Д.Нямсүрэн. Сарны цагаан үүлс

Сар өдрөөр намайг яваад ирэхэд
Санаж л суусан биз ээ амраг минь
Санчигны минь цагаан үсийг хараад
Санаа алдсан нь хэд ч юм билээ дээ
Өвөр дээр чинь эрхлэлгүй төсөөрч
Өнө их удсан байж магадгүй ээ би
Үүрийн шувууд шулганалдахын урьдхан
Өнөөх л яруу найрагтайгаа нөхцөхөөр
Хадсан бухал налаад зогссон бүсгүйчүүл
Халанга нүдээрээ намайг бишгүй л өдсөндөг
Харин тэндээс буцахдаа шанхандаа өвсгүй
Мөрөөдөмтгий харцаараа чамайг хайрласаан
Хуурайхан салхинд ороолдсон халимаганд минь
Хурмастаас илгээсэн хэсэгхэн цас бий
Мөндрийн зурвас дайрсан тэр л үсийг минь
Мөнгөн бэлзэгний оронд хуруундаа ороогоорой
Янзага эхээсээ төөрсөн манан дотор
Ямагт түүнтэй цуг байсаан би
Янаг чамайгаа хүлээлгэсэн олон шөнүүд минь
Ялгуум талаа дуулсан хайранд шингэсээн
Оготор бошинзтой гүйж явсан нас тань
Оддын тэртээд л байх шиг санагдах юм
Цагаан цамцаа дэрвүүлэн би ч гэсэн бас
Сарны цагаан үүлсийн тэнд очсон байлгүй

0 comments:

Хайвал олно