Г.Мөнхцэцэг. Хулгайллаа шүү, би чамайг

4:28 AM
Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би

Улаахан будаг, удаан үнсэлттэй нь
Уулзуулахгүй шүү, би зүрхэндээ цоожиллоо
Хөг ордоггүй хөгжим гэж байдаггүй юм
Хөмсөг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хүүхэн болгон ямар үнэнч байх биш
Хүний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн үнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хүн ямар чам шиг төрөх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуул юу гэсийм
Үгээр ямар цадах биш дээ, би
Үнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нүдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шүү, би
Найрагчийн зүрхэнд ассан гал
Намдана л гэж үгүй дээ
1999.12.03
Read On 0 comments

Г.Мөнхцэцэг. Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ ...

4:27 AM
Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ
Эр үхэр саах гэж хүмүүс зовно
Элгэн тараг бүрэх гэж цаг хугацаа үүрэглэнэ
Эхлэл, төгсгөлөө олох гэж нийгэм уйлна
Өөрсдөө хаяснаа нэхэж
Өрөөлийг зэмлэнэ
Өрөөлийг харан байж
Өөрсдийгөө буруутгана
Бусдыг хуулан томсон дээсээ
Буцааж тайлах гэж биеэ зовооно
Булингартсан салхийг үнэнээр шүүж
Буян, нүглийн дэнсэнд хүмүүс л үлдэнэ
Он цаг урсан өнгөрөхдөө
Онож, алдахын заяаг нөхөж үргэлжилнэ
Өөрийгөө өрөөлөөр нөхөж, чулуу босгоод буцах хүмүүс
Өнгөрсөн түүхийн боол болж үлдэнэ
1990.11.02
Read On 0 comments

Г.Мөнхцэцэг. Дагуулахдаа л дагуулна

4:25 AM
Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно
Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг
Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг
Read On 0 comments

Г.Мөнхцэцэг. Танд

4:24 AM
Уйтгарт харц минь бүүдгэр гэрэлтэй
Уйлахаас өөрийг тэнд үзэхгүй
Сэмхэн бас оргох санаатай би
Сэлэмний ирээс даанч айхгүй
Цоожтой хаалганы дуу сонсдохгүй
Цоныны дэргэдээс харц минь холдохгүй
Хачин намуухан исгэрэх салхинаас
Хааны минь үнэр танил санагддаг
Холын холд жаргаж бий хааны тухай
Холхиж одох бодлууд минь дураараа
Хатнаас нь оргуулах зориг минь
Хаа ч сөгдөхгүй чөлөөтэй
Дурласан зүрхийг минь эдгээх
Далайсан илднээс эмээхгүй
Олзолсон охидын чинь сайхны дунд
Орхихоос өөр аймшигт үхэл надад үгүй ээ ....
Read On 0 comments

Шүтэн бишрэгч (өгүүллэг) Г.Аюурзана

4:06 AM
Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков. Набоковыг нас барахад ердөө л тавхан настай байв. Хэрэв тэр үед хорин найм хүрч байсан бол, нас барсанд нь биш уулзаж амжаагүйдээ харамссандаа архи ууж, орой нь хариад "Yхчихлээ гэж үү?" хэмээн хашгирч уйлах асан.
Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж, зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаа төсөөлөн бодох дуртай. Зохиолч эхлээд унтаж амарч байснаа, дараа нь ажиллаж, дараа нь цайгаа уув. Цай уусныхаа дараа үргэлжлүүлэн ажиллаад зочин хүлээж авах зав гаргасангүй.

- Өнөөдөр оройтчихлоо. Та баасан гаригт үдээс хойш ирнэ үү гэж зохиолчийн нарийн бичгийн дарга, мөн л зохиолчийн хэрийн насны хижээл эр ер санаа зовсон янзгүй хэлснээ,
- Та кофе уух уу? гэв.
- За үгүй дээ. баярлалаа. Өө, уудаг ч юм бил үү?
- Өөрөө л мэд дээ. Владимир Владимирович өдийд кофе уудаг юм л даа. Би түүнд зориулж чанасан юм.
- Би уувал түүнд үлдэх юм уу?
- Yлдэнэ, үлдэнэ. Санаа зоволтгүй.
Ердийн л кофе Лаазтай, жаахан гашуувтар " Nescafe”.
- Та орос хүн үү?
- Яаж байна?
- Владимирович...
Зохиолчийн нарийн бичгийн дарга ямар үндэстэн болохыг тэр мэдэж амжсангүй. Цонхны шил тар няр хийн хагарах дуулдаж, эргэн хартал орон дээгүүр нь хөлбөмбөгийн эрээн бөмбөг өнхөрч үзэгдэв.
- Хөөе. Юу болж байна аа?
Цонхоор шагайвал хэн ч алга. Нүдний буланд нэг жаал гүйсээр булан тойрох шиг болов. Хүүхдүүд хурдан гүйдэг л дээ. Хамгийн муу гүйдэг нь л сая далд оров бололтой.
Тэрээр эргэж бөмбөгийг харуут түс хийтэл инээд алдав. Доктор Пнин хүүдээ бөмбөг бэлэглэхэд яадаг билээ? Хөл бөмбөг сонирхдоггүй америк жаал цоо шинэ бөмбөгийг цонхоор гаргаад шидчихдэг, Yгүй ээ, талбай дээрээс өшиглөсөн бөмбөг гурван давхрын цонхоор орно гэж байх уу? Монголд л ийм тэнэг хөлбөмбөгчин төрнө.
Нэгэнт хэргийн эзнийг олохгүйгээс хойш бөмбөгийг өөртеө үлдээхээр шийдэв. Шилэн лонх ч үнэтэй байж. Нэг ангийн дөчөөд хүүхэд гэрээсээ нэг нэг лонх авчран, "Шилний дэлгүүр" гэсэн хаягтай мөд онгойдоггүй мухлагийн үүдэнд өдөржин бужигналдаад сая нэг бөмбөгний үнэ цуглуулж байсан сан. Охид волейболын бөмбөг авна гээд хөвгүүд сагсныхыг авна гээд бөмбөг зардаг дэлгүүрт хүрэхийн алдад хөвгүүдийнхээр болчихоод байтал, дэлгүүрт сагсан бөмбөгийн төрөлтэй юу ч байсангүй. Ганцхан ширхэг волейболын бөмбөг үлдсэн нь бөөрөндөө халцархайтай аж.
- Өөр байхгүй ээ гээд худалдагч халгаасангүй. Харин хөл бөмбөгийн бөмбөг нэлээд хэд байсныг яана.

Ингээд ангиараа хөлбөмбөгчид болцгоов. Маргааш орой нь л шинэхэн бөмбөгний бөөрөнд эхний халцархай гарч, хэн хүнгүй халаглацгаасан ч тэр бөмбөг бүтэн хоёр жилийн турш тэдний хөөцөлддөг ганц зүйл болж, анги даасан багш нь:
- Энэ гайтай ширнээс болоод манай ангид муу сурлагатан гурваар нэмэгдлээ гэж халаглаж байсан сан.
Хэн гурав муу сурлагатан болсныг тэр одоо ч бодоод бодоод олдоггүй юм. Тэдний ангийнхан бараг бүгдээрээ муу сурдаг байсан тул, хааяа нэг сайн дүн авсныгаа жигтэйхэн гоочилно. Тиймээс сайн суръя гэж хэн ч боддоггүй, тэдний ангийн адгийн хөлбөмбөгчин ч гэрийн даалгавраа хийдэггүй байв.
"Би ч нээрээн адгийн хөлбөмбөгчин байсан шүү" гэж тэр цонхоор орж ирсэн бөмбөгийг ажингаа бодов.
- Гэхдээ арай ч ийм мурий хөлтэй байгаагүй ээ! гэж цонхыг нь нядаасан үл таних жаалд хорссондоо чанга хэлчихээд, бөмбөгийг шалан дээр тавьж өшиглөв. Бөмбөг үүдний хонгилоор нисч угаалгын өрөөний хагас нээлттэй хаалгаар маш цэвэрхэн орлоо.
- Гоол!

Гэнэт өлсч байгаагаа мэдэрсэн тул өлгүүрээс хүрмээ авч, гутлаа углаад гадагш гарав. Байшингийн буланд хэдэн жаал бөөгнөрөн чанга чанга хөхрөлдөж байснаа түүнийг харуут чимээгүй болцгоов. Нэг нь орон сууцны мужааны хүү байна. Зун аавтайгаа цуг ирж хаалга янзалж өгсөн юм.
- Аав чинь бий юу?
- Байгаа.
- Орой цонх шиллээд өгөөч гэж байна гээд хэлчихээрэй.
- За.
Хүүхдүүд бие бие рүүгээ хурдхан ширтэлцээд авав. "Хэргийн эзэд!"

