Д. Пүрэвдорж. Атгахан биендээ ахадсан бодолтой би

Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

Хоёр гартаа буу зэвсэг биш үзэг бал барьж ухаажсан би монгол хүн
Хоёрхон утастай хуурын эгшигэнд уярч ухаажсан би монгол хүн
Хорвоогийн сайхан муухайг нүдээр үзэвч ухаанар шийддэг би монгол хүн
Хослох заяандаа сэв суулгаж үндсээ бохирлоогүй би монгол бүсгүй хүн

Нар сарыг тэргүүндээ дээдлэн ертөнцийг сонордогч би хүн
Настан буурлаа ухаандаа дээдлэн сургаалийг нь сонордогч би хүн
Намайг бас чамтай учруулагч хайрыг дээдлэн зүрхээ сонордогч би хүн
Нас нэмж ухаан суухын хэрээр өөрийгөө сонордогч би хүн

Хорвоо чи өөрийн чинь эс бологч хүмүн намайг яаж сорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь иш бологч хүмүн намайг яаж хорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь өс бологч хүмүн намайг яаж барих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь үргэлжлэл бологч хүмүн намайг яаж барах вэ дээ
0 comments:

Хайвал олно


Архив