Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүн зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хаа нэг шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна. Гэрэлмаа эмээлийн бүүрэгнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа.
Цогтбаяр энэ жил арван найм шүргэж аминдаа эр танаглаж яваа ч Гэрэлмаагаас баахан нүд хальтрамтгай. Залуу нас гэгч түүнд эр бяр амтагдуулан, бардан сайхан хүслэн хайрлавч айж ичих, нууж шаналах юм гэгч бас бий. Цогтбаярын ээж хэмээх бүдүүн ташаатай, харваас тамирлаг байрын зузаан бор авгай урьд эртийн журмаараа нүүдлийн хөтөч болж нүдэнд нь усан хүрээ татсан ахимаг цагаан атныхаа бурантагнаас үе үе чангаан, биед түшигтэй хэмээн өчигдөрхөн сүргээс барьсан номхон хээр мориныхоо эмээл дээр хазгайдуухан суужээ. Цагаан атны нуруунд тэгнэсэн хоёр арагт Цогтбаярын ихэр хоёр дүү нэг нэгээр сууж, өөдөөс сэвэлзэх намираа салхинд нүд нухлан, гар хуруугаараа наадаж алжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нүүдлийн ач даахгүй шахам болсон ноолгор халтар нохой чулуунд бүдчих авч бус сөөг шиншлэн шогшино. Тэр бас сэрүүн сайхан уулынхаа нэгэн зуныг үзэх гэж амь тэмцэн яваа бүлгээ. Бие биенээс нь чөрхөлсөн тэмээд хүзүү сунгасхийн, хамар сарталзуулж газрын өгсүүр өөд зүтгүүхэн явна. Ачааны дунд хирд Цогтбаяр, Гэрэлмаа хоёрын аав морины хөнгөн явдалд бие бүүвэйлэн хол ойрыг ярилцсаар гарч ирэв. Сүүлчийн тэмээн ачааны араас, идэр залуугийн сайхан нь тэр л чигээрээ үлдсэн духандаа ов тов сэвхтэй, бие нуруу гоолиг тавиун харц, өрөвч сэтгэлтэй Чулуун явна. Тэр хүн энэ ганц охин төрүүлсэн нь Гэрэлмаа билээ. Чулуун, жилийн жилд нүүдлийн араас гэлдрүүлэн аль тэмээний ачаа суларч алиных нь хазайсныг харж засаж явдаг билээ.
Дарвийн нурууны давчуухан хөндийн зам мөшгөх үес цэнгэг усны чийг амьсгал зөөллөн, голын хойт талын дэвсэгт буй хэдэн гэрийн гаднаас хоёр хар нохой ярдаг чанга дуугаараа хад хавцал алгадан нүүдлийн зүг сум шиг орж ирэв. Тэр чимээнээр гэрээс улсууд гарч, эхнэр хүүхдүүд домботой цай, тавагтай идээгээ барьсаар нүүдэл тослоо. Цогтбаярын ээж Ханд морины жолоог татан зогсвоос, бүх хөсөг хөл амраан сая л уул гэгчийг үзэж буйн адил нүдэн дээр тулж ирсэн бараан уулсын орой дээгүүр тэнгэр харан, зарим нь ботигорсон шаргал шээс савируулж тэр нь замаа уруудан яах ийхийн зуургүй жирэлзэн урсах нь энд хур бороотой, газар дэлхий усанд ханасныг бэлхнээ хэлэх ажээ. Гэрэлмаа Цогтбаяр хоёр хол замд ам цанган уруул хатаж явсан болохоор цай уухаар ачаан дээрээ ирлээ. Нүүдлийнхэн чухамдаа насандаа мартамгүй шаргал цайнаас хөлс савируулан ууцгааж эрдэнэ, хаш соруулт урт гаансандаа дүнс нэрэн:
- Танайхыг удахгүй хярд гарна гэж мэдэж байлаа л даа. Өвгөн бүр хүлээж цөхрөөд нүүдэг ч юмуу гээд өглөө ачлагтаа явсан. Одоо энд бүгчимдээд сууж болохоо байлаа хэмээн нэгэн хэмийн үргэлжилсэн намхан дуугаар ярив. Хүү нь эхийнхээ хормойноос зууран хажуу талаар нь хавтгай шар нүүр гялайлган хүн хүнийг гайхсан харцаар нүд цавчилгүй ажина. Хүүгийн ээж Цогтбаярыг гүймэг хараад:
- Энэ ингэтлээ том болох гэж. Хоёр дүү шигээ арганд сууж ачаанд тэгнүүлээд хяр давж байсан нь саяхан даа гэж тэртээ олон жилийн цаадтайхыг гүймэг дурссанаа, Цогтбаярын хоёр дүүгийн зулай дээр үнэрлэв. Алив хүүгээ нээрэн ч том болсон юм уу гэсэн байртай олзуурхан харснаа:
- Овоо л болж байгаа юм. Гэхдээ яаж арван тэмээ ачаалах вэ. цэрэгтээ яваад ирэхээр бяд ухаан хоёр сууна гэсээр тавагтай идээ дээр байсан том өрөмнөөс тасдан аягатай цайндаа хийлээ.