Ойролцоох гуанзанд тэдний ангийн охин ажигладаг юм. Уг нь царайлаг аятайхан зантай охин. Одоо хэр нь нөхөргүй. Өөрөө гуанзны эзэн мөртлөө орж ирэгсдэд хоол зөөж үйлчилнэ.
- Би л байсан бол энэ хиншүүн дунд...
- Чи ойлгохгүй ээ. Алив, сууж бай. Би чамд хоол аваачаад өгье.
Ангийнх нь охин ширээн дээр шөл, шарсан өндөг, мантуу өрлөө. Энгэрээр мөөм нь цухалзана.
- Цай өгөөч.
- Өнөөдөр пивотой шүү,
Удалгүй ширээн дээр хоёр лааз шар айраг шилэн аяга нэмэгдэв.
- Танайд пиво зардаг юм уу? гэж хажуугийн ширээнд суугаа хоёр эрийн нэг бүдүүн дуугаар хүнгэнэлээ.
- Манайд согтууруулах ундаа зардаггүй ээ гээд ангийн охин цаашаа эргэв.
- Эгдүүтэй дамшиг байна шүү гэж бүдүүн дуутыг хэлэхэд, хажуу дахь нь бүр таарсан юм шиг нарийхан хоолойгоор:
- Би хөхийг нь харах гэж наашаа ирдэг юм хэмээн шивэгнэх дуулдав.
Гуанзанд тэр нэлээд суулаа. Ангийн охин нь пивоны үнэ авахгүй гэжээ. Тэндээсээ гараад дэлгүүр орж бөмбөгний үнэ сонирхвол, хоёр мянган төгрөг гэлээ. Ангийн охин нь хоолны үнэд өдөр бүр таван зуун төгрөг авдаг. Тэр өдөрт нэг л удаа хооллодог. Орой нь ус буцалгаж уугаад нэг бүтэн талх идчихдэг. Ээж нь нас барснаас хойш ямагт ингэж л амьдарч байгаа. Номын сангийн гэрээр ном олгох тасагт насаараа ажилласан ээжийнхээ буянаар тэр одоо ч номоор тасардаггүй. Сард хоёр, заримдаа гурван удаа үүргэвч үүрээд хотын бараг нөгөө захад байх номын сан руу явна Сүүлийн үед түүнд унших шинэ ном олдохоо больжээ. Тиймээс ажилчдын дүүргийн хүн цөөнтэй номын санг ёс төдий л эргэдэг аж.
Номын санч ээж нь нас барахдаа:
- Миний хүү гуч хүрээд эхнэр аваарай. Чамд би өдөрт таван зуугаар бодож хоёр жилийн хоолны мөнгө хураасан. Хоёр өрөө байр чамд томдоно. Нэг өрөө болгож солиод, зөрүү мөнгөөр нь эхнэртээ хуримын бөгж, гутал хувцас авч өгнө биз гэжээ. "Инфляци" гэдэг үг ямар.ч номонд байгаагүй үе.
Тэр байраа багасгаад, өөртөө хэдэн ном авчээ. Тэдэн дунд Набоков байсан хэрэг. Хатуу хавтастай, сайн хэвлэсэн, хэд хэдэн Набоков.
Өнөөдөр тэр гуч хүрэв. Ангийн охин мэдсэн юм шиг пивоор дайллаа. Гэнэтхэн нөгөө хажуугийн ширээний хоёроос ангийн охиноо харамламаар болжээ. "Хөхийг нь харах гэж ирдэг" гэнэ ээ?
Мужаан шатан дээр сууж байв. Хана түшүүлэн шил тавьжээ. Гэрт оруут шуудхан л бэлэн шилээ тавиад, ердөө арваад минутын дотор жин тан болгочихлоо.
- Та хэмжээг нь яаж ийм сайн мэдэж байна аа?
- Энэ байрны бүх цонхны хэмжээг би цээжээр мэднэ.
- Хэдийг төлөх вэ?
- Шилний үнэ дөрвөн мянга. Хийсний хөлсөнд, яахав, ганц мянгыг л авах уу даа. Хажуугийн гуанзанд таваг хуурга л авах мөнгө.
Тэр амаа ангалзуулав. Дөрвөн мянга! Хоёр бөмбөгний үнэ байх гэж уү? Гэнэт түүнд "Яг танай хүү л манай цонхыг хагалсан даа" гэсэн бодол төрөхөд хэлчихээсээ өмнө амжиж хэлээ хазаад, орныхоо гудсан доогуур хийсэн том хавтасны завсраар таван зуутын дэвсгэрт арвыг тоолж өгөв.
- За, баярлалаа. Өөр хэрэг гарвал хэлээрэй гээд мужаан угаалгын өрөөний зүг хяламхийв. Гэрлээ унтраахаа мартчихаж. Хөлбөмбөгийн бөмбөг яг босгон тушаа нь харагдана.
Мужааныг нэгдүгээр давхарт хүрч явахад тэр гүйж очив.
- Та хажуугийн гуанзанд таваг хоол хэдэн төгрөг байдаг гэнэ ээ?
- Ямар гуанз? Ямар хоолны үнэ тэр билээ?
Мужааны царай гайхсан гэхээсээ илүү айсан янзтай болжээ.
- Уучлаарай, би зүгээр л хажуугийн гуанз ямаршуу хоолтой байдаг юм бол, таныг мэдэх юм байна гэж бодоод л ...
Мужаан тайвширч, бүр баярласан янзтай санаа алдан инээмсэглээд,
- Өө, би ч гэр энд болохоор гуанзанд ордоггүй л дээ. Гэхдээ хоолыг нь мэднэ. Дажгүй хоолтой, үнэ нь ч гайгүй санагдсан шүү. Таваг хуурга цайтай авсан юм байна. Саяхан даа, яг хэзээ ч билээ? Мянган төгрөг жаахан гаруй бол луу. .
- Тэгвэл таван зуун төгрөгөөр нэг, хоёрдугаар хоол. салаттай, бас хоёр аяга сүүтэй цай, мантуу авч хүрэхгүй нь ээ?
Мужаан учиргүй хөхрөв. Хөхөрч, хөхөрч,
- Салаттай гэнэ шүү! Иш, та нар амьдралаас мөн тасархай байна даа. Хоёр талх ч авч хүрэхгүй мөнгөөр тийм их хоол өгдөг гуанз гэж юу байх вэ дээ. Чиний хэлсэн бүхнийг авахад лав дөрөв таван мянга хүрнэ дэг ээ гэлээ.
Тэр гэртээ эргэж оруут бөмбөгийг угаалгын өрөөнөөс гаргаад "Май, чи, тэнэг Пнин! Төрсөн өдрийн бэлгээ ав!" гэж амандаа үглүүт байдаг хүчээрээ өшиглөж орхив.
Энэ удаад харин наад талын цонх л хагарчээ. Хөл бөмбөгийн бөмбөг ахиад л орон дээгүүр өнхөрч явав.
Сургуульд байхдаа тэр хичээлээ давтахын оронд уран зохиолын ном уншдаг байв. Яагаад гэвэл, хичээлээ давтаад байвал сайн сурчихна. Сайн сурах юм бол ангийнхныхаа нүүрийг яаж харах юм бэ?
Харин азаар есдүгээр ангид орж, хөлбөмбөгчдөөс нэг салж билээ. Есдүгээр ангид чүү чамай "гурав", "дөрөв" хольж явсаар, аравт оржээ. Аравдугаар ангидаа хичээлдээ ихэд шамдсан боловч тоо, физик химийг яагаад ч нөхөж авахааргүй хоцорсон байлаа. Харин хэл, уран зохиолд мань эр толгой цохиж, сургуулийнхаа сайчуулын тоонд багтах болов. Гэвч нийгмийн мэдлэг сулаас дээд сургуульд орж чадсангүй. Цэрэгт явъя гэтэл хараа муу гээд тэнцсэнгүй.
Ингээд арван жил ээжээрээ тэжээлгэн, ээжээрээ ном зөөлгөн жижиг өрөөндөө суужээ. Тэр арван жилд юу эсийг уншсан гэх вэ. Тэр арван жил бол амьдралынх нь хамгийн жаргалтай үе байв. Хоёр жилийн өмнөөс тэр бие даан амьдарч эхэлсэн хэрэг.
Хоёр жилийн өмнөөс л түүний амьдралд Набоков орж иржээ. “Гавьяа", "Ноён, хатан, боол", "Цаазаар аваачих урилга", "Лужины хамгаалалт", тэгээд "Ада" ... Харин "Лолита!' түүнд таалагдаж байсангүй. Набоковтой уулзаж байна гэж төсөөлөн бодохдоо тэр энэ тухайгаа ер хэлээгүй.
- Төгсгөл нь гайхалтай сайхан болсон шүү! гэж тал засчээ.
Заримдаа тэр зохиолчийг Найттай андуурч үзэн ядна. "Себастьян Найтын бодит амьдрал" хэмээх романыг нь уншиж дуусуут :
- Набоков яг үнэндээ Набоков биш, Найт байсан юм биш байгаа? гэж өөртөө хэлчихээд удтал шаналжээ. Набоков Найт байхад юугаараа муу юм бэ гэдгийг тэр мэдэхгүй. Юутай ч, Найт маш муу хүн шиг санагджээ.
Тийм сэтгэлийн улмаас нэг удаа Набоковт :
- Найт учраас танд Нобелийн шагнал өгөөгүй гэчихжээ. Зохиолч түүний ор үндэсгүй төсөөлөл рүү жуумалзан ширтсэнээ хонх цохиж өөртэйгөө үе тэнгийн нарийн бичгийн даргаа дуудаад,
- Энэ хүүг тэр ганц өрөө байранд нь хүргэж өг гэх үгүй ээ, яалаа гэж Набоков тэгж хэлэхгүй,
- Тантай ярилцахад сайхан байлаа Мистер Бен, та энэ залууг хүргээд өгчихнө үү. Аль буудалд буусан гэлээ? гэх вий.
Набоковт "Та өерөө Найт” гээд хэлчихсэндээ ихэд харамсав. Би ёрын Нобелийн шагналын тухайд ... Уг нь болсон явдал биш, бодол юм чинь залруулж болно л доо. Гэвч тэр хар багаас л бодол мөрөөдлөө залруулж, буцаад эхнээс нь шинээр бодож явсангүй. Бодол бол түүний хувьд амьдрал л гэсэн үг.
Цонхыг хага цохин бөмбөг орж ирсний маргааш тэр хажуугийн гуанзанд орсонгүй. Хотын төвд байх нэг гуанзанд орж, амт гэж авах юмгүй хоол авав. Шөлнөөс гурав халбагадаад орхиж. харин дөрвөн ширхэг хуушуурыг нь идчихлээ. Нэг аяга байхуу уув. Энэ хоол нь хоёр мянга хоёр зуун төгрөг болжээ.
Ахиж тэр гуанзанд орсонгүй. Хажуугийн, хотын төвийн алинд ч. Орцны цэвэрлэгч нэг удаа бэлэн хоол идэж байхыг харсан, тэр нь жигтэйхэн сайхан үнэртэж байсныг санав. Ингээд талх, бас бэлэн хоол авдаг, ус буцалгаж уудаг боллоо.
Нэг өдөр номын сангаас авсан гурван ширхэг номоо эргүүлж өгөхөөр очтол, ээжийнх нь ажлыг авсан эгч алга. Гэрээр ном олгох тасагт ганцхан л хүн байсан нь гурвалжин шатан дээр гараад зогсчихсон годгор охин аж. Тэр танил эгчээ хүлээж удаан зогсов.
Өнөөх годгор охин хамгийн дээд талын тавиур дээрээс нэг ном унагачихав. Ном шалан дээр нэг өнцгөерөө буухад, хөх өнгийн хатуу хавтас нэг тийшээ, дотор хэсэг нь нөгөө тийшээ салж одлоо.
- Өө!
Годгор охин сая л түүнийг олж хараад,
- Та юу гэж явна? гэж асуув.
- Цэрмаа эгч хаачаав?
- Цэрмаа эгч тэтгэвэртээ гарсан шүү дээ. Би оронд нь ажиллаж байгаа.
- Би авсан номуудаа авчирлаа,
- Одоохон. Та тэр унасан номыг аваад өгөөч.
Тэр эхлээд дотор хэсгийг, дараа нь годгор охины зогсоо гурвалжин шатны яг доогуур орчихсон хөх хавтсыг авав. Хавтаснаа "Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг гэж бичжээ
- Та Гүнболд уу? гэж авчирсан номуудыг нь бүртгэн авахдаа годгор охин инээмсэглээд,
- Таныг би сайн мэднэ шүү. Цэрмаа эгч таныг надад захисан юм гэлээ
Гүмбер Гүмбер гэж байгаа юм шиг сонсогдоход анх удаа тэр нэрнээсээ учиргүй ичжээ. Годгор охин харин хаа очиж гоё нэртэй юм.
- Нараа гээд жижигхэн хүйтэн гараа сунгав.
Ээжийнх нь хэлсэн нөгөө хоёр жил дуусчихсан, одоо тэр эхнэр авах ёстой шүү дээ. Нарааг цааш ном бариад эргэхэд, богинохон бошинзон доороос нь хараад л баймаар хөөрхөн гуя тахим үзэгдлээ. Годгор охин гэнэт зогтусаад эргэн харахад түүний нүүр халуу оргиод явчихав.
- Та одоо харих уу? гэж Нарааг асуухад анхандаа сайн ойлгосонгүй.
- Та эндээс шууд харих уу?
- Аа, ээ, оо ... Юу л даа.
- Манайх танайхтай нэг байр шүү дээ
- Тийм үү?
- Бүр нэг орц.
- Тийм үү? Би мэдэхгүй юм.
- Та мэднээ. Танай хуучин байранд би амьдардаг юм. Таныг байраа солиход аав надад авч өгсөн...
Нараа номын тавиурын цаагуур орчихоод зарим үг нь дуулдсангүй.
- Хэрэв та одоо шууд харивал би цуг явах гэсэн юм.
- Yгүй ээ, би өөр тийшээ явна.
- Хаачих юм бэ?
- Аа, ээ, оо... Юу л даа.
- За, за. Би оройд ганцаараа зурагт үзээд л сууж байдаг. Та орж ирээрэй. Надад танаас асуух юм их л байна. Цэрмаа эгч таныг "Манай номын сангийн бүх номыг уншсан” гэж байсан.
Тэр номын сангаас гараад шууд харив. Бэлэн хоолоо идчихээд нам унтлаа. Хонх дуугарахад тэр давхийн сэрэв. Хонх ахиад л дуугарна.
Ангийнх нь охин байлаа.
Тэр байхуу чанаж, талх зүслээ.
- Эртээр, орой ажлаа тараад танайд ирэх гэж бодож байтал ерөөсөө амжсангүй,
- Хэзээ?
- Яагаав, чиний төрсөн өдрөөр.
- Юун төрсөн өдөр?
- Би чиний төрсөн өдрийг мэднэ шүү дээ.
- Тэгээд чи пивоор дайлсан юм уу?
- Чи яагаад очиж хоол идэхээ больчихов?
- Би гэртээ хоол идэж байгаа.
- Бэлэн хоол ч манай гуанзныхаас муу даа.
- Би чиний хөхийг л харах гэж танай гуанзанд очдог байсан юм. Бөхийх бүрт чинь цухалздаг болохоор ...
- Юу?
Ангийнх нь охин цүнхээ шүүрч авахад тэндээс шилтэй архи гулган унаж хага үсрэв. Өрөөгөөр нэг исүүн үнэр хамар цоргино. Цоож торхийснээ, хаалга тасхийлээ.
Тэр цонхон дээрээ зогсоод гудамж руу харав. Ангийн охин тоглоомын талбайн хажуух замаар гүйхээрээ өнгөрч, нөгеө цонхыг нь хагалсан жаалууд нуугдаж амжсан буланг тойрлоо. Түүний амьдралаас хамгийн чухал, хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болохыг, түүний доторх амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентген туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв. Бүр тэр судас пүд хийн дуугарч тасрах нь сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээ.

