Шар торгон дээлэндээ
Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар
Арын толгодод хяруу өлгөж ноолоход
Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорно
Ижийн өргөсөн сүүн замаар шувууд зэллэж
Ирэх цагийн өнгөнд хувилж нуугдсаар л одно
Өлмий гижигдсэн нутгийн минь чулууд жиндүүлж
Өнчин цагаан нуур сарны гэрэлд мэлмэрнэ
Сэрчигнэх модод навчсаа үдэн уйлалдахуй
Зүрхэнд тогтолгүй урссан хөнгөн гуниг тэр л намрынх
Сэтгэлд шургасан халуухан үгнээс иччихээд
Зүсэнд ч хорогдолгүй зугтсан хийтэй санаашрал тэр л амрынх
Аяа, арван зургаан насны минь намар
Аргадмаар, сөгдмөөр зөөлхөн байсан даа
Post a Comment