- Манайхыг хүлээгээд л зусландаа гарч чадалгүй суугаад байв уу? хэмээн Гэрэлмаагийн аав нь асуулаа
- Хүлээлгүй яахав энэ чинь. Говь гаталж ирж байгаа улсад аяга цай залгуулаагүй амиа бодоод нүүлээ гэж амьтан ах дүүс муулах байгаа. Чухам нутагт гараагүй юм хийнэ гэсэн үг гэж хэлээд мөнөөх авгай дахин цай аягалав.
- Танайхан хаагуур зусах гэж байна?
- Майхны эхэнд буух байхаа, өвгөн тийм юм хэлж байсан
- Ашгүй дээ! Ганц зун ч бол айл аймаг зусаж шуугиж явъя.
Нүүдэл хөдөллөө. Авир морины олмоо чангалах зуураа:
- Хүүхдүүдээ! Yхрээ тэгээд орхичих, аяндаа цаадуул чинь хойно урдаа орж гэлдэрсээр байгаад даваа давчихна. Харин та хоёр хонио туу! Ямаа цоролзуур мал шүү. Хойт урьд хоёр уулын асганд авирчихвал цаашаа л явна уу гэхээс наашаа толгой эргүүлэхгүй гэлээ.
Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур, ханцуй нь сэмэрсэн ногоон тэрлэгийн мөр малын хөлийн тоосонд дарагдан бууралтжээ. Халуун цай уусан болохоор хошуу нь тэрүүхэндээ тойрон улайж нөгөө л дунд сургуулийн наймдугаар ангид байсан шигээ даруухан сүлжсэн тийм ч өтгөн бус хоёр салаа гэзэг нь эмээлийн ганзаганы үзүүр шүргэж алдан сугсалзана. Гэзгэндээ зүүдэг тууз нь л алга байлаа. Бусад юм бүгд хэвээрээ, харин бие төрх өсөн харц булаах нь даанч хэцүү. Цогтбаяр тэр хоёр дөрөө харшуулан явсаар хонио гүйцсэн хойноо морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу ХYйсийн говь усан зэрэглээгээрээ наадан цэлэлзэж, газар тэнгэр хоёрыг ялгах нь аргагүй намилзана. Сайн ажвал ногооны униар тэнгэрийн хаяа шүргэж алдан гүн цэнхэртэж, түүнээс дээш сийрүү саруулхан ажээ. Тэнд Гэрэлмаа төржээ.
- Хоёулаа хониныхоо хоёр талаар явах уу? хэмээн Гэрэлмаа асуув. Цогтбаяр эмээлийн бүүрэгнээс базлан дорогш тонгойсоор
- Хамт л явж байя гэж уруул хөдөлгөх төдий дуугарав
- Ичиж байна
- Хэнээс? Би наад радиог чинь сонсож явмаар байна шүү дээ
- Тэгвэл май! гэсээр Гэрэлмаа ширэн хайрцагт жижиг хүлээн авагчаа эмээлийн бүүрэгнээс мултлан дууг нь хангинуулсаар Цогтбаяр руу сарвайхдаа сүрхий шоглосон янзтай инээв. Цогтбаяр энэ хир эр хүн гэсэндээ дотор дүрсхийн:
- Наадахаар чинь яах юм гэв.
- Тэгээд? эгчээрээ оролдох санаа байна уу? Аав ард явааг мартаагүй биз? хэмээн өгүүлээд Гэрэлмаа нүүр буруулаад хоёр мөр нь тэрүүхэндээ хөдөлж байв. Түүнийг доог тохуу хийн инээсэнд нь Цогтбаярын эгдүү хөдөлж:
- Ядахдаа зургаан сарын түрүүн төрсөн бол ийм үг хэлж болно доо гэхдээ энэ үгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шүүрч
- Хөтлөөд давхичихна шүү гэв
- Буугаад үлдчихнэ гэж сайхан юм бий
- Чиний санаа чинь гүйцэгдэхээ өнгөрчээ
Тэр хоёр гэнэт түсхийн инээд алдаж бүр элгээ доргитол хөхрөлдөн юу ярьж хэлэлцсэнээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган:
~Тэр харав уу? хэмээв. Чавга гэдэг нэрийг хэдий нь билээ хүртсэн хув улаан ямаа бүх сүргийг удирдан урьд арын асган өөд дүүлж байлаа. Ямаа асга дамжсан цагт хуурай модны ёроолоос гал тавьчихсан лүгээ адил алга болж өгдөг болохоор Цогтбаяр морины жолоог тийш эргүүлж ард нь Гэрэлмаа:
~Хүүе Цогтоо! Энэ хоргодоод байсан хүлээн авагчаа авахгүй юм уу? гэх доогтой дуу хадаан хоцров. За гайгүй ээ, чи тэгж л бай! гэж Цогтбаяр өөртөө шивнэсэн авч өдөржин гэгэлзсэн сэтгэл нь тогтож, арай дэндүүлчээгүй байгаа би хэмээн бодож эмээлийн гөлмөө дарчигнуулан давхисаар шогшуулав. Гэрэлмаа түүний араас харц үл салган сургуульд байхдаа толгойг нь аваад явсан ч хөдлөхөөргүй амьтан байсан, хүн бас ийм юм ярьдаг аа. Хачин хүүхэд шүү хэмээн бодно. Тэр хоёр хар нялхаас нэг голын шороог ухан тоглож, усыг амтлан өссөн боловч дунд сургуульд орсон цагаасаа эхлэн бие биеэс баахан хөндийрч Гэрэлмаа нь Цогтбаярыг, намайг харж хандахгүй байна гэсэн бяцхан гомдлыг сэтгэлийн мухарт өнөө хүртэл хадгалан яваа билээ. Тэглээ гээд хошуу мурийсангүй хоёр гэрийнхээ хонийг ээлжлэн хариулж, инээхдээ инээн, ичихдээ ичсээр Алтайнхаа нар салхинд бие сэтгэл бойжсоор яваа нь энэ. Цогтбаяр урд ар өөд өссөн хонио намд буулгаад Гэрэлмаа дээр ирлээ. Тэд хэсэг зуур жолоо сул тавин гэлдрүүлснээ олон жил айл нутаглаагүйгээс эзгүйрч халгай шарилж сэгсийтэл ургасан бууцын хажуугаар гарахдаа нурж сэтийсэн чулуун хашааг харан Цогтбаяр
- Энд шинэ хашаа барих уу? хэмээн Гэрэлмаагаас асуулаа
- Барь барь!
- Чи зүгээр ярь л даа
- Зүгээр л ярьж байна шүү дээ. Дахиад л цаад улаан ямаа чинь уул өөдөө шоролзлоо.
- За яахав тэгээд жаахан явж байг. Би чамтай ярих юм байна. Чи сонсох уу?
- Би дуу сонсож байнаа. Тэр нь чамд ч дээр биз дээ? гэж Гэрэлмаа эгдүүтэй хэлээд инээмсэглэв. Түүний инээмсэглэл, эртхэн бодол харцанд нь наадсан гал хоёр нүд, огтоос дуу сонсоогүй харин ч сэтгэл нь нууцхан дэвэрснийг бэлхнээ хэлэх ажээ.
- Наадахаа унтраачих, зай нь дуусчихлаа
- Дууссан ч яах вэ. Дуугарч байсан нь дээр юм.
Тэд ийн ярилцсаар хөндий өгсөн, сэрүүн тэнгэрийн хэвлий өөд ойртсоор байлаа. Нүүдлийн түрүүч мөнөөх бууцны хажуугийн замаар гарч ирэх үес Цогтбаярын эцэг эхнэрээ гүйцэн ирж:
- За Ханд минь алжааж явна уу? хэмээн тоомжиргүйхэн лавлав. Тэр хоёрыг хөндлөнгөөс харахад ханилж суусан хориод жилийн амьдралдаа ярих юмаа бүгдийг шавхчихсан гэлтэй гэр орондоо ч хээр гадаа ч үг цөөн солино. Ханд нөхрөө гайхан харснаа:
- Чи чинь өнөөдөр юу болчоо вэ? гэв
- Яачихсан байна? Ингэхэд чи санаж байна уу? Хандаа? Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. сайхан байжээ бид хоёр.
Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засаж, нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хирнээ:
- Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу? гэж егөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан юм даа. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн хэмээн хайрлаж нөгөө өл ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь илэв.