Тэр цонхноос холдон хананд өлгөөтэй эрвээхэйн хатаамалд дөхөж очиж удтал ширтлээ. Нэгэн залуугаас худалдан авч билээ. Эрвээхэйн эзэн "Архи уух гэсэн юм. Ганцхан шил юмны үнээр өгчихнө" гээд түүнийг удтал хоргоосноо авахгүй болохоор нь урамгүйхэн хоцорсон сон. Тийм гоёмсог эрвээхэйн үнэтэй ганц шил юм гээч нь одоо өрөө дүүрэн үнэртэнэ. Набоков эрвээхэй барьдаг байсныг, бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй шинээр нээн олсныг тэгэхэд мэддэггүй байв. Харин дараахан нь "Пильграм" хэмээх өгүүллэгийг нь уншжээ. "Пильграм” - ыг уншиж дуусуут тэр ухасхийн гарч нөгөө залууг хайсан хэрэг.
Нөгөө л дэлгуурийнхээ үүдэнд зогсч байж.
- Ганц шил юм гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн уг вэ?
Залуу энэ удаад түрүүчийнхээсээ арай том, хар цоохор эрвээхэйг гоёмсог хөндий жаазтай шилэн гуунд хийн барьсан байв.
- Яахав, өөрийг авмаар санагдвал манайхаар очоорой гээд залуу гэрийнхээ хаягийг цаасан дээр зурж өгсөн сөн.
Эрвээхэй зардаг залуугийнх холгүй ажээ. Яг тэднийх шиг байшин, яг тэднийх шиг орц, бас гуравдугаар давхарт, яг л тэднийх шиг хаалга.

Залуу түүнийг харангуутаа л таньжээ.
- Өө, сайн уу? Орооч! Морьтой явна шүү!
"Морьтой" гэдэг нь, юу гэсэн үг юм бол?
Тэд гурвуулаа сууж байлаа. Нүүр нүдээ арай ч хэтэрхий гэмээр будсан, хоёулаа яг ижилхэн урт урт ногоон хумстай хоёр бүсгүй түүн рүү зэрэг харснаа хэлэлцсэн юм шиг нэгэн ззрэг инээмсэглэв.
- За, эрвээхэйнүүд минь, ууна аа. Танилц, хэн билээ?
- Гүнболд.
- Аа, тийм. Гүнболд ..
"Эрвээхэйнүүд" гэж нөгөө хоёр бүсгүйд хандан хэлсэн ч, түүнийг бас хамтруулаад ийн нэрлэчих шиг санагдсанд жаахан эвгүйцлээ.
- Чи эрвээхэй авах гэж явна уу?
- Yгүй ээ.
- Аа, тэгвэл эрвээхэй авах гээ юу?
Хоёр бүсгүй тас тас хөхрөлдөв. Эрвээхэй зарагч яагаад нэг л асуултыг хоёр дахиж асуусны учрыг тэр олсонгүй. Гэвч даган инээжээ.

Өглөө сэрэхэд дотор нь тун муухай байв. Ам учиргүй цангажээ. Гал зуухны өрөөнд орж цоргоны хуйтэн ус уутал дотроос нь оргиод ирэв. Жорлон руу орж сайн бөөлжиж аваад, нүүрээ толинд харахаар угаалгын өрөөний хаалгыг таттал дотроосоо түгжээтэй. Шүршүүрийн усны жигдхэн дуу сонсдоход л тэр өчигдрийн явдлыг сая саналаа.
Эрвээхэй зарагчийнд тэр эхлээд дөрвөн хундага архи уужээ. Дараа нь гоё амттай улаан дарс, сүүлд нь ахиад архи ууснаа санав.
- Чамд хэн нь таалагдаж байна? гэж эрвээхэй зарагч асууж байсан Хэн гэж хэлснээ тэр санах гээд ер чадсангүй. Хоёр бүсгүйн алинтай нь хамт гэртээ ирснээ санаж байна л даа. Бүр тэдний хооронд юу болсныг ч санаж байна.Эмэгтэй хүний нүцгэн биеийг тэврэх хичнээн сайхан байсныг бүүр түүр дурсав. Бүсгүйн нэрийг л бодоод бодоод олсонгүй.
- За, дотор зүгээр үү?
Нойтон бүсгүй хөнжлийг нь сөхөн орж ирэв.
- Пөөх. чи намайг хүлээгээ юу?
Гүнзгий автсан амтат бодлыг нь бүсгүй нойтон сэрүүхэн гараар тэмтэрч үзээд ийн дуу алдаж, дээр нь гарч суулаа. Аажуухан сууж гүйцмэгцээ эргэн өндийв. Ийн суун босох мэт өндийж байх зуураа:
- Нараа гэж хэн бэ? гэв.
- Нараа?
- За, битгий нуугаад бай. Чи шөнөжингөө л намайг Нараа гэж дуудсан шүү дээ.
Бүсгүй будаггүй, бүр хумсгүй болчихож. Ерөөсөө огт танихгүй эмэгтэй түүний хөнжлийг нөмөрчихсөн, дээрээс нь тонгойж байгааг тэр хачирхан ажиглав. Энэ нь бүр тааламжтай санагджээ.
Дараа нь бүсгүй түүнийг дэрлэн унаж чихэнд нь "Тамхи асаагаад өгөөч" гэж шивнэлээ. Өчигдөр бүсгүйчүүл тамхи татаж байсныг санав. Харин одоо тамхи татах гэсэнд зэвүү хүрлээ. "Ширээн дээр тамхи, асаагуур хоёр бий" гэж чихэн дээр нь үргэлжлэн халуу оргиход,
- Би тамхи татдаггүй. Тийм болохоор асааж чадахгүй гэж ууртай дуугарчээ.
Бүсгүй босч тамхи татав. Хариу ч үгүй туранхай, бас царай муутай юм.
Одоо тэр хүүхнийг жигшиж байлаа.
- Чи явахгүй юм уу?
- Явлаа, явлаа. Харин чи мөнгөө ...
Бүсгүйг хувцаслаж байх зуур тэр гудсан доогуураа гараа оруулан тэмтчиж, тааралдсаныг нь авч сарвайлаа. Бүсгүй хоржоонтой хянамгайхан тоолж үзээд,
- Гурван мянга дутуу байна гэв.
Тэр гудсан доогуураа ахин гараа оруулан имэрч , зургаан ширхэг таван зуут гаргаж өглөө.
“Эрвээхэйг" ЯВСНЫ дараа тэр гудсаа сөхөв. Таван зуутын багц арван нэг, сул таван зуут тавин хоёр үлджээ. Тоолохоос залхуурч орхисон зуут, тавьтууд, хүрэмний халаасанд байгаа мөнгийг нэмэх юм бол бараг зургаан зуун мянга болох нь.
Тэр мөнгийг сонинд боож, гялгар уутанд хийгээд гарч хажуугийн гуанзанд очлоо. Ангийнх нь охин алга. Оронд нь хижээл эр сууж байв.
Тэр нэг хоёрдугаар хоол, салат, хоёр аяга сүүтэй цай, мантуутай авлаа. Тооцоогоо хийх үедээ хижээл эрд хандан.
- Энд зургаан зуун мянга бий. Та Гүнболдын өр гээд дамжуулчихаарай гээд тортой юмаа өгөв.
Тэгээд гэртээ ирж, ширээний ард суун удтал юм бичжээ.
Маргааш нь тэдний цонхны тушаа тоглоомын талбай дээр бараг шинээрээ шахам хөлбөмбөг хэвтэж байв.

Долоо хоногийн дараа байрны цэвэрлэгч авгай мужаан, цагдаа, бас өөр гурван эр дагуулан ирж, тэдний хаалгыг лацдаж аваад явлаа. Бүтэн сайн өдөр ангийнх нь охин ирж түүнийг асууна. Ямар ч сураггүй гарсангүй. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг гэрчлэх зурагтай хуудасны нэг буланд дэггүй жаалууд эр хүний бэлэг эрхтэн зурчихсаныг номын санч Нараа нэгэнтээ санаандгүй олж харуут хуулан авчихжээ.
Read On 0 comments

Х.Болор-Эрдэнэ тайз дэлгэцийн бүтээл

5:02 AM

"Би чамд хайртай - 2" кино 2009 зохиолч Батрэгзэдмаагийн хамтаар

"Ми - 15" кино 2010
Read On 0 comments

Х.Болор-Эрдэнэ номнууд

5:00 AM
"Нүцгэн шөнө" 2002
"Зүрхэнд үйлдвэрлэв" 2004
"Диваажингийн хоригдол" 2007
"Би бид хоёр" 2009
Read On 0 comments

Х.Болор-Эрдэнийн товч намтар

4:55 AM

1975 оны 8-р сарын 15нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд монгол хэл бичгийн дээд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. 2005 онд "Зүрхэнд үйлдвэрлэв" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн. 2010 онд "Би, бид хоёр" номоороо Алтан өд шагнал авчээ.
Read On 0 comments
Read On 0 comments

Д.Намдаг тайз дэлгэцийн бүтээл

6:50 AM
"Шарай голын гурван хаан"
"Шинэ байшинд"
"Наян чулууны ой"
"Эрдэмтний яриа"
"Хангайн нуруунд"
"Үр тариа"
"Сандралт арав хоног"
"Ээдрээ"
"Оролмаа" зэрэг жүжгийн зохиол
"Нүгэл буян" киноноос гадна доорхи жүжгүүдийг найруулан тавьсан байна
Гоголийн "Байцаагч түшмэл"
Лопе де Вегийн "Хонин булаг"
"Учиртай гурван толгой"
Read On 0 comments

Д.Намдаг номнууд

6:41 AM
"Алим" өгүүлэг 1952
"Цаг төрийн үймээн" роман 1960, 1967, 1996
"Эрхэм зураг" 1960
"Шарай голын гурван хаан" 1661, 1970
"Сүрэг чоно" 1980
"Тогос хээр" 1662"Гомпилын бага хүү" 1982
"Наян чулууны ой" 1985
"Түүвэр зохииол" гурван боть
"Шинэ монголын театр" Дурдатгал 1988
"Ухаан бодлын охь, уран зохиолын тухшлага" 1995
Гадаад хэлээр
"Тревожные годы" Роман А.Ринчинэ-ийн орчуулгаар 1964,
М.Прогресс 1970 онд
"Цаг төрийн үймээн 1977 онд Казакстанд орчуулагдаж байсан байна.
Read On 0 comments

Д.Намдагийн товч намтар

6:30 AM
1911 оны 10 сарын 20нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 1964 онд Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1962 онд "Цаг төрийн үймээн" романаар, 1983 онд "Ээдрээ", "Оролмаа эх" жүжгийн зохиолоор төрийн шагнал, 1969 онд "Наян чулууны ой" жүжгийн зохиолоор МЗЭ - ийн шагнал, 1971 онд УГЗ цол хүртсэн. Тэрээр Монголын үндэсний театрыг үүсгэн байгуулалцсан. Мөн бичихийн хажуугаар гэриын шавь сургууль байгуулж жүжгийн зохиолч шавь төруулж байжээ.
Read On 0 comments
Read On 0 comments

Ч.Мягмарсүрэнгийн товч намтар

6:17 AM
1956 онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн. ХАА-н дээд сургуулийг эдийн засагч мэрэгжлээр төгссөн. 1980 оноос уран бүтээлээ эхэлсэн.
Read On 0 comments

Ч.Мягмарсүрэнгийн номнууд

6:15 AM
"Тэнгэрийн цэнхэр морьд"
"Бодь сэтгэл" 1990
"Аргалын гал" 1991
"Ташаа тамгаар Чулуут"
Read On 0 comments

Д.Одгэрэл номнууд

6:04 AM
"Тэнгэрийн нулимс" Шүлгүүд 1997
"Хоёр эсрэг тэнгэр" шүлгүүд
"Тэнгэрийн зүрхтэй дээд хүч" шүлгүүд
"Зүрхний нүдэнд гэрэлтэх тэнгэр" Шүлгүүд
Read On 0 comments

Д.Одгэрэл товч намтар

6:01 AM
1969 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Яруу найрагч, зураач. 1991 онд УБИС, 1995 онд СУИС төгссөн. 1986 оноос урн зохиол бичсэн
Read On 0 comments

