үзээд л сууж байдаг. Та орж ирээрэй. Надад танаас асуух юм их л байна. Цэрмаа эгч таныг "Манай номын сангийн бүх номыг уншсан” гэж байсан.
Тэр номын сангаас гараад шууд харив. Бэлэн хоолоо идчихээд нам унтлаа. Хонх дуугарахад тэр давхийн сэрэв. Хонх ахиад л дуугарна.
Ангийнх нь охин байлаа.
Тэр байхуу чанаж, талх зүслээ.
- Эртээр, орой ажлаа тараад танайд ирэх гэж бодож байтал ерөөсөө амжсангүй,
- Хэзээ?
- Яагаав, чиний төрсөн өдрөөр.
- Юун төрсөн өдөр?
- Би чиний төрсөн өдрийг мэднэ шүү дээ.
- Тэгээд чи пивоор дайлсан юм уу?
- Чи яагаад очиж хоол идэхээ больчихов?
- Би гэртээ хоол идэж байгаа.
- Бэлэн хоол ч манай гуанзныхаас муу даа.
- Би чиний хөхийг л харах гэж танай гуанзанд очдог байсан юм. Бөхийх бүрт чинь цухалздаг болохоор ...
- Юу?
Ангийнх нь охин цүнхээ шүүрч авахад тэндээс шилтэй архи гулган унаж хага үсрэв. Өрөөгөөр нэг исүүн үнэр хамар цоргино. Цоож торхийснээ, хаалга тасхийлээ.
Тэр цонхон дээрээ зогсоод гудамж руу харав. Ангийн охин тоглоомын талбайн хажуух замаар гүйхээрээ өнгөрч, нөгеө цонхыг нь хагалсан жаалууд нуугдаж амжсан буланг тойрлоо. Түүний амьдралаас хамгийн чухал, хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болохыг, түүний доторх амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентген туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв. Бүр тэр судас пүд хийн дуугарч тасрах нь сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээ.

Тэр цонхноос холдон хананд өлгөөтэй эрвээхэйн хатаамалд дөхөж очиж удтал ширтлээ. Нэгэн залуугаас худалдан авч билээ. Эрвээхэйн эзэн "Архи уух гэсэн юм. Ганцхан шил юмны үнээр өгчихнө" гээд түүнийг удтал хоргоосноо авахгүй болохоор нь урамгүйхэн хоцорсон сон. Тийм гоёмсог эрвээхэйн үнэтэй ганц шил юм гээч нь одоо өрөө дүүрэн үнэртэнэ. Набоков эрвээхэй барьдаг байсныг, бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй шинээр нээн олсныг тэгэхэд мэддэггүй байв. Харин дараахан нь "Пильграм" хэмээх өгүүллэгийг нь уншжээ. "Пильграм” - ыг уншиж дуусуут тэр ухасхийн гарч нөгөө залууг хайсан хэрэг.
Нөгөө л дэлгуурийнхээ үүдэнд зогсч байж.
- Ганц шил юм гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн уг вэ?
Залуу энэ удаад түрүүчийнхээсээ арай том, хар цоохор эрвээхэйг гоёмсог хөндий жаазтай шилэн гуунд хийн барьсан байв.
- Яахав, өөрийг авмаар санагдвал манайхаар очоорой гээд залуу гэрийнхээ хаягийг цаасан дээр зурж өгсөн сөн.
Эрвээхэй зардаг залуугийнх холгүй ажээ. Яг тэднийх шиг байшин, яг тэднийх шиг орц, бас гуравдугаар давхарт, яг л тэднийх шиг хаалга.

Залуу түүнийг харангуутаа л таньжээ.
- Өө, сайн уу? Орооч! Морьтой явна шүү!
"Морьтой" гэдэг нь, юу гэсэн үг юм бол?
Тэд гурвуулаа сууж байлаа. Нүүр нүдээ арай ч хэтэрхий гэмээр будсан, хоёулаа яг ижилхэн урт урт ногоон хумстай хоёр бүсгүй түүн рүү зэрэг харснаа хэлэлцсэн юм шиг нэгэн ззрэг инээмсэглэв.
- За, эрвээхэйнүүд минь, ууна аа. Танилц, хэн билээ?
- Гүнболд.
- Аа, тийм. Гүнболд ..
"Эрвээхэйнүүд" гэж нөгөө хоёр бүсгүйд хандан хэлсэн ч, түүнийг бас хамтруулаад ийн нэрлэчих шиг санагдсанд жаахан эвгүйцлээ.
- Чи эрвээхэй авах гэж явна уу?
- Yгүй ээ.
- Аа, тэгвэл эрвээхэй авах гээ юу?
Хоёр бүсгүй тас тас хөхрөлдөв. Эрвээхэй зарагч яагаад нэг л асуултыг хоёр дахиж асуусны учрыг тэр олсонгүй. Гэвч даган инээжээ.

Өглөө сэрэхэд дотор нь тун муухай байв. Ам учиргүй цангажээ. Гал зуухны өрөөнд орж цоргоны хуйтэн ус уутал дотроос нь оргиод ирэв. Жорлон руу орж сайн бөөлжиж аваад, нүүрээ толинд харахаар угаалгын өрөөний хаалгыг таттал дотроосоо түгжээтэй. Шүршүүрийн усны жигдхэн дуу сонсдоход л тэр өчигдрийн явдлыг сая саналаа.
Эрвээхэй зарагчийнд тэр эхлээд дөрвөн хундага архи уужээ. Дараа нь гоё амттай улаан дарс, сүүлд нь ахиад архи ууснаа санав.
- Чамд хэн нь таалагдаж байна? гэж эрвээхэй зарагч асууж байсан Хэн гэж хэлснээ тэр санах гээд ер чадсангүй. Хоёр бүсгүйн алинтай нь хамт гэртээ ирснээ санаж байна л даа. Бүр тэдний хооронд юу болсныг ч санаж байна.Эмэгтэй хүний нүцгэн биеийг тэврэх хичнээн сайхан байсныг бүүр түүр дурсав. Бүсгүйн нэрийг л бодоод бодоод олсонгүй.
- За, дотор зүгээр үү?
Нойтон бүсгүй хөнжлийг нь сөхөн орж ирэв.
- Пөөх. чи намайг хүлээгээ юу?
Гүнзгий автсан амтат бодлыг нь бүсгүй нойтон сэрүүхэн гараар тэмтэрч үзээд ийн дуу алдаж, дээр нь гарч суулаа. Аажуухан сууж гүйцмэгцээ эргэн өндийв. Ийн суун босох мэт өндийж байх зуураа:
- Нараа гэж хэн бэ? гэв.
- Нараа?
- За, битгий нуугаад бай. Чи шөнөжингөө л намайг Нараа гэж дуудсан шүү дээ.
Бүсгүй будаггүй, бүр хумсгүй болчихож. Ерөөсөө огт танихгүй эмэгтэй түүний хөнжлийг нөмөрчихсөн, дээрээс нь тонгойж байгааг тэр хачирхан ажиглав. Энэ нь бүр тааламжтай санагджээ.
Дараа нь бүсгүй түүнийг дэрлэн унаж чихэнд нь "Тамхи асаагаад өгөөч" гэж шивнэлээ. Өчигдөр бүсгүйчүүл тамхи татаж байсныг санав. Харин одоо тамхи татах гэсэнд зэвүү хүрлээ. "Ширээн дээр тамхи, асаагуур хоёр бий" гэж чихэн дээр нь үргэлжлэн халуу оргиход,
- Би тамхи татдаггүй. Тийм болохоор асааж чадахгүй гэж ууртай дуугарчээ.
Бүсгүй босч тамхи татав. Хариу ч үгүй туранхай, бас царай муутай юм.
Одоо тэр хүүхнийг жигшиж байлаа.
- Чи явахгүй юм уу?
- Явлаа, явлаа. Харин чи мөнгөө ...
Бүсгүйг хувцаслаж байх зуур тэр гудсан доогуураа гараа оруулан тэмтчиж, тааралдсаныг нь авч сарвайлаа. Бүсгүй хоржоонтой хянамгайхан тоолж үзээд,
- Гурван мянга дутуу байна гэв.
Тэр гудсан доогуураа ахин гараа оруулан имэрч , зургаан ширхэг таван зуут гаргаж өглөө.
“Эрвээхэйг" ЯВСНЫ дараа тэр гудсаа сөхөв. Таван зуутын багц арван нэг, сул таван зуут тавин хоёр үлджээ. Тоолохоос залхуурч орхисон зуут, тавьтууд, хүрэмний халаасанд байгаа мөнгийг нэмэх юм бол бараг зургаан зуун мянга болох нь.
Тэр мөнгийг сонинд боож, гялгар уутанд хийгээд гарч хажуугийн гуанзанд очлоо. Ангийнх нь охин алга. Оронд нь хижээл эр сууж байв.
Тэр нэг хоёрдугаар хоол, салат, хоёр аяга сүүтэй цай, мантуутай авлаа. Тооцоогоо хийх үедээ хижээл эрд хандан.
- Энд зургаан зуун мянга бий. Та Гүнболдын өр гээд дамжуулчихаарай гээд тортой юмаа өгөв.
Тэгээд гэртээ ирж, ширээний ард суун удтал юм бичжээ.
Маргааш нь тэдний цонхны тушаа тоглоомын талбай дээр бараг шинээрээ шахам хөлбөмбөг хэвтэж байв.

Долоо хоногийн дараа байрны цэвэрлэгч авгай мужаан, цагдаа, бас өөр гурван эр дагуулан ирж, тэдний хаалгыг лацдаж аваад явлаа. Бүтэн сайн өдөр ангийнх нь охин ирж түүнийг асууна. Ямар ч сураггүй гарсангүй. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг гэрчлэх зурагтай хуудасны нэг буланд дэггүй жаалууд эр хүний бэлэг эрхтэн зурчихсаныг номын санч Нараа нэгэнтээ санаандгүй олж харуут хуулан авчихжээ.
0 comments:

Хайвал олно


Архив