- Наадах ч гэж дээ хө, ертөнцийн жам хойно яахав. Тэглээ гээд бид дордсон юм алга. Гурван сайхан үртэй болж л явна шүү дээ. Юм гэдэг ингээд цагаа дагаад өнгөрөх аж. Энд манайх буулгүй хичнээн ч жил болов. Хашаа маань нурчихаж. Халгай шарилж ургасаар байгаад хот маань гэрийн буурь шиг л умгар хар юм үлдэж дээ.
- Чи ухаантай эр хүн мөнсөн бол намайг сахиж суухаар нутгаа засаж явах учиртай. Манайх буудаггүй юмаа гэхэд өөр нэг нь нутаглана. Муу эр гэр амьтай гэдэг сүрхий үг шүү гэсээр нөхрөө энэ яаж нь вэ? гэсэн байртай харав. Бууцын хөлний халгайн дотроос хэдэн болжмор дэргэн нисч, нурсан хашаан дээр суун өд сөдөө гөвөэ. Ханд, бид хоёр дэндүү сайн байдаг болохоор бие биенээ гомдоно чинээ саналгүй үгээр шөргөөцөлдөх юм даа. Энэ чинь миний хань,гурван сайхан үрийн минь эцэг, нэг биеий минь дөрөв хувааж, дөрвөн халуун амьсгал болгосон эр хүн шүү. Би амаа татаж явахад гэмгүй хэмээн өөрийгөө зэмлэж үзэв.
- Хойтон ирж буунаа. Хөөрхий муу талийгчаас хойш, сэтгэлээ зовоож явалгүй мартахсан гэж санаад буухаа байсан юм. Хүүхдүүд маань ч бид хоёрыг энд хана дугуйлж тооно өргөснийг мэдэж аваг.
Авир ийн өгүүлснээ эхнэрээсээ үг сонсох санаатай хөлс дааварласан нүүрий нь ажив. Ханд түүнийг харсан ч үгүй
- Yхэхдээ үгээ хэлнэ гэж хадгалж явсаар байгаад үр хүүхэддээ юу ч сургахгүй өнгөрөхөөр, хэлэх юм байвал ухаан саруулдаа хэлж, сургаж байвал дээр дээ. Аав минь надад зөндөө л юм ярьдаг байсан. Чамд өгөхийнхөө урьд өдөр хүртэл цаадах чинь архинд дуртай хүн шүү, сайн хэлж бай! Хүний үрийг болно бүтнэ гэж санаж яваа бол үгээ битгий харамла! гэсэн намайг үг хэлэхэд чи нохой хуцсаны чинээд бодох биш гэсээр том алчуур өврөөсөө гарган магнайнаас эхлэн эрүүгээ шувтарсаар хөлсөө арчив.
- Чи намайг дандаа хэтрүүлж байх юм. Чиний үгэнд зөндөө л орлоо. Одоо ч орж явна гэсээр Авир дөрөөн дээрээ өндийн эхнэрийнхээ бэлхүүсээр тэврэн биедээ ойртуулав. Ханд тийм ч дургүй биш байлаа
- Хар халуунд хүн ноолоод. Уйдахгүй юмуу?
- Сайхан л байна даа. Сайхан гэж Авир хэлэв
- Цаашаа бай! Чулуун, Эрдэнэ хоёр юу гэх юм билээ. морин дээрээ ноцолдоод юу болчив гэвэл... хэмээн Хандыг сануулахад Авир эхнэрийнхээ бэлхүүсээр таалан тэвэрсэн гараа авч
- Yе үе сэтгэл хөдлөх юм даа гэж санаашран дуугарав. Ханд эр нөхрийнхөө үгийг сул гээдэггүй зангаараа:
- Би ч чамд үргэлж сайхан харагдах биш дээ. Гурван хүүхдээ чирээд зайлах газаргүй болохоор голомтны чинь үнсийг зөөж явах юм. Би чамайг өрөвдсөндөө өврөө нээсэн юм. Чи намайг эдлэхээ мэдсэнээс биш эрхлүүлэхээ мэдээгүй. Эмэгтэй хүн нэг ч бол дураараа эрхэлж жаргах юм шиг байдаггүйг чи насаараа мэдэхгүй явсаар одоо боллоо гэхдээ тэгтлээ ч цөхөрсөн янзгүй, харин ч жуумалзан инээмхийлэв.
Нээрэн ч тийм шүү золиг! Энэний үглэдэг ч аргагүй л байхаа даа гэж Авир эхнэрээ өрөвдлөө. Тэд анх л айл гэрийн үүдийг нээж өрх татсан, энэ орчлонд мартаж болохгүй бууцныхаа хажуугийн замаар тэмээн тавхай ярс ярс хийлгэн өнгөрлөө. Тэд ид залуу нас, бие биедээ хуурай тунирхавч сэтгэлдээ жаргалын шүтээн болгон хайрлаж явдаг анхны учралаа нэхэн санаж үг дуугүй гэлдрүүлэв. Авир насны даваанаас залуу цагаа эргэж харсан гундуухан бодлоор зүрхээ булгиулан сайхан ч байж дээ. Ахиад нэг залуу болдогсон бол тэр цагийн алдаа нүгэл бүхнийг гэсгээн ухаантайгаас ухаантай амьдрахсан ч гэж бодно.
- Ханд аа! Дахиад нэг залуурахсан гэж нөхрөө өгүүлбээс Ханд:
- Яах нь вэ! өөр авгай авах нь уу? хэмээн цаашлуулав
- Yгүй дээ, одоогоосоо ухаантай явахгүй юу
- Харуусах хэрэггүй ээ. Чиний залуу нас чинь аль түрүүн хөндийн өгсөөд хэдэн хонио хөөгөөд алга боллоо. Даваан дээр гараад уулзаарай. Түүнийгээ л нэг хүн шиг болгож үз хэмээн эхнэр нь бардам хэлэв.
Нээрэн ч тийм юм даа. Миний хүү эр болж явна шүү. Хүнд түшигтэй л хүн болоосой билээ. Бидний багыг бодоход одоогийн эд сургууль соёлын мөр хөөж үзсэн нь бага байлаа гэхэд дуулсан нь их болжээ. Тэгээд ч манай Цогтбаяр хашир хүүдээ хэмээн хүүгээрээ бардаж нэг бодов. Эхнэр нь, хичнээн ч жил би үүндээ тунирхах вэ. одоо амаа татаж явъя. Энэ байхгүй бол би өдий зэрэгтэй байх уу? Хөөрхий минь хүний урманд намайг мөр улайлгаж, гэдэс өлсгөсөнгүй хэмээн санаж улаан нүүрэн дээр тулж ирсэн хад асгат бараан уулсын оргил өөд ширтлээ. Уулсын харц шовх оройд хөнгөн будан сэмэрч, тув тунгалаг тэнгэр алга дарамхан газар цэнхэртэнэ. Тэр шовх бараан оргилын цаана гарч, тэнгэр цэнхэртсэн зусландаа буухад амьсгал уужрах билээ. Эрдэнэ ачааны түрүүчийг гүйцэн ирж Авиртай зэрэгцэн:
- Хоёр банди унтчихаж хө гэв.
Авирын ихэр хоёр хүүхдэд Чулуун, Эрдэнэ хоёр амь мэт хайртай бөгөөд бид хоёрт хүүгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хүүхдүүд тэмээний явдалд бүүвэйлэгдэн нэг нь урагшаагаа нугдайж, нөгөө нь арагны ирмэг халхалсан дээл дээгүүр можигор гар унжуулан унтаж байв. Өгсөх тусам газар огцомхон сэрүү татаж, аги гангын үнэр анхилан, алтан хараацай унасан морины омруун доогуур сүвлэн нисэж эхлэв. Сэрүүн сайхан Алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдоо дууддаг бүлгээ. Шувууд хүртэл цэцэг жимс, нар салхиа дагах юм даа гэж Авир ус нутгаа бахдан энэ азын цэнхэр ууланд амьтан бүхэн бий. Жаргая гэсэн хүн энд төрдөг юм. Миний хүү азтай хүү шүү дээ. Тэрийн болгон хүн ийм сайхан газар, ийм эрээн алаг цэцгэн дээр хөл тавьдаг юм биш. Уул шигээ түшигтэй, тал шигээ сэтгэлтэй хүн яваарай хэмээн захисан эцгийн сургаалийг чимээгүйхэн санаж явлаа.
Зуны эхэн сарын гал шаргал наран Сутай уулын баруун мөрөн дээр алтарч байхад нүүдэл даваан дээр гарч ирлээ. Нүүдлийн түрүүнд даваа давсан хонь үхэр нь бэлчээр дүүрэн налайж, хүү охин хоёр нь оройд ёрдойх хоёр гурван зэвхий модноос уясан элдэв даавууны тасархай зөөлөн салхинд үе үехэн дэрвэнэ. Нүүдлийнхэн овооны дэргэд ачаагаа зогсоон овоонд чулуу нэмэрлээд, Авир түрүүчийн тэмээг сөглөн хэвтүүлж нойрондоо дарагдсан хоёр хүүгээ сэрээн арганаас буулгаж газар гишгүүллээ. Нойрмог хүүхдүүд өтгөн өвсөнд хөл орооцолдуулан хоёр гурав бүдэрснээ тэнцэж газар дэлхийг гайхан байв.
- Айдаа бас сайхан зуншлагатай байна даа гэж Эрдэнэ өврөөсөө дуран гарган хавь ойрыг дурандахдаа хэрэг болгон Гүний овоо хэмээх уулын орой руу харав. Хоёр бараан морь бие биенийхээ сүүдэрт толгой хоргодон сүүлээ шарваж зогсоно. Чингэтэл охин нь морьдын цаад талаас, Цогтбаяр араас нь гарч ирэхийг хараад дурангийн хараагаа бушуухан эргүүлж
- Ай даа бас сайхан зун болж байна даа гэдэг үгээ давтав. Авир түүний нь ажин эхнэр рүүгээ нүд ирмэснээ, манай тэр гайхал ер нь юу л хийгээд яваа хүн бол? гэж санав
Чулуун ногоон дээр жижигхэн ширмэл ширдэг дэвсэж идээ цагаа засан аяга шаазан тавиад:
~ За цай ууцгаа! Гэхдээ ёс төрийг бодож Алтайдаа цайны дээж өргөхдөө аав ээж маань ч сайхан заншилтай улс байж дээ. Нутгаа хайрласнаас л ийм заншил гарсан байхдаа гэж санан түүхий сүүний тос даасан бяслаг, зүсэм өрөм, хэдэн ааруул овоон дээр тавилаа. Yүнийг Алтай зооглохгүй, Алтайн минь нэг амьд амьтан, үнэг туулай ч юмуу, жигүүртэн үгүйдээ чоно ч бол аваад идчихэг гэж бодов. Чингэснээ ачаа даган туйлдаж нүд цийлсэн нохойдоо зэхий хярам долоолгон голыг нь норгов.
- Хүүхдүүд ирж цайгаа уугаасай билээ. Эд ч тэгээд цайсах биш дээ. ус ч бол унд болж явдаг нас гэж Ханд хэлэв.
- Ачаагаа хараад ирцгээх байлгүй гэж Эрдэнэ эхнэрээ нүднийхээ булангаар ажин өгүүлээд гаанс тамхи гаргав. Ханд халуун хүзүүнд нь хадаг уясан ваартай архиа гарган дөрвөнтээ домчлоод сөхөрч суун түшиж аягалав
- Май хө Эрдэнээ? Чулуун алив чи наашаа суу гэсээр хундагатай нэрмэл барив.
- Намайг мартчихаж байгаа юм биш биз дээ? хэмээн Авир хүд хүд хөхрөн завилж тухлав.
- Хаанаас даа. Муу өвгөнөө мартчихвал гомдоно байгаа гэж Ханд хэллээ. Бид дөрөв даанч сайхан үерхсээр, түүнийхээ хүчинд өдий хүрчээ. Ханд Авир хоёр шиг түшигтэй улсыг бидэн хаанаас олдохов гэж Чулуун дотроо бодож суулаа.
Гүүний овоо хэмээх эрт цагийн тахилгат уулын орой дээр хоёр морь сүүл шарван зогссоор л байлаа.
~Ачаа даваан дээр ирчихсэн байна шүү дээ! Хэмээн Гэрэлмаа, Цогтбаярт анхааруулсан хиртээ тэртээ дорогш шовх орой нь түмэн жадны үзүүр шиг шивээлсэн сүр бараат их уулсыг харсаар суулаа. Тэр уулсын тэхийн биенээс арай дээхнүүр торгон будан мушгирч, нарны туяа туссан хад хавцал нь хүрлийн хүрэнтэнэ. Уулсаас цааш үүр шөнөөр ачаалан гарсан Хүйсийн говь үлгэр, зүүд хоёрын алин болох үл мэдэг өнгөөр суунаглан сэтгэлийг нь булаана. Хараад байгууштай байлаа. Газрын оёороос оройд нь гарсан энэ нүүдэл Гэрэлмаагийн амьдралд хэдэнтээ давтагдсан ч өнөөдөр шиг сэтгэл сэнсрүүлсэн нь үгүй. Мөнөөх эмээлийн бүүрэгт өлгөсөн хүлээн авагч нь ая дуу ч үгүй паржигнаж хэрчигнэсэн чимээгээр чих цоргино. Гэрэлмаа өчигдөрхөн хонь хариулж явсан, одоо нүдний үзүүрт униартах их говио ажсаар, аавыг сумын төв орохоор гоё дугуй толь, нүүрний будаг захъя байз гэж бодож суулаа.
Цогтбаяр мөн л Дарвийн нурууны ар болох цийлэн цэнхэр говьдоо харц бэлчээн Гэрэлмаагаа өнөөдөр би дэмий л зовоож дээ. Тэгээд л энэ маань ингэтлээ бодол уйтгар болсон байх хэмээн өөрийгөө зэмлэнэ. Тэртээ дор шовх оргил дээгүүр түрүүнээс хойш эргэлдсэн хоёр тураг шувуу, баасанд цайрсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн биеэ наранд ээнэ.
- Явах уу? Хэмээн Цогтбаярыг асуухад Гэрэлмаа:
- Явъя л даа гэж зүрхэнд ойрхон хэлээд Цогтбаярт гараа өглөө. Гэрэлмаа хормойн цагаан өвсийг гөвсөөр морь руугаа очлоо. Цогтбаяр түүнийг ажин магнайгаа гунигтайгаар үрчийлгэн хөмхий хазална. Газрын намд буусан хойноо Гэрэлмаа айж цочирсон дуугаар
- Аав юу гэх бол? хэмээн гэнэт асуув
- Бид юу ч хийгээгүй шүү дээ
- Тэгсэн ч гэсэн дээ
Тэр хоёр давааны ард налайх хонь руугаа явлаа. Тэднийг харсан Эрдэнэ хоолой засан, өмнөх хундагатайгаа балгаад
- Хүүхдүүд ирж амныхаа цангаа гаргахгүй юм болов уу? гэж Авираас асуух янзтай дуугарав
- Аяганы амсар зуулгалгүй яахав. Мал дагасан муусайн хүүхдүүд буяны нь үзнээ гэсээр Авир суудлаасаа босч хөлс шороонд пад хар болсон хуучин бүрх малгайгаараа даллав. Гэрэлмаа
- Очоод яах юм бэ гэж Цогтбаярыг хориглоно
- Очьё доо, өөр хаашаа явах вэ
Гэрэлмаа Цогтбаярыг даган гэлдэрлээ. Одоо түүнд энэ хүн шиг нөмөр нөөлөг байхгүй санагдана. Эр хүн гэсэндээ зүрхтэй байх нь гэж бас ч сэтгэлдээ урамшив. Тэр хоёрыг ирэхэд эцэг эх нь санасныг бодоход юу ч хэлсэнгүй, харин ч холын зочид шиг хүндлэн
~Миний хүүхдүүд цай уу. хөөрхийс дөө, мал дагасаар байгаад явдалд харшчихаж. Тэгж явсаар байгаад нэг юм болноо. Энэ азын цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дүүдээ элэгтэй хүн амьдардаг юм хэмээн аавын сургаалыг хүүдээ хэлээд Авир, Цогтбаярыг эр болж дээ гэсэн харцаар ажив. Эрдэнэ:
Алив хө Авираа, чи Цогоод шимийн юмнаасаа хийгээч гэж хэлэхэд нь Цогтбаяр эцгээсээ эмээн царай улайлгав. Аав нь архи хундагалан хүүдээ ёс төртэй барилаа. Цогтбаяр, үгүй мөн хачин юмаа. Аав надад архи өгч байдаг. Уучихвал яадаг бол? Хэмээн гайхсаар Гэрэлмааг сэм харвал түрүүхэн зүрх нь хагарчих гээд байсан хүн харин өрөөсөн нүдээ ирмэн дооглох аястай суув.
Даваан дээр гарсан эр хүн байна даа, балгачих гэж Эрдэнийг өгүүлбээс Цогтбаяр нүдээ аниж байгаад хүртэж орхилоо. Хамар амаар сэнгэнэн, нулимс цийлэлзэж өр гол зураад явчив. Арайхийн амьсгаа аваад эцэг эх хоёроо харваас бүрд гайхаж хоцорсон улсууд амаа ангайх нь холгүй сууна.
- Одоо болноо гэж Цогтбаяр хахаж цацан хэлэв
- За хөдөлцгөөе. Бид хоёр түрүүлж очоод гэрийн буурь харж байя. Ханд та хоёр зүтгүүлээд хүрч үз хэмээн Эрдэнэ эхнэртээ хэлэв.
- Миний хүүхдүүд хониндоо яв гэж Авир хүүхдүүддээ хэлээд өвсөн дээр дээш харуулан хаясан хуучин бүрхээ өмслөө. Хүүхдүүд малдаа явж, туулайн зоо шиг уран дэнж дээгүүр Авир, Эрдэнэ хоёр шогшуулан давав. Ханд, Чулуун хоёр голын үгээ ярьж явлаа.
- Хөөрхийдээ би муу Авирыгаа оролдсоор байгаад ууры нь барчихсан юм. Эр хүн үерхэнэ гэдэг хараад атаархмаар юм даа. Манай нуруунд энэ хоёр шиг салж хагацахаа байсан нь ховор шүү. Мал хүртэл ижилддэг хойно хүн ч аргагүй юм байхаа даа.
- Ёстой хар нялхаасаа үерхсэн хоёр доо. Чи бид хоёр ч азтай шүү хө. Энэ нутагт ховорхон л эрчүүдийн гал түлж явна. Yүнээс илүү яахав хэмээн ярьж явлаа.
Майхны гол ус булаг нь харгилан, цэцэг нь алаглаж байлаа. Түрүүлж буусан айлуудын мал хунх хотоос болгоны нь эзлэн налайж, хүн мал шуугилдана. Гэрэлмаа, Цогтбаяр хоёр гэрээ барьж байхад ирлээ. Ачлагаас суларсан тэмээд гол уруудан ааг зоог алхална. Цогтбаяр жолоо татан морины алхаа сааруулж:
- Гэрэлмаа, дахиад уулзах уу? гэж аргадангуй дуугаар асуув
- Уулзъя аа. Зургаан мөнгөн мичид дээр уулзъя. Би тэнд таныг хүлээж байна гэсээр Гэрэлмаа хормойгоороо өвдгөө ороон эмээл дээрээ цэмцийв
- Yнэнээ хэл л дээ Гэрэлмаа
- Yнэнээ хэллээ. Тэнд надтай уулзаарай
Тэр орой нүүдэлд ядарснаас ч тэр үү уртаас урт бүргэр үдэш болов. Гэрийн дотор эд хогшил, авдар саваа нааш цааш нь зөөж байрлуулан сүү сааль гэсээр од түгсэн хойно унтацгаалаа. Гэрэлмаа ор дэвсгэрээ тэврэн гадаа унтана гэсээр гарав. Цогтбаяр мөн л хөнжлийн цагаан даавуугаа хөглөрүүлсээр гарч алга боллоо.
Их уулын шөнө сэрүү татан, хар шүүдэр бууж чийг даана. Хаа нэгтээ монголын бух сүр бадруулан урамдаж, голын ус шоржигнон урсах нь хүртэл ойрхон сонсогдоно. Шөнийн зөөлөн салхи чихнээ нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нүүрэн дээр унасан зургаан мөнгөн мичдийг ширтэж, Дарвийн нуруу гэдэг даанч өндөр юм даа. Одод дунд хонь нь хотлохоор газар. Ингээд зусландаа ирдэг байжээ хэмээн бодож нойр хулжаан байлаа. Цогтбаяр элгэн дээрээ гараа зөрүүлэн гүн харанхуй тэнгэр өөд ширтэж, мөнөөх зургаан мичдийг нүдээр тоолон яах ч аргүй зургаан л од юм даа. Сайхан ч од юм. Гэрэлмаа хачин хүүхэд шүү гэж санаснаа гэнэт сэхээ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон өвсөнд оймсоо норгосоор мярайж очив. Гэрэлмаагийн толгой тус газар чимээгүйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажлаа. Гэрэлмаа зөөлхөн амьсгалж бөх гэгчийн нойрсон байв.
- Гэрэлмаа би байна. Гэрэлмаа!
Гэрэлмаа нүдээ аньсан хэвээр:
- Би болзоондоо оччихоод ирсэн шүү дээ
- Чи унтаагүй байсан юмуу?
- Яаж унтах юм? Юм бодож байна
- Юу бодож байна?
- Аав толь авчирч өгөхөөр нүүрээ харж гоёод тэгээд болзоонд дахин очихгүй юү!
Цогтбаяр түүнийг хайрлан харсаар байлаа. Гэрэлмаа тэрүүхэндээ инээмсэглэснээ, гэнэт гүн бодол нүүрэндээ тодруулан сүүрс алдав. Ингээд л явж байя даа. Энэ хүн өөрөө мэднэ биз. Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж, цаст цагаан уулынхаа даваа бүхнийг давах ч юм билүү хэмээн боджээ. Гэрэлмаа Цогтбаярын гарыг халуун алгаараа атган:
Явж унт даа, маргааш чиний хонины ээлж, явж унт гэв.
Yүр хаяаран уулсын дээгүүр шаргал туяа хярхаглана. Цэв цэлмэг нэгэн сайхан өдрийн зураг шиг ганц шунхан улаан үүл Гүний овооны хад чулуунаас хагацаж ядан зууралдах ажээ.
March 12, 2010 at 6:27 AM
шинэ блог бна
April 13, 2010 at 9:38 AM
Чамд баяр хүргэе. Гайхалтай блог байна. Маш их хэрэгтэй блог байна. Байнга зочилж байнаа.
Post a Comment