Яруу найрагч Б. Галсансvх: Шvлэг бичээд байхаар өлсөж vхчих гээд байна

6:56 AM
Яруу Найрагч Б.Галсансүх 2006 онд Ардын эрх сонинд өгсөн ярилцлага

Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд болох гэж байна. Та энэ хуралд ямар ач холбогдол өгч, ямар vvрэг рольтойгоор оролцох гэж байна?
Би ийм утгагvй хуралд оролцохгvй. Энэ бол шvлэг бичдэг тэтгэврийн хэдэн өвгөний л хийж байгаа ажил. Гадаадын хvмvvс их харамч шvv дээ, өөрсдөө мөнгө төлөөд явахын оронд аль нэг улс орны засаг төрөөр ивээн тэтгvvлээд явж байх сонирхолтой. Yндсэндээ Г.Мэнд Ооёогийн зохион байгуулж байгаа бизнесийн ажил.
Энэ чинь Дэлхийн яруу найрагчдын их хурал биз дээ?
Одоо цагг хэн дуртай нь Гараг хоорондын яруу найрагчдын их ху¬рал гээд хийчхэж болно, Дэлхийн яруу найрагчдын хоёр дахь академи гээд байгуулчихаж ч болно. Хэн дур¬тай нь Дэлхийн эсвэл Монголын гэсэн нэртэй хувийн байгууллага байгуулж болдог болжээ. Яруу найраг, уран зохиолоор ингэж бизнес хийж болохгvй биз дээ. Яруу найргийг хувь хvн өөрийн сонирхлоор, өөртөө таашаал авч бичдэг болохоос дэл¬хийн их хурал хуралдсанаар яруу найраг хөгжинө гэж байдаггvй.
Сvvлийн vед уран бvтээлчид дан ганцаараа бvтээлээ хийх нь явцгvй боллоо, харин хэсэг бvлгээрээ нийлбэл уран бvтээлээ хvмvvст илvv хvчтэйгээр хvргэх болно гэж vзэх боллоо. Та ийм маягаар бvтээл хийх vv?
Хэсэг бvлгээрээ шvлэг бичнэ гэж юу байх вэ дээ. Бvгдээрээ нэг ангид суугаад, ижил сэдвээр адилхан бичнэ гэсэн vг vv? Ийм яруу найраг гэж байдаггvй юм. Уран зохиол гэдэг хувь хvний ажил. Утга зохиолын төлөө яваа хvмvvс өөрсдийн дур сонирхлоор янз бvрийн бvлэгт хуваагддаг боловч энэ нь vзэл бодлоороо нийлж байгаа болохоос биш яруу найраг, уран бvтээлээрээ нийлж байгаа юм биш.
Яруу найрагч хvн өөрийн уран бvтээлийг хvмvvст заавал ойлгуулах хэрэгтэй юу?
Заавал ойлгуулах шаардлагагvй. Би ийм шvлэг бичсэн гээд номоо гаргавал боллоо. Номноосоо тэр хvн ямар яруу найрагч вэ гэдэг нь танигдах байх. Тvvнээс биш та нар vvнийг уншаад өгөөч гэж гуйж гувшаад, ярилцлага өгөөд, мөнгө эгч өөрийнхөө тухай тэнэг шvvмжлэгч нараар магтуулж бичvvлээд байх шаардлагагvй гэж бодож байна.
Таны номноос хvмvvст юу vлдэх ёстой вэ?
Юу ч vлдэхгvй байж болно. Заавал юм vлдээх албагvй. Надаас юм vлдээх гээд нэхээд байх шаардлагагvй.
Тэгвэл та яагаад дөрвийн дөрвөн ном бvтээсэн юм бэ?
Би ном гаргаад, иймэрхvv юм бичлээ гээд харуулж болохгvй гэж vv. Дур эзнээ голохгvй гэж vг байдаг биз дээ.
Яруу найргийн өнөөгийн чиг хандлага юу вэ? Постмодерн уу?
Ер нь яруу найраг шинэчлэлгvйгээр урагш явахгvй. Аль 50-60-аад оны vеийн Б.Явуухулан шиг, эсвэл Д.Пvрэвдорж шиг, Д.Төрбат шиг бич гэж "Монголын нууц товчоо" уран зохиолын сургуульд шаарддаг гэсэн. Тэгж шаардсанаар уран зохиол хөгжихгvй шvv дээ.
Тэгвэл хамгийн сvvлийн vеийн бичлэгийн чиглэлийг нэрлэх боломж бий юу?
Энэ дэлхий дээр хэн, хаана, юу хийж байгааг хэн ч мэдэхгvй. Монголын яруу найргийн хөгжил өнөөдөр зvгээр л 108 ботид хэвлэгдсэн зохиолуудын төвшинд яваа юм уу. Д.Төрбат "108 боть" нэрийн дор сайхан бизнес хийж байна. Yхсэн зохиолчид босч ирээд заргалдахгvй нь сайхан юм даа.
Огт өөр vзэл бодолтой, шинээр бvтээж туурвихыг хичээж буй хvн Монголд байхгvй гэж vv?
Тийм хvн маш цөөхөн байна. Энэ хэдэн хvн хийдэг юмаа хийнэ л биз, эсвэл хийхгvй ч байж болно. Заавал хий гээд шаардаад байх нь утгагvй юм.
С.Анударь гэж хэн байсан юм бэ? Танай vеийнхэн яагаад тvvний тухай дурсах дуртай байдаг юм бэ?
С.Анударь бол монголын цорын ганц авангард, постмодерн vргэлжилсэн vгийн зохиолч. Yзэл бодолдоо vнэнч, худлаа хэлж, хулгай хийж, хvн алах хvсэлгvй, хөгширтлөө новширч амьдрах хvсэлгvй... Тийм л хvн байсан. Залуугаараа талийгаач болсон.
Та хоёр найз байсан уу?
Тийм.
Тэр хvн хийх зvйлээ хийсэн болохоор явсан гэж та боддог уу?
Амьдрал утгагvй санагдаад л байхгvй болсон. Тэр хvн vхэх эрхтэй шvv дээ. Би ч, чи ч, бид бvгд vхэх эрхтэй. Яагаад ингэчхэв гээд нэхэж шаардаад байх нь утгагvй, буруу гэж бодож байна.
Би шаардаж биш, сонирхож асуусан юм...?Сонирхож бол болно оо.
Шvлэг таны хувьд юу вэ? Хvсэл vv, эсвэл ажил уу?
Шvлэг vv? Шvлэг бол би өөрөө юм. Хvсэл ч биш, ажил ч биш. Зvгээр л миний дотор байдаг нэг эрхтэн. Сэтгэл бол эрхтэн гэдэг шиг шv¬лэг бас эрхтэн.
Та бараг 10 жил чимээ аниргvй байснаа гэнэт хоёр ном зэрэг гаргасан. Энэ хугацаанд номоо л бэлтгэж байсан уу?
Шvлэг бичээд, УИХ-ын гишvvн болоод, сайдын ажил хийгээд, тэгснээ морь уяад, эсвэл бөх барилдаад, хажуугаар нь бизнес хийгээд бай¬гаа хvмvvсийг би гайхдаг юм. Би ийм олон ажлыг зэрэг хийж чадахгvй. Өчvvхэн миний бие болбоос шvлэг бичиж эхэлбэл цаг хугацаагаа зөвхөн шvлэгтээ л зориулна. Гэтэл шv¬лэг бичээд байхаар өлсөж vхчих гээд байна. Миний өлсөх хамаа алга. Харин хvvхдээ өлсгөөд, зvгээр хараад байж чадахгvй нь. Тиймээс одоохондоо vр хvvхдээ тэжээх хэрэгтэй байна. Би ямар авилгал, хээл хахууль аваад, улсын мөнгийг идэж, уул хадаар тэнээд байгаа биш, надад маш өчvvхэн мөнгө л хэрэгтэй. Гэр бvлээ тэжээхийн төдий мөнгийг би зовж олж байна шvv дээ.
Тэгвэл одоо та шvлгээ бичихгvй байгаа гэсэн vг vv?
Бичихгvй байгаа гэж ойлгож болно. Гэхдээ хожим бичнэ. Би бичвэл бvх юмаа зориулж бичдэг. Би бараг арван жил шvлэг бичихгvй байж байгаад "Сэтгэл гэдэг эрхтэн", "Постмодерн дөрвөн улирал" номуудаа нэг жилд л бичсэн.
Юу ч хийхгvйгээр шvлгээ бичье гээд цаг гаргахад таны онгод хvссэнээр тань ирдэг гэж vv?
Ирнэ. Ирдгийг нь би мэднэ.
Гэхдээ шvлэг төрөх нь танаас хамаардаг гэж vv?
Надад бол хамаа байхгvй л дээ. Гэхдээ, өнөөдөр гэнэт сэтгэл хөдөллөө, нэг шvлэг биччихье гэдэг яруу найрагч би биш ээ. Тийм ерөөлч, магтаалч биш. Бодож байж, оюун ухааны яруу найргийг бvтээж бай¬на. Зарим хvн ямар нэг ажлыг хийхэд 99 хувь нь хөдөлмөр, нэг хувь нь авъяас шаардагддаг гэж ярьдаг. Их хөдөлмөрлөж байж бvтээнэ ч гэх шиг. Yнэн хэрэгтээ хөдөлмөрлөдөггvй л байхгvй юу. Харин 99 хувийн авъяас, нэг хувийн хөдөлмөрөөс ямар нэгэн зvйл бvтдэг.
Зохиолчийн хөдөлмөрийг тамын хөдөлмөр гэдэггvй бил vv?
Худлаа. Өөрийнхөө хийснийг vнэд оруулах гэсэн хvний vг. Авсны нvх ухах ч гэсэн хvнд л ажил шvv дээ.
Цаашид vргэлжилсэн vгээр бичих vv?
Yгvй, залхуу хvрээд байдаг юм. Хvмvvс яаж ийм зузаан ном бичдэгийг би гайхаад, vнэхээр учрыг нь олдоггvй юм.
Орчин vеийн урлагт гоо сайхан чухал биш болоод байх шиг...?
Гоо сайхан гэдгийг нэг л юмаар төлөөлvvлэн харцгаах юм. Сайхан бvсгvй сайхан инээмсэглэж байвал тэр гоо сайхан ч гэх шиг. Муухай харж, уурлаж байсан ч гоо сайхан шvv дээ. Тэндээс гоо сайхныг яагаад олж хардаггvй юм бэ? Гоо сайхан гэдэг заавал сайхан бvсгvй, эсвэл сvрлэг баатар эр байх албагvй.
Та тамхийг яагаад ингэж угсруулан татдаг юм бэ?
Тамхи хортой гэж дандаа ярьдаг хэрнээ ашиг тусыг нь яагаад нэг ч удаа ярьдаггvй юм.
Тэгвэл ямар ашиг тустай гэж?
Тамхи татахаар их сайхан болдог. Тайвшраад, бас цаг зугаатай өнгөрнө.
Ер нь тантай хvсэл, vзэл нийлдэг яруу найрагчид Монголд байдаг уу?
Байдаг. Б.Одгэрэл, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс зэрэг яруу найрагчид, мөн "Хvрээ хөвгvvд" хэмээх утга зо¬хиолын бvлгийнхэн. Тэдэнтэйгээ хааяа уулзаад уран зохиолын ту¬хай сайхан "буу халдаг".
Ганцаардал таны хувьд нэлээд чухал зvйл байх...?
Хvн ганцаардаж байх хэрэгтэй. Ганцаараа байхын чухлыг мэдэрдэггvй хvнд бол энэ шаардлагагvй л дээ. Хvмvvс vргэлж хvй нэгдлийн vеийнх шигээ сvрэглэн амьдарч байна. Одоо цагт ганцаар байх боломж улам л хомс болж байна.
Та хоногийн хэд орчим цагт нь хөдөлмөрлөдөг вэ?
Завгvй гээд байгаа хvмvvс хамгийн их завтай байдаг. Хоног 25 цагтай байсан болоосой гэх хvмvvсийг би гайхдаг. Худлаа л байхгvй юу. Ажил хийнэ гэдэг өөрөө амралт шvv дээ.
М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг манай улсаас хамгийн сvvлд төгсөж ирсэн хvн бол та. Сургуулийнхаа тухай яриач?
Горькийн сургууль шиг агуу сургууль байхгvй гэж дандаа ярьдаг. Гэхдээ тэр агуу сургууль маань зах зээлийн нийгэмд ороод, дээд курс нь хаагдаад, vндсэндээ одоо Оросын уран зохиолын багш нарыг сайн бэлтгэдэг, манайхаар бол Багшийн их сургууль шиг л болох хандлагатай байна. Бас хувьчлагдах гэж байгаа. Хувьчлагдвал бизнесийн чиг хандлага руу л орно гэсэн vг. Гэхдээ Горькийн сургуульд зохиол бичих сонирхолтой хvмvvс цугладаг нь хэвээрээ. Тэнд хуучных шиг элийрч балайраад, архи уугаад явдаг цаг өнгөрсөн. Нэг нэг ном сугавчилсан хvмvvс л явж харагддаг юм.
Та хувиараа явсан уу?
Хувиараа явсан. Ажил төрөл гэж явсаар байтал гэнэт шvлэг бичмээр санагдаад... Мөнгөө төлбөл сурах боломж тэнд бий. Тэнд ч гэсэн бас зах зээл vйлчилж байна шvv дээ.
Би нэг жил сураад өнгөрсөн жил ирсэн. Идэж уухаас гадна Оросод ном их өндөр vнэтэй. Ер нь нийт 15 мянга орчим доллар зарцуулсан.
Монголын утга зохиолын сургуулиудын сургалтын талаар та юу хэлэх вэ?
Юу зааж байгааг нь би vнэндээ ойлгохгvй юм. Эртний уран зохиол, "Нууц товчоо”-г хэчнээн жил заадаг юм бэ.
"Нууц товчоо"-гоо судлах хэрэгтэй биз дээ?
Тэртэй тэргvй 10 жилийн сургуульд хангалттай судалчхаж бай¬на. Тэгээд ахиж vзээд байх ямар шаардлага байнаа. Цаана нь дэлхийн уран зохиол гэдэг агуу юм байна. Эртний Грек, эртний Энэтхэгийн зохиолыг судлаагvй байж ганц "Нууц товчоо"-гоо л заагаад байдгаа боливол таарна.
Мэдээж, маш их цаг зарцуулах нь буруу л байх. Гэхдээ "Нууц товчоо"-ноос авах юм ч бас байгаа шvv дээ...?
Би "Нууц товчоо"-г муу зохиол гэж ердөө ч хэлээгvй. Одоо улиг болсон юмаа давтахаа болиоч ээ гэж л хэлсэн. Бvхэл бvтэн уран зо¬хиолын сургууль байж хуучинсаг яруу найрагчид Б.Явуухулан, Д.Нацагдорж, Д.Пvрэвдорж, Д.Төрбатын зохиолыг судлахаа болиоч ээ гэж л хэлэх гээд байна. Тэрний оронд дэлхийн уран зохиолыг судлах хэ¬рэгтэй. Эзра Паунд гэж хэн байсан юм, Томас Элиотын яруу найргийн мөн чанар нь юу юм, адгийн наад зах нь Орос, Хятадын сvvлийн vеийн мундаг яруу найрагчдын шvлэг зохиолыг, Англи, АНУ-ын уран зохиолыг судалж хvрээгээ тэлэх ёстой. Хэдий болтол "Өвгөн парти¬заны яриа", "Тагтаа", "Сэгс цагаан Богд", "Дэр мод" гэж явах юм бэ? Шударга хэлчихье. Тэд чинь хоцрогдсон. Яагаад ийм vеэ өнгөрөөсөн юмыг сурталчлаад, залуу хvмvvсийн уураг тархийг хордуулаад байгаа юм бэ? Ингэснээрээ хvмvvсийг улам л ном унших дургvй болгож байна.
Бид ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
Монголын төр засаг боловсролынхоо системд өөрчлөлт оруулах ёстой. Улс нь мөнгө гаргаж уран зохиолоо хөгжvvлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр Солонгосын Боловсрол, соёл, аялал жуулчлалын яамны "Уран зо¬хиол, орчуулгын институт" дэлхийн улс бvрээс авъяастай яруу найрагч, зохиолчдыг улсдаа авчирч солонгос хэл зааж байна. Уран зохиолоо хегжvvлье гэсэн бодлоготойгоор төр нь мөнгө зарцуулж байна шvv дээ. Яруу найрагч Н.Пvрэв бид хоёр өнгөрсөн жил Турк, Вьетнам, Банг¬ладеш, Филиппиний зохиолчидтой хамт солонгос хэл судлаад ирсэн. Мэдээж нэг хэлийг гурван сарын дотор яруу найраг орчуулдаг болтлоо сурна гэж байхгvй. Харин би солонгос хэлэнд сонирхолтой болсон, vргэлжпvvлж сурч байгаа. Биднийг буцсаны дараа зургаан сараар сургах гээд өөр орнуудаас дахиад хvмvvсийг урьсан. Энэ vйл ажиллагаа 18 жил vргэлжлэнэ гэ¬сэн. Тэгэхээр энэ хугацаанд хэчнээн хvн сургах нь тодорхой. Ингэж ирээдvйд өөрийн уран зохиолоо олон хэл рvv хөрвvvлэх орчуулагчаа бэлтгэж байна. Тэгэхэд Монголын төр зах зээлд орсон, та нар өөрсдийгөө болгоод яв гэдэг. Урлаг соёл ингэж хөгжинө, улс төр, эдийн засаг ийм замаар явна, 20, 50,100 жи¬лийн дараа ийм амжилтанд хvрсэн байна гэсэн төрийн хар хайрцагны бодлого байх ёстой.
Yндсэрхэг vзэл гэдэг таны бодлоор яг юу вэ?
Орос, Хятад шиг том гvрэнд vндсэрхэг vзэл гэдэг жижиг vндэстэнийг дарласан их vндэстний дээрэнгvй vзэл болж хувирна. Манайх шиг жижигхэн улсын хувьд энэ нь vндэстнээ хамгаалах, авч vлдэх vзэл юм. Манай улс Африк тивд байсан бол би Хятадыг vзэн ядахгvй. Би Хятадын яруу найрагт дуртай. Ли Бай, Дv Пv гээд бvгдийг нь мэднэ. Даанч Монгол гэдэг vндэстэн мөхөх чимээгvй аюул хажууханд байгаа учраас би дургvй байдаг.
Ямар тэмцэл хийх хэрэгтэй вэ, таны бодлоор...?
Миний хувьд хэл соёлоо аврахын тулд шvлэг бичиж, сониноор байдаг чадлаараа л Хятадын эсрэг тэмцэж байна. Болдогсон бол буу бариад тэмцмээр байна. Даанч хууль саад болоод байх юм. Эхлээд бид хуулиа өөрчилж, Хятадын бvх юманд хязгаарлалт тавих. хэрэгтэй. Цагдаа нар согтуу хvнээ журамлахын оронд визгvй яваа хятадуудыг барьж, ядаж авилгалын мөн¬гө авах хэрэгтэй гэсэн санал дэвшvvлмээр байна. Оросод чечень царайтай хvн л харагдвал цагдаа нар шалгаад баллаж байна. Тvvн шиг манайх хятад царайтай хvн л харагдвал шалгаад байх хэрэгтэй. Өөрсдөө ойрд юу болоод буйг та бvхэн харж байгаа биз дээ. Өөрийн нутаг орондоо зодуулаад явж болохгvй биз дээ. Төр засаг нь энэ талаар юм бодох хэрэгтэй болжээ.


Read On 0 comments

С.Эрдэнэ Хайрын нарсан төгөл

5:18 AM

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай,
-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хүргээд өгье дөө гэхэд Палам түрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд:
-Зүгээр ээ дүү минь энүүгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хүрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мөнгийг түдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:
-Баяртай ах аа, гэж эелдэгхэн өгүүлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо.

Сарын өмнө яг энэ замын билчирт эхнэрийнхээ цонхийсэн зовуурьт царайг ажин “Бүтэн бүлээн л явах юмсан”гэж юунд ч юм дотроо сүслэн өгүүлж билээ.
Хүн амьтанд ямар ч гай зовлон тохиолдож боломгүй гэмээр эрт сайхан хавар болсон цаг. Засмалын дагуу тарьсан бүйлс нялхран нахиалж, хормойд нь үйлдвэрийн төв харагдаж буй Баянхан уулын арын ой алаг цоог ногоорчээ. Паламын байшингийн яндангаас шингэн цэнхэр утаа бургилж харагдана. “Муу охин минь гэрээ дааж, дүү нараа хараад байж дээ хөөрхий. Өнчирнө гэж ухаан санаандаа оруулаагүй хөөрхсийг яаж харж, юу гэж хэлнэ дээ” гэхээс Паламын дотор багтран харанхуйлж, нүдийг нь нулимс бүрхэв. Бурмаагийнхаа нас барсан даруй нэг хэсэг элий балай болчихоод ухаан бодлоо тогтоон барьж чадсангүй. Харин хүүхдүүдээ авчирч эхийн нь шарилтай салах ёс гүйцэтгүүлэхээр хотоос энэ өглөө гараад Бурмаатайгаа хамт амьдарсан арван дөрвөн жилийн явдлыг эргэцүүлэн бодож, хайр дурлал, ханийн жаргалыг эдлүүлсэн тэр сайхан хүнийхээ дүр байдал, ааш зан, хаа нэгтээ хэлсэн ярьсныг нь дурсан санагалзаж гаслан гашуудан явлаа. Хэзээ ч гай гамшиг тохиолдохгүй, энэ хорвоод мөнх хамт явах юм шиг санаж явсан нь гэнэн явдал гэж үү? Өнгөрсөн бүх амьдралаа бодоход ч тийнхүү хамт явах тавилантайдаа учирсан гэмээр. Анх суухдаа хүртэл санаандгүй гэмээр юм уу, гэнэн томоогүйгээр...арван дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн учрал гэнэтийн бөгөөд юунд ч сааташгүй гал халуун хайр сэтгэл Паламд хий үзэгдэл мэт санагдан, бие цогцост мэдрэгдээд салахгүй байв. Тэр намар их сургуулийн оюутнууд тариа хурааж байсан сан. Модны үйлдвэрийн суурин байгаа энэ Баянхан уулын өвөр, Ерөө голын хөндийд сангийн аж ахуйн бригадын төв байжээ. Палам эдийн засгийн ангийн гуравдугаар курсынх, Бурмаа нэг анги доогуур. Палам бусдаас нэг их ялгардаггүй, жирийн хичээнгүй томоотой оюутан. Харин Бурмаа авьяаслаг болоод царайлгаараа оюутнуудын анхаарал татдаг хүүхнүүдийн нэг байв.
Тийм хүүхнүүд үерхэх хүнээ голцуухан өөрсдөө шилж авдаг учир ялангуяа Палам мэтийн дундчуул тийнхүү шилэгдэхийн тухай төдий л найдахгүй нь мэдээж билээ. Гэвч амьдрал гэдэг ямархан ид шид эс үзүүлдэг билээ дээ. Түүнээс гадна авьяаслаг болоод царайлаг гэгч маань өнгөн талын чанар ч байх нь бий. Хүний дотор орж үзэх биш дээ. ..
Намрын шар наран тунамал өдөр. Хоёр “оргодол” Бөөрөлжийн нарсан төгөлд жимс түүхээр ирсэн сэн. Ерөө голын хавь газрын уулс шилмүүст ойгоор өвч бүрхэгдсэн бөгөөд харин мужаан дархны хорхой хүргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сүрэглэн ургасан нь энэ Бөөрөлжийн төгөл л билээ.
-Чи намайг нээрээ харж явсан юм уу? Гэж Палам итгэл муутайхан асуугаад намрын цэв цэнхэр тэнгэр өөд тэмүүлсэн гоолиг шар нарсны бадамласан ногоон үзүүрийг ширтэж, юунаас ч юм бяцхан айдас хүрэн зүрх түгшиж хэвтэв. Бурмаа чичирхийлэн буй гарыг нь татаж цээжиндээ наагаад:
-Чи өөрийгөө гэв гэнэт харагдсан гэж бод л доо. Бүр ид шидээр юм шиг гэв гэнэтхэн харагдаад, хараа салгаж болохгүй болсон гэж бод гэв.
-Хачин юм аа?
-Юу хачин гэж?
-Яах вэ дээ. Энэ Бөөрөлжийн төгөлд ийм сайхан нарснууд уулнаасаа тасраад ургачих гэж
-Байгалийн аашийг мэдэж барах биш дээ.
-Хүний аашийг ч гэсэн...
-Палам аа чи надад итгэ. Хэлж ирдэггүй өвчин шиг гэнэтхэн ирдэг хайр юм. Би чамаас өөр хүнийг харах нүдгүй сохор болчихлоо. Хүний үрийн ямар тавилан гэгч вэ, гэж Бурмаа бахарданги хэлээд таг болов. Паламын сэтгэл ч гэнэт хайлан догдолж, Бурмааг нүүр нүдгүй үнсч таалахад түүний хацар дээгүүр урссан хайрын шорвог нулимс амтагдсан сан. Бөөрөлжийн төглийн гоолиг нарснууд намрын хонгор салхинд үл мэдэг найган, улаалзгана, долоолгоны бут бургас гал улаан, алтан шар өнгөөр алаглан, мөнх ногоон төглийг гэрэлтүүлэн байв. Энэ хорвоо дээр хүн хүнээ олж жаргасан тэрхэн гэрэлт мөч янаг хайрын үгүйршгүй мөнхийг бэлгэдэж байсан бус уу?
Палам нэг мэдэхнээ байшиндаа тулаад иржээ. Хүүхдүүд минь гараад ирэх вий гэж зүрх алдан зог туслаа. Ханиа алдаж гурван өнчин хүүхэдтэй хочрох ямар заяагүй амьтан бэ, би. Эдэндээ юу гэж хэлнээ?
Палам хаалгаа аяархан татаж ороод бага хүү, том охин хоёроосоо нүд буруулан малгай пальтогоо өлгөж удаан зогсов. Дунд хүү нь сургуулиасаа ирээгүй бололтой. Арван гуравтай охин нь урд цонхон дээрээ чимээгүй очиж, зам руу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдон зогсохыг Палам хулгай нүдээр хараад сэжиг авсныг нь мэдлээ. Ээжийн эрх отгон хүү, юм ухаарах болоогүй балчир хүү аавдаа гүйн ирж:
-Ааваа, та ээжийг орхиод ирсэн юм уу? Гээд асуучихав. Палам тэссэнгүй. Хүүгээ өргөж нүүрэндээ наагаад ингэнэтэл уйллаа. Охин нь соргог ухаанаараа бүхнийг ойлгож, даган уйлав. Бага хүү аав, эгч хоёрынхоо уйлан гаслахыг гайхан нэг хэсэг дуугүй бүлтгэнэн байснаа бас л эхэр татах нь тэр. Хүний амьдрал, жаргалыг гэнэт таслан зовлонгийн далайд живүүлж хаядаг өршөлгүй хорвоогийн ёсыг хүлцэн туулахаас өөр замгүй болсон нэгэн гэр бүлийнхэн ийнхүү уй гашуу болохоос биш яалтай вэ дээ.

