Ж.Лхагва . Баярын гоёл. /Өгүүллэг/

Ажил бүтэмжтэй байхад хорвоогийн өнгө улам ч саруул болж нар хурцаар гийгүүлэн , зүлэг ногоо хүртэл хурдан ургаж байх шиг харагдана. Мэдэх мэдэхгүй дууны ая санаанд орж, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх нэгэн түргэн хэмнэлт аялгуу хөл удирдаад ,сэтгэл нэг л хөнгөн , хажуугаар өнгөрөх танихгүй хүүхдийн толгойг ч өхөөрөн илмээр санагдана. Хүрэл шиг хүрэн царайтай хав дөрвөлжин эртэй эрхлэн наалдаж яваа жаахан хүүхнийг хараад талх цөцгий хоёр шиг эвтэй байгаад нь тэдний өмнөөс баярлаж гар барих шахна. Шатан дээр ч автобусан дотор ч бохь зажилан ангалзаж явдаг манай байрны нөгөө сангас толгойт хүртэл өнөөдөр хэвлүүн намбалаг харагдаж байна.

Тийм ээ , би өнөөдөр нормоо зуун тавин хувь биелүүлчихээд харьж явна. Замын хажууд цойлон зогсох танкат хөшөөний одонг өчнөөн удаа дэргэдүүр нь өнгөрөх дөө тоолоогүй атлаа өнөө л нэг тоолмоор санагдаж, үзэхүй ес ажээ. Есөн хүсэл шиг есөн одон . Одон гэж… тэнгэрийн од шиг хол санагддаг одон хүртэл өнөөдөр энгийн танил зүйл шиг л байх юм.
Өдрийн ээлж тараад явахад замын тойруу дээр дандаа тааралддаг тэр нэгэн шавил бүсгүй намайг ердөө ажиглалгүй өнгөрдөг мөртлөө өнөө бүр холоос харчихаад ёотон цагаан шүдээ яралзуулан инээв.
Түүний сайхан инээд цагаан шүд хоёрыг тогтоож авахыг оролдон байж, хорин хоёр насныхаа тухай, ээж л аав хоёрынхоо тухай эрхгүй санагалзан , өөрийгөө нэг сайн ажиглаж үзэв. Чацархаг урт хөлийн минь шагай шалигүй богиндсон шалбуур өмднийхөө шуумаг дор цухалзан, бор бааз хүрэмээ туранхай мөрөндөө өлгөчихсөн нэгэн горзгор бор залуу ажээ.
Машины тос нэвчсээр өнгө нь үхчихсэн шаахайны минь ул ялигүй ханзарчихсаныг үзээд саяын бүсгүй үүнийг олж харсан болов уу? … гэж бодохоос гэнэт ичиж , ичсэндээ бас “ хэдийдээ ханзарчихдаг золиг вэ?...” гэж гуталдаа уур хүрлээ.
Нар үүлэн цаагуур орж, нэвт гэрэлтэн алдаж байсан навчис зузаараад явчих шиг болов. Тэгээд баярынхаа гоёлыг дотроо тооцоолон , тэр тэрийгээ өмсөн гэж тохоон бодоход гутал л нэг тааруухан болоод явчихлаа. Дэлгүүр хоршоонд сайхан гутал гарсан л байх юм . Ээж, аав хоёр гадуур гарч чадахгүй , би өөрөө ажилтай болохоор одоо яая гэхэв дээ. Залуучууд сайхан сайхан гутал өмсөөд , асуухаар “арын хаалга” гэж залитайхан инээх юм. Манайхны хийж байгаа гутал ч сайжраад л байна. Ганцхан улаа л нааж сурахгүй юм даа. Ул үрэх, цавуу найруулах ,түрхэх гээд л олон дамжлага байдаг байх. Нэг нь л чадахгүй байгаа хэрэг. Тэгээд тэр хоомой ажилтай хүн бас л нормоо биелүүлчихсэн гээд ханхалзаж яваа байх даа хэмээн бодохуй өөрийн зуун тавин хувийг дотроо цэгнэж нэг үзлээ.
Тэр нэгэн бүсгүй миний гутлын ханзархайг харж инээсэн бус , баяртай царайг минь баяртай царайгаар дамжуулан зуун тавин хувийг минь харж инээсэн гэдэгт одоо би баттай итгэж байна.
Би одоо энэ хувиа алдахгүй энэ миний “арын хаалга”- гаар аваагүй баярын гоёл билээ.
Улаанбаатар хот. 1971 он.
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив