Их эрдэмтний намтрын хуудаснаас

Б.Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул Сарай хэмээх газар төржээ. Түүний төрж өссөн гэр бүл хуучны сэхээтэн албан хаагч бөгөөд бичиг соёлыг эрхэмлэн үздэг, орос хэлнийг чадамгай эзэмшсэн, хуучин уламжлал, ардын билгэ зүйг эрхэмлэн хүндэтгэдэг байсан нь балчир хүүд эртнээс нөлөөлжээ. Энэ тухайгаа хожим дурсаж “Долоон настайдаа монгол цагаан толгой заалгаж ном үздэг болсон билээ. Насан ахмад өвгөд эмгэдээс гайхалтай сайхан үлгэр тууль сонсч бага наснаас ардын аман зохиолын яруу сайханд бахдан дурладаг болсон билээ. Хөдөөний монголтой гэгддэг өтгөс өвгөдийн бичгийн хэлд амжилттай сурч байгаад хүүхэд мэт баясч ардын хэлний шимтэй, амттайг нь бахдах сэтгэл төрүүлэн утгын өвгөний тулдаг үгийн таягийн чухал болохыг сануулж улс хэлтэн бүгдийн утга зохиолыг эрхэмлэн үзэхийг заан сургадаг байж билээ ” гэжээ. Ингэж түүнд тусласан монголтой гэгддэг Амгалан занги гэгч байжээ.
Ардын хувьсгалын ялалтын дараагаар Алтанбулагийн дунд сургуульд суралцаж байхдаа Их жанжин Д.Сүхбаатартай санамсаргүй тохиолджээ. Их жанжинд сургуулийн сурагч/дараах шатны сургуулийг хэлсэн бололтой/ эмч болох тухайгаа хэлэхэд “Европ буюу монголын өвчин гэж байдаггүй юм. Бид баруун европоос эмч урьж авчирч болно. Харин манай ард түмний ёс заншил, сэтгэл санааг сайн мэдээд эх орныг минь хоцрогдмол байдлаас гаргаж шинэ соёл бүтээн байгуулах мэргэжилтнийг олж урьж чадахгүй. Чи явж орос нөхөддөө очиж эрдэм сурч ир” гэж хэлснийг сэтгэл санаандаа бат тогтоон авсан нь эх орон, ард түмэндээ хүчин зүтгэх замаа тодотгон, мэргэжлээ сонгоход нь тусласан сайхан учрал болжээ. Б.Ринчен эхлээд дунд сургуульд суралцаж ,дараа нь ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины судлалын их сургуулийн буриад, халимаг, монгол судлалын ангид суралцаж төгсчээ. Энд суралцаж байхдаа монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов болон энэтхэг, хятад судлаач С.Ольденбург,М.Алексеев, түүхч, академич Б.Бартольд зэрэг олон алдартай эрдэмтдээр ном заалгаж, хэл бичиг, уран зохиол, ардын аман зохиол, угсаатны зүйн талаар шамдан оролдож ирээдүйн судалгаа, шинжилгээний ажлаа эхэлсэн байна.
Их эрдэмтэн Б.Ринченгийн эрдэм шинжилгээний ажлын гол нь монгол бичиг үсгийн түүх, монгол хэлний шинжлэлийн салбарт хамаарах бөгөөд “Монгол хэл бичгийг эвдэн гутаахтай тэмцэн тулах цаг ирсэн биш үү”/1934 он/, “Монгол үсгээр Европ зүгийн гадаад үгийг зөв бичих тухай” /1936 он/, “Үгийн утгын учир” /1950 он/, “Бичиг үсгээ боловсронгуй болгох хэрэгтэй” /1957 он/ зэрэг өгүүллүүд, “Монгол бичгийн хэлний зүй” /дөрвөн боть/, “Монгол ардын нутгийн аялгуу” угсаатны зүйн атлас /1981 он/ зэрэг дорвилог бүтээлүүд нь үүнийг илтгэж байна. Түүний зэрэгцээ монгол ардын аман зохиолыг сурвалжлан тэмдэглэх, эмхлэн боловсруулах, хэвлэн нийтлэх талаар үр бүтээлтэй ажиллаж олон арван бүтээл туурвиж хуучны утга зохиолын судлалд их хувь нэмэр оруулсан юм. Б.Ринчен хэлний шинжлэлтэн, аман зохиол, угсаатны судлаач төдийгүй монгоын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан хүн юм.
Б.Ринченгийн уран бүтээлийн ид цэцэглэлтийн үе нь 1940-1970-аад оны үед хамаарагддаг. Энэ үед Б.Ринчен яруу найраг, үргэлжилсэн үг, кино зохиолын олон төрөл зүйлээр туурвин бичиж манай уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. “Цогт тайж” кино зохиол, “Үүрийн туяа” роман, “Заан залуудай”, “Нүүдэл”,”Шүхэрч Буниа”,”Сандо амбан”,” Нууцыг задруулсан захиа”,”Гүнж” гэх мэт түүхэн баримтат уран зохиолын бүтээл нь түүний цогт эх оронч шинж чанарыг давхар илтгэдэг юм.
“Б.Ринчен бол Монгол Улсын сэргэн мандлын онцлог үе ХХ зууны соёл, шинжлэх ухаан, утга зохиол, түүх, сэтгүүл зүйн хөгжилд том хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч, суун хүн мөн” гэж Академич, доктор, профессор Х.Сампилдэндэв Билгүүн номч Б.Ринченгийн 100 жилийн ойн ёслол дээр хэллээ.


0 comments:

Хайвал олно