Палам ажилдаа орох өглөөгөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь явуулаад анир чимээгүй ханхайсан гэртээ нэг хэсэг бодол болон суулаа. Одоо чухам яах нь зүйтэйг шийдэхэд бэрх ажээ. Нэг бодлын ажилдаа бушуухан орох нь дээр юм шиг, нөгөө бодлын амралтаа аваад хүүхдүүдийнхээ л сэтгэлийг засан уй гашуудлыг нь мартагнуулах нь зөв юм шиг. Гэр доторх юмс нь Бурмаагийн нас барахын өмнөхөөс өөрчлөгдсөн юмгүй мөртөө нэг л зэвхий даагаад жигтэйхэн дунд хүүгийн орон дээр, аль арван дөрвөн жилийн өмнө мөнөөхөн Бөөрөлжийн төгөлд татуулсан зургаас эхлээд хүүхдүүдтэйгээ, танил нөхөдтэйгээ энд тэнд татуулсан гэрэл зургийн цомог дэлгээстэй хэвтэнэ. Өөрсдөө болоод гашуудлыг нь хуваалцахаар орж ирсэн хүмүүсийн үздэг гол юм л энэ болжээ. Танил зураачаар зуруулан оршуулгад авч явсан усан будгийн зураг нь хойд хананд хадаастай. Нэг хоёр жилийн өмнө татуулсан гэрэл зургаас нь үлгэр авч их л хичээнгүйлэн зурсан тэр зурагт хэдэн хүүхдийн эх болж овор суусан гэлээ ч үл мэдэг мишилзсэн давхраалаг хар нүдтэй, гонзгой нарийн царайд нь зохисон жижигхэн шулуун хамартай, хагас нээгдсэн жижигхэн жимбэгэр тод уруултай ухаалаг цэвэр бүсгүйн дүр тодорчээ. Үхсэнийхээ хойноос үхэлтэй биш, гэлээ ч яг жаргадаг насан дээрээ ертөнцөөс халин одсон хайрт гэргийнхээ янаг ялдам ааш, хүний нь сайхан чанарыг дурсан санахад даанч харуусалтай.
Арван дөрөвхөн жил...Гэнэт ирээд явчихсан юм шиг...Тийм эрүүл саруул хүнийг аюулт өвчинд отогдож яваа гэж санах билээ...Надад үр хүүхэд, аз жаргал хайрлаад өөрөө зул шиг бөхөх гэж энэ хорвоод ирсэн юм шиг...Тэр намар...Арван дөрвөн жилийн өмнөх тэр л намар...Солонгын долоон өнгөнд умбасан Бөөрөлжийн төгөл, сэтгэлд уянгалах хайрын дууг түрэх нарсан ойн шивнээ, шувуудын жиргээтэйгээ, Бурмаагийн догдолсон сайан дүр байдал, хайрын нулимсны шорвог амт Паламын дртор цөмлөөд ирлээ. Унаа аваад тийшээ явъя.
Үйлдвэрийн дарга Мангал Паламд тохиолдсон зовлонг хуваалцаж, болох бүтэх бүхнээр тусалжээ. Энэ нь ёс мэт хэрэг боловч ачий нь бодох ёстой юм шүү гэсэн санаа төрүүлж байв. Учир нь хоёр жил илүү хамт ажиллаж, тарыг нь таньсан ч гэлээ зовлонгийн цагт хүний сэтгэл зөөлөрч, гомдол гутралыг хүлцдэг жамаар цаашид үгээ ойлголцох болно гэсэн итгэл ч цухалзах шиг. үйлдвэрийн дарга, ерөнхий инженер хоёр олон юман дээр санал зөрнө гэдэг ер нь таатай хэрэг биш байлаа. Мангал “Тулалдаан” гэсэн үгийг урдаа барьсан хүн. Тэр үгийн гол утга нь эцсийн бүлэгт үйлдвэрийн төлөвлөгөөг биелүүлнэ гэсэн жирийн ойлголтын товч томъёолол юм. үйлдвэрийн даргаар томилогдож ирээд анхны цуглаан дээр “Байгалийн хишгийг булаан авахын тулд өргөн фронтоор давшин тулалдах” лоозон дэвшүүлсэн билээ. Байгальтай “тулалдах” үзэл л Паламын дургүйг хүргэсэн юм. Ойн баялгийг зохистой ашиглах, нөхөн үйлдвэрлэл явуулах арга зам гэсэн түүний саналыг дарга ердөө л мөрөөдөгчийн сайхан санал гэж үзээд хойшид ажлынхаа арга барилыг ойртуулан нягтрахыг шаардаж “төлөвлөгөө биелүүлэхгүй бол үйлдвэр байх хэрэггүй” гэсэн маргагшүй үнэнийг тулгасан сан. Мангал гаднаасаа ч тулалдагчийн дүртэй хүн. Газар дээр бат суурилсан лагс том биетэй, улаа бутарсан царайтай, өтгөн хар хөмсгөө зангидан, хөх хиаз суусан зууван шар нүдэндээ гал цахилуулаад ирэхээрээ юунаас ч ухрахгүй шинжтэй. Өргөн тэлмэгэр магнай нь эрдэмт хүний шинжийг илтгэх мэт боловч хараад байхад хад чулуу шиг нэг л хатуу янзтай. үг яриа огцом бардам, шог наргианч, гэтэл энэхүү баавгайн дүрийнхээ цаана муур шиг хумсаа нууж бас чадна.
Паламын орж ирэхэд Мангал угтан босч ирээд сэтгэлийг нь засах гэсэндээ ч юмуу малилзтал инээмсэглэн, гарыг нь атгаад:
-Палам минь ажилдаа санаа зовох хэрэггүй. Төлөвлөгөөгөө давуулаад биелүүлчихсэн газар юундаа алзах вэ. Би чиний ээлжийн амралтыг олгох тухай тушаал гаргасан. Чи дуртай газраа явж амар гэлээ.
Палам тасалгаа шинэчлэгдэн засагдсаныг эхлээд анзаарсангүй. Юу билээ энэ чинь гээд ажиглавал бичгийн лут том царсан ширээ хийлгэж тавьжээ. Тах хэлбэртэй, зөгийн үүр шиг олон шургуулгатай ер бусын ширээ байна. тасалгааныхаа баруун гар талын ханыг хүрэн модоор өвч бүрж, наад талд нь хурлын бас л их өргөн бөх ширээ тавьжээ. “Юм бүхнийгээ өөртөө тааруулах санаатай” гэж Палам дотроо дургүйцэн,
-Бодож байгаад болъё доо. Ажилдаа орсон минь ч дээр юм шиг байна. хүүхдүүдийнхээ сургууль тарсан хойно амралтаа авбал зүгээр юм уу? Гэхэд Мангал нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцдаггүй хүний зангаар гайхсан янзтай гар дэлгэн:
-Палам минь чи өөрөө л мэд. Би чамд чадал мэдлийнхээ хэрээр л тус болъё гэсэн юм гээд тасалгааныхаа шалыг нургитал алхлан, тах хэлбэрт том ширээнийхээ ард очив...
Палам Баянханы өврөөр тойрох замд бодол болон дуугүй явав. “Хачин араншинтай хүн байх юм. инээд алдаад дотроо баярлаж ч яваа юм билүү? Маргах хүнгүй намайг нэг хоёр сар ч гэсэн хол байлгах гээ биз. Хачин хүмүүс байх юм. нийгмийн үл зохилдол, стресс энэ тэр гэж орчин цагийн онол гэсэн хэдэн юм хагас дутуу ухаараад бусдыг догматикууд, хуучныг баримтлагчид гэхээс ер сийхгүй, бусдын толгой дээр сууж, зоргоороо аашилж л байвал болох нь тэр...
-Бөөрөлжийн төгөл. Бөөрөлжийн төгөл хаана байнаа? Гэж Палам дуу алдав. Жолооч түүний өөдөөс гайхан хараад
-Огтолчихсон шүү дээ инженер ээ, гэв
-Хэзээ, хэн?
-Сарын өмнө улирлын төлөвлөгөө тасрах болоод Мангал даргын шийдвэрээр..
-Зогсоодох, машинаа зогсоо, гэж Палам балмагдан хэлээд харайн бууж Бөөрөлжийн нарсан төгөл байсан газар тийш алхлав. Уулнаасаа тасарч хөндий талд зориудаар юм шиг сүрэглэн ургасан намжаа их нарсан төгөл хүний гараар оргүй хөнөөгджээ. Арван дөрвөн жилийн өмнөх тэр намар солонгорон байсан улаалзгана, долоогоны бут бургас баглайн харлаж, өнөөх гоолиг шар нарснуудаас үлдсэн олон зуун хожуул цайрч, үе удам залгах тэнхээ ороогүй зулзаган нарснууд энд тэнд эрвэн сэрвэн ёрдойлдох нь өр өвдмөөр.
-Хайран мод, хайран нарсан төгөл минь, гэж Палам дотроо орь дуу тавин, мөхсөн төглийн сүгт татагдсан юм шиг гүйж ирээд бие алдран, захын нэг хожуул дээр лагхийн суув. “Байгалийн дайсан, ямар ухаангүй явдал, хатуу сэтгэл гэгч вэ? миний ариун сайхан дуртгалыг зориуд үгүй хийх гэсэн шиг. Өөрийнхөө эх дархыг үзүүлж тоглоом тохуу хийх гэсэн шиг. Тэгээд бас хуурамч сайхан зан гаргаж, малилзаж сууна гээч. Би ийм хүнтэй хамт ажиллах гэж үү? Өөр газар надад ажил амьдрал олдохгүй юм гэж үү? Хэмээн гаславч, ийм хүнтэй би эвлэрч суух ёстой юу, үгүй юу? ”гэсэн асуулт зэрэгцэнэ. “Намайг яваад өгөхөөр тэр өөрийн гарын дор нэг хүнийг олоод л тавьчихна. Тэгээд хаяагаа хадрах байтугай дураараа аашилна. Хэдэн жилийн дараа нэг төгөл байтугай юм сүйтгэж хэдэн зуулд нөхөгдөшгүй гарз учруулна. Би тэр замыг нь засаад холдох ёстой болж байна уу? Ямар ч тэмцэлгүй зорьсондоо хүрэлгүй бууж өгөх хэрэг үү? Амралтыг чинь өгөх тушаал гаргалаа гэнэ шүү. Тэртэй тэргүй хуулиар олддог амралт өгч их тус хүргэсэн хүн дотроо хол байсан чинь дээр гээд малилзаж байгаа нь тэр. Ширээгээ том болголоо гээд суудал бөх болдог цаг өнгөрсөн” гэж бодолхийлэн, далийн ягааны хэдэн мөчир гэртээ ургуулахаар аваад машин руугаа шийдэмгий алхлав.
“Хайрын нарсан төгөл минь” гэсэн үл тасалдах харууслын дуу сэтгэл зүрхэнд нь уянгалан байлаа.

Read On 0 comments

С.Эрдэнэ тайз дэлгэцийн бүтээл

5:13 AM
"Жаргал даахгүйн зовлон" жүжиг. Хожмоо кино болсон
"Мөнх тэнгэрийн хүчин доор" кино бичилцсэн.

Read On 0 comments

С.Эрдэнэ номнууд

5:01 AM
"Тал нутгаар явахдаа" шүлгүүд 1956
"Хаврын уянга" 1957 он
"Дөчин өдрийн тэмдэглэл" 1958 он
"Нэг жил өнгөрөхөд" 1959 он
"Урин цаг ирэхэд" өгүүллэгүүд 1959 он
"Хонгор зул" 1961 он
"Тэнгэрийн заяа энүүхэнд" 1962 он
"Малын хөлийн тоос" 1964 он
"Өгүүллэгүүд" 1966 он
"Өдрийн од" тууж, өгүүллэгүүд 1969 он
"Хөх хулгана жил" 1970 он
"Цасан доорхи ногоо" тууж 1971 он
"Тууж, өгүүллэгүүд" 1976 он
"Миний эх орон - миний тоонот" 1978 он
"Наран тогоруу" 1979 он
"Холбоо гурван тууж" 1980 он
"Зохиолчийн хөдөлмөрийн тухай эрэгцүүлэл" 1980 он
"Цэнхэрлэн харагдах уул" 1981 он
"Амьдралын тойрог" 1983 он
"Занабазар" роман 1989 он
"Эрэл" 1989 он
"Хойт насандаа учирна" 1996 он
"Тэнгэрийн хөвгүүний эцэслэл" 1997 он
"Зүүдний цагаан унага" 1997 он
"Ононгийн туужууд" 1997 он
Халхын заяат харгуй минь" 1999 он



Read On 0 comments

С.Эрдэнэ товч намтар

4:55 AM

Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. 1965 онд "Малын хөлийн тоос", "Чулуут голын цуурай" зохиолоороо төрийн шагнал, 1976 онд "Лодойхүүгийн зан", "Үхэж болохгүй орчлон", "Зохиолч далай хоёрын хүүрнэл" найрууллаараа МЗЭ-ийн шагнал, 1994 онд АУЗ цол авчээ. Мөн Сүхбаатарын одон авчээ.

Read On 0 comments
Read On 0 comments

С.Эрдэнэ. Өвлийн ойд.

4:41 AM

Норжмаа, уул өөд мацсанаа халууцан чандган малгайгаа авахад хүү янзаар тайрсан үснээс нь үл мэдэг уур савсаж байлаа. Очир, халуу оргисон бяцхан гараас нь хөтлөн зүтгэж явснаа эргэж хараад,
-- Сайхан байгаа биз? гэж «сайхан» гэсэн хариу сонсох хүний ёсоор нүүр дүүрэн мишилзэн асуухад Норжмаа
-- Сайхан, харин жаахан амармаар байна гэв. Хоёул бүдүүн хожуулын цас арилгаж зэрэгцэн суулаа. Богд уулын Зайсангийн амны ойд нам гүм, моддын ёроолд цас сэвсийж, цатгалан тоншуул хааяа нэг тог тог тоншоод ямар нэг анир чимээ чагнаархана.

Норжмаа, Очирын мөрийг түшин нүдээ аниад амьсгаагаа дарж ядан байвч хоёр хацар нь жаргалтайяа улаа бутарч, хамрын нь самсаа дахь хар мэнгэ үл мэдэг чичирхийлэн тод зурагтай, зузаан уруул нь эрхлэнгүй жуумалзана. Хоёул нэг хэсэг дуугүй түшилцэн суулаа.
Норжмаагийн амьсгаа дарагдав. Очир чандган малгайгий нь өмсгөж.
--Норжмаа чи харж байна уу? гээд уул өөд заав
-- Тээр доор, энэ бүдүүн хушны доод мөчрийн чиг аавын гэрийн улаан хиур харагдаж байна.
-- Аан! Тийм байна,
-- Аав минь дээ хөөрхий. Энэ уулын амыг гучин жил сахилаа. Ой хамгаалагчийн ажлыг олдошгүй сайхан ажил гэдэг юм. Том болоод ойн цагдаа болно гэхээр минь их баярладаг сан. Нээрээн би ойн цагдаа болно гэж боддог байжээ.
-- Тэгээд болохгүй яасан юм бэ?
-- Болноо, болно. Жилийн дараа инженер нэртэйгээс биш нэг ёсондоо ой хамгаалагч болоод л ирнэ дээ. Ой минь! Хангай минь! гээд Очир сүүрс алдав. Норжмаа гарыг нь татаж хацартаа наагаад,
-- Ойтой чинь би чамайг хардалтай ч биш дээ гэв. Тоншуул тог-тог, тог-тог. Улаанбаатарын төмөр замын буудалд илчит тэрэг бүүг-бүүг. Дахиад л нам гүм. Очир, Норжмааг сэрэмжлүүлэн түлхэж, хориод алхмын цаана байгаа нэгэн баглагар хар ногоон хушийг заан,
-- Бүү хөдлөөрэй хур буулаа! гэв.
-- Юу гэнээ? гэж шивгэнэн асуухад
-- Хур шувуу. Өдийд их соргог байдаг юм гэв. Хур гэдэг нь ХУШНЫ үзүүр хавьцаа нэгэн бахим мөчрийн цас унагаж суугаа оготор өргөн сүүлтэй том хар шувуу ажээ.
-- Ямар учиртай Шувуу юм бэ? Норжмаагийн зүрх түг-түг-түг Тоншуул тог-тог-тог.
-- Аав. Миний бага байхад хавар хурын наадам үзүүлнэ гэж өглөө үүрээр дагуулаад л гарч өгдөг сөн. Хур, яг нарнаар наадна. Нэг ёсондоо хуримаа хийж байгаа нь тэр. Хурын нааддаг мод гэж тусдаа бий. Хаа нэгтээ ойн цоорхойд ганцаараа содон, эрт нар үздэг мод. Тийм модыг олно гэдэг бас амаргүй ажил. Хур тойрч гүйсэн жимтэй боллоо гэхэд тэр маань урд жилийн гологдсон мод байж мэднэ. За тэгээд аав бид хоёр хэдэн өдөр уул ойгоор мацаж байж, сая хурын наадам олж үзнэ. Чи энэ шувуу наадах үедээ ямар сайхан болдог гэж санана. Хамгийн түрүүнд азарган хур ганцаараа бууж ирээд сүүлээ тогос шиг дэлгээд, хүзүүгээ сунгаад дуудаж гарна. Гүррр-рр. Тэгснээ тагнайгаа ташна. Тиг-тяг-тяг. Цаадуул нь ч дараа дараагаар бууж ирээд тавуул, зургуул, арвуул болж ирээд л наадмаа эхэлнэ. Олон цагаан дэвүүр дэлгэсэн юм шиг сүүлнүүдээ өглөөний наранд солонгоруулаад, одоо тойроод л гүйлдэж гарна даа. Дуу гэдэг ч ёстой ойн хөгжим, лусын эзэн товшуур бариад хаврын тухай магтаал хэлж байна уу гэмээр.
Наадаж байх үедээ ухаан байхгүй. Алъя гэсэн ч хүн хэдээр нь ч алж болно. Норжмаа чи хар л даа сайхан шувуу шүү. Би түүнийг дуудаадхая гээд Очир цорвойлгон гүр-гүр-гүррр гэхэд хур юун дуу билээ гэсэн шиг хүзүү сунган нэгэнтээ эргэж хушны цас бутарган нисэн одов. Норжмаа хүүхэд шиг баярлан үл мэдэг завсартай тэгш цагаан шүдээ яралзуулан инээж,
-- Сайхан шувуу байна Очир минь! Би өвлийн ой ямар байдгийг бүр мартчихжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа ангийнхантайгаа Хүрэл тогоот, энэ баруун Богинын аманд цанаар гулгаж ойд зугаалдаг байсан. Оюутан болсноос хойш дөрвөн жилд хотоос гарсангүй. Хэн хүн Богд уулын ойд очиж зугаалъя гэвэл ямар хүүхэд биш дээ л гэх байсан байх. Одоо харин хүүхдээрээ болчих шиг. Чамтай танилцаагүйсэн бол хотдоо л зугаалж яваа
-- Би ч гэсэн шинэ жилээр их сургуулийн багт наадамд очихдоо ийм хүүхэнтэй танилцчих юм гэж даанч бодоогүй дээ.
-- Чи бид хоёр зан зангаа их түргэн авалцсан шүү|
-- Тиймээ, заримдаа ч гайхмаар.
-- Эртээр танайд ирэхдээ улаан туг хийсгэж ирээд юун ч сүржин юм бэ дээ гэж бодсоныг яана. Аав чинь яг миний аав шиг сайхан хүн ээ дээ.
-- Тиймээ. Хамгийн сайн юм нь энэ ой мод, уул усандаа үнэн хайртай даа. Тэгээд ёстой арван хуруу шиг мэднэ. Дархалсан уулын ой хамгаалагчийн ажил уу? Өдөржин ой модоор хэснэ шүү дээ. Манайхны дотор учир мэдэхгүй хүн ч олон. Ёстой ойн хулгайч гэмээр хүмүүс бий. Аав, хавар л их зүдэрдэг юм. Хүүхдүүд ууланд гараад түймэр тавьчих гэнэ. Томчуул нь ч ялгаагүй. Аав морио эмээллээд өдөржин дурандаж сууна. Ой руу зүгэлсэн нэг хэдэн хүнийг арай чүү буцаахаар нөгөө хэд гараад ирнэ. Зарим нь өөрийнхөө газар нутаг дээр явж, юу хийхээ чамаар заалгахгүй энээ тэрээ гэж элдэв хоёроор аашилна. Аав заримдаа бүр гутарчихдаг юм. Энэ зун амралтаараа ирээд байсан чинь аав нэг өдөр баахан төмөр лааз, архины шил, энэ тэр хог новш үүрсэн хар юмыг туугаад ирлээ. Тэр хэдийг хог новш тараалаа гэж зэмлэхээр нь буу үүрсэн мануухай гэх мэтээр доромжилж гарч гэнэ. Тэгэхээр нь мань хүн тэссэнгүй, цагтаа би буу бариад та нарын төлөө байлдаж явсан, наадах новшоо авч зайлахгүй бол хөлийг чинь хуга буудна уурлахаараа нэг уурлажээ. Цаадуул нь үнэхээр буудаж мэдэх өвгөн байна гэж айсан хэрэг биз. Хөөрхий аав минь больж явна даа.
-- Харахад ануухнаараа өвгөн шүү.
-- Ой, миний цусыг сэлбэж байна гэдэг юм Үнэн байхаа. Жаахан дээшээ явах уу?
--Тэгье.
Хоёул хөтлөлцөөд Богд уулын дунд биеийн шигүү ой өөд авирлаа. Нар хэвийжээ. Ойн ёроолын цасан дээр нарны цагаан зурвас, моддын хөх сүүдэр алаглана. Дээшлэх тутам зуу зуун наст хуш мод олширч тэдний ивгээл нөмөрт ургасан шинэсний цагдуул шүргэлэн, хааяа хус улиас тэндхэнээ айлсан бөөгнөрчээ. Энэ битүү хар ойд Норжмаа ганцхан айдас хүрэх боловч хажууд нь энэ ойн эзэн мэт далтай сайхан залуу, сэтгэлт нөхөр нь хамгаалж явна
гэж бодоход тун ч аятайхан.
--Очироо, баавгай хүрээд ирвэл яанаа?
-- Энд баавгай байхгүй.
-- Аа чоно?
--Чоно бол ч чи бид хоёроос сүүлээ хавчаад л зугтаана л даа.
Нэг бяцхан хар хэрэм моддын сүүдэр дээгүүр харайсаар пийс хийн дуугарч нүцгэн мөчирт шинэс модонд зурсхийн гарав.
-- Хэрэм дуугардаг юмаа.
-- Тэгэлгүй яахав. Бусаддаа чимээ өгч байна гээд анчинд чимээ өгчиж байгаа нь тэр.
Хөөрхий минь!
Норжмаа хэрэмний гарсан модон дор очиж дээш өлийн хөөрхөн хэрэм нааш ир, нааш ир гэж хүүхэд шиг дэвхрэн өхөөрдөж байгаад эргэтэл Очир далдын хар малгай өмссөн шиг алга болжээ. Норжмаа “Нуугдаж тоглох нь ээ” гэж инээд алдан
-- Би чамайг одоохон олно доо гээд ойн зузаан цас манаргаж моддыг тойрон сүлжиж гүйв. Гэвч Очир ор сураггүй.
Зогсоод чагнаархав. Таг чиг. Гүйсэндээ болоод зүрх түгшин цохилно. Гэтэл бас айсандаа болоод,
- Очоор чи хаана байнаа! Хоолой нь чичирсхийв. алга. Таг чиг байсан ойд мод чахран хавирч бас ямар нэг амьтан чаад чаад хийнэ.
-- Очоор!
-- Аан! Би энд байнаа! гээд Очир тэртээ ширэнгэ дотроос инээсээр гарч ирэв. -
-- Чи яасан хатуу тоглоомтой юм бэ? Очир гүйж хүрч ирээд Норжмааг тэврэн халуу оргитол хацрыг нь илбэн таалан,
-- Мод тойроод гүйж яваагий нь. Туулайн бүжин шиг гэж өхөөрдөн өгүүлэхэд Норжмаа уяран хайрын нулимсаа барьж ядан нүдээ цавчлан цавчлан байв.
Очир, хэрэмний хуш дор цас арилгаж хуурай гишүү түүж ирээд гал түлж идэх уух юмаа гаргаад тухлан суулаа.
-- Аав багаас минь эр хүний хээрийн амьдрал таниулж хал үзүүлсэн юм. Намрын сүүлчээр зүүн тийш Заан Тэрэлж хүртэл анд дагуулж явна. Цас орсон хөвчийн царманд түүдэг галын дэргэд ой мод, ан гөрөөсний тухай үлгэр шиг юм сонсож хоноглох ч сайхан шүү. Жишээ нь чи бид хоёулаа сайн морьтой Хэрлэн, Туулын эхний их ян хөвчид гарчихаад өвлийн шөнө түүдэг галын дэргэд баавгайн арьс дэвсчихсэн...
--Очир минь чи зохиол шиг ярих юмаа. Ярь ярь
-- Хүн, байгалийн сайхныг ойлгож, хүслэн болгож ярихад илүүдэх юм байхгүй. Үнэндээ ч цэцэг бол зүгээр цэцэг, мод бол зүгээр нэг мод биш л дээ. Хүн өнгөн
сайхныг амархан мэддэг. Гэтэл ойн амьдрал гэж хүн амьдралаас дутуугүй сонин юм бий. Ой мод өөрийн хэл өөрийн дуутай. Үхэх, төрөх тэмцэлдэх байгалийн жам бий шүү. Модны хэл мэднэ гэвэл солиорлоо гэх нь лав. Гэтэл энэ өвлийн ойн нам гүмийн дунд ч аль нэг мод хэлж байгааг ойлгох гэх юм уу юу хэлж байгаагий нь дотроо бодож олж болох юм. Жишээ нь тээр цаана байгаа хөгшин хушийг харж байна уу? Насыг иь би ойролцоогоор тааж ч магадгүй. Тэр яахав. Бусад модноос юугаараа ялгаатайгий нь чи сайн хар даа.
Норжмаа, нүдээ онийлгон байж тэр модыг нэг хэсэг ажиглаад
- Мэдэхгүй. Их бүдүүн, хугархай мөчир олонтой байна.
-Тиймээ. Гэхдээ хамгийн гол нь үндэс нь газраа зангилаа зангилаагаараа гараад ирснийг харав уу?
-- Харлаа. Яагаад тэр вэ?
-- Урдхан талд нь ургаа хар чулуу байна уу?
-- Тийм байна.
-- Олон жилийн турш, тэр мод чулуу хоёр тэмцэлджээ. Гаднаас нь харахад хөөрхий хөгшин хуш дийлдэж байгаа юм шиг байна. Гэвч газар доор юу болж байгааг бүү мэд шүү дээ. Магадгүй хушны үндэс чулууг сэндийлж, сархиаг болтол нэвт цохисон ч байж мэднэ.
-- Модны үндэс чулууг үү дээ?
-- Тиймээ, Тэгээд хөгшин хуш олон жилийн тэмцэлдээнд туйлдаад уйлж ёолж байна гэж бод л доо.
-- Норжмаа хөгшин хушны уйлж ёолж байгааг сонсох гэсэн шиг нүдээ аньж хэсэг чагнаархан,
-- Хачин юмаа. Түрүүн чиний нуугдаад байхад мод шүдээ хавирах шиг болсон шүү.
-- Зөв, зөв. Чи минь ингээд л яваад байвал модтой ярьдаг болно. Оросын зохиолч Куприний «Олеся» гэдэг өгүүллэгт нэг тийм бүсгүй гардаг юм. Хойтон би институтээ төгсөөд ирнэ. Чи минь их сургуулиа төгсөнө, тэгээд хоёулаа Тосонцэнгэлийн юм уу, Дулаан хааны модны үйлдвэрт очиж ажиллана шүү.
--Тэгнээ.
-- Хоёулаа ойн цоорхойд давирхай үнэртсэн дүнзэн байшин бариад сууна. Тэгээд л завтай цагтаа ой тайгаар хэсээд байна даа. Бал бурам үнэртсэн зуны ойд тэнгэрт од гэрэлтсэн цэлмэгхэн шөнө, дуунд гардаг хоёр ангир шиг...
-- Очир минь дээ!.. Очир минь...
-- Норжмаа минь орой болохоос урьтаж хоёулаа тээр халзангийн наахнуур ороогоод буцъя.
Цээний жалга гэж үргэлж буга байдаг газар бий. Зун цээнийн цэцэг дүүрэн ургаад холоос ногоон ой дунд яв ягаан толбо шиг харагддаг юм.
-- Тэгье. Буга согоо дайралдвал мөн сайхнаа! Хоёул, галаа цасаар дарж унтраагаад
юмаа хийж цааш хөдөллөө. Энэ ой одоо Норжмаад нэг шавааралдсан мод биш, хачин сонин амьдралаар дүүрэн ертөнц болжээ. Ой модтой ярьж чадах болно гэдэг үнэхээр ид шидтэй бөгөөд хүсүүштэй юм байдаг байж. Үүргэвч үүрч өргөн суран бүсэндээ чинжаал хутга зүүгээд, гараас нь хөтлөн алхалж яваа энэ өндөр хөх залуу байгалийн нууцыг нэвт харах эрдэмтэн, гоо үзэсгэлэн, эрэлхэг зориг хосолсон мэт санагдаад хайр хүрч бахархал төрнө,
-- Очироо, тэр Цээнийн жалгад чинь буга согоо байгаасай тиймээ?
-- Тиймээ, байх ёстой.
-- Өвлийн ойд ийм сайхан байх юм гэж би ер санасангүй,
-- Цагаан чандган малгайтаар хамар дээрээ мэнгэтэй хандгайн тугал шиг гэрэлтсэн бор нүдтэй ийм хөөрхөн хүүхэнтэй явахад... Ой минь! Хангай минь!
-- Хи хи хи. Хандгайн тугал тийм сайхан нүдтэй байдаг юм уу?
- Яг тийм. Тээр жилийн хавар би арваад настай байсансбайх. Аав, ойн түймэрт яваад ирэхдээ хандгайн өнчин тугал авчирсан юм. Галд ээрэгдчихээд байхад нь авсан гэдэг. Би тэжээлээ. Өдөрт хэд услаад, бургасны навч идүүлээд байсан чинь түргэн том болсныг хэлэх үү. Яг чинийх шиг гэрэлтсэн бор нүдтэй их номхон амьтансан. Тэгсэн чинь намар ууландаа зугтаагаад явчихсан шүү. Одоо томоо хандгай болчихсон хангай хөвчийнхөө альхан талд явдаг бол доо.
— Цээнийн жалганд зогсож байвал нь чи таних уу?
-- Таньж ч магадгүй. Энүүхэн хадыг тойронгуут л Цээнийн жалга.
Очир Норжмаа хоёр хадыг тойроод нэгэн бүлэг ширэнгэ дундуур туулан гартал өмнөхөн талд нь ямар нэг юм нүдэж цавчих чимээ гарав.
Хаданд тулсан жалганы мөрөгцөг рүү өнгийн харвал гучаад алхмын цаана нэг хүн багавтархан согооны хөлдүү биеийг алхин цавчиж байв. Норжмаа хирдхийн цочсондоо заяатай л дуу алдсангүй. Ангийн хулгайч согооны толгойг тас цавчиж хаяад, нэг хааг нь салгах гэж чухам үсэрч бууж байна. Хажууд нь явган чарга таар шуудай хэвтэнэ, Очир үүргэвчээ авч тавиад сайн ажиглав. Тэр этгээд согоог лав хэд хоногийн өмнө алжээ. Буу зэвсэг ил харагдах гэх юм алга.
-- Ямар аймаар амьтан бэ! Эндээс бушуухан холдъё гэж Норжмаа хоолой чичрүүлэн шивнэв. Очир, «Яах вэ? Буцаж хэл хүргэтэл энэ золиг оргүй алга болчихож мэднэ. Энд нь баръя гэхэд улайрсан амьтан сүхээ бариад дайрвал нь ганц муу хутгатай би яах билээ?» гэж эргэлзсэнээ гэнэт «Ойн буг! Муу хар хулгайч! Норжмаагийн минь хамаг сайхан бодол хүслийг баллаж орхилоо» гэж барьж болшгүй занал хорсол оргилон Норжмааг цаашаа бай гэж зангаад урагшаа хэд алхаж,
-- Хөөе чи наадах сүхээ орхиод хүрээд ир! гэж зандрахад сайхь эр цочсондоо навтасхийн эргэ харлаа. Тийм олиггүй биш боловч сахал үсэндээ дарагдсан ер бусын царайтай тэр хүн цог шиг гялалзах онигор нүдээ нэг хэсэг гөлрөөд,
--Чи надаар яах гээв? гэж агдгасхийв.
-- Яах нь чамд хамаагүй. Наадах сүхээ хаяад яв гэсэн газар яв!
Хулгайч сүхээ барьсаар Очирын өөдөөс хэд биеэ хураан зогсов. Эсгий гутлын түрийг эргүүлж цоо шинэхэн нэхий хүрэм өмссөн тэр салгалан чичирч байх нь ихэд хорссон буюу айсны тэмдэг ажээ. Очир түүнийг сүрдүүлэх санаатай,
-- Самбуу энэ гайхлыг бууныхаа хараанаас бүү салгаарай! гэхэд хулгайч,
-- Үхсэний чинь Самбуу, гичийтэйгээ хоёулханаа явж байж гээд бас алхам урагш алхав. Очир нэгэнт ухрах замгүй болсныг мэдээд өөдөөс нь мөн хэд алхаж бүсэн дэх чинжаалаа суга татан далайгаад
-- Дахиад нэг алхвал төвөнхөд чинь хутга зооно. Алдахгүй шүү. Наад сүхээ хая! гэж маш зоримог хатуугаар захиран хэлсэнд сайхь эр түдгэлзснээ сүхээ цасанд хаяад
-- За гайгүй дээ. Өст хүн өлийн даваан дээр гэдэг үг бий шүү! гээд уул руу алхлав.
Очир Норжмаад үүргэвчээ ав гэж дохиод хойноос нь дагав. Цээнийн жалганаас буга согоо олж харна гэж горьдож явсан хөөрхий Норжмаа сүнс зайлтал айж аан гэж дуугарах тэнхэлгүй хацар дээгүүрээ нулимс урсган дагжин чичирч явлаа.

Read On 0 comments

Хайвал олно