Уянгын оршил
***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм
Сарних тоосны нэгэн үзүүрт
Саруул нүдээ би чилээж
Санаа алдан сүүгээ өргөн
Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм
Хөдөө нутгийн хөх алсад
Хөл хүнд шинэхэн бэр
Ардын хувьсгалт улаан цэргийн
Ар гэр болж үлдсэн юм
Говийн ганц хайлаас адил
Голт зүрхэндээ хайраа хадгалж
Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн
Тэр жил би нөхрөө үлдсэн юм
Хүний хүүд хайртайн эрхээр
Хүлгийн тоос зүрхэндээ унагаж
Хүлээх хоногийн эхэн шөнийн
Хүйтэн дэрэнд хацраа хайрсан юм
Өрхний хошуу тэр шөнө
Өрөөсөн даль шиг тоононд хөдөрч
Хоймор буусан сарны туяа
Хоёр хуваасан толь шиг байсан юм
Халх голын дайны түгшүүр
Хамаг сэтгэлд дарамт болж
Алтан нарыг тэрхэн зуур
Алгаар хааж болохоор байсан юм
Амьдралын босго дөнгөж алхсан
Арван найман насанд ингэж
Хаа холоос дарины хаяг
Халуун зүрхэнд хаг хаясан юм
Эр нөхрөө дайнд үдсэн
Эхнэр байхын учрыг хэлэх үү
Энгэр хумисан залуу цагийн
Эхний шөнийн уртыг хэлэх үү
Ороо морь шиг хулжсан нойронд
Орчлон холыг хугацан бодсоор
Өдөлж гүцээгүй цурам ухааны
Өчүүхэн жигүүр цуцаж билээ
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явчсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулыг даваад явчсан юм
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явчсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явчсан юм
Уянгын өрнөл
*********
-Цэвэрхэн хүүхнүүд үрээ тэврээд
Цэцгэн дундуур нөхрөө үдсэн юм
Цэргийн хүүд хайраа өгөөд
Цэнхэр уулсаа түшээд үлдсан юм
Олон эхнэр зүрхээ дараад
Онгон талаар ханиа үдсэн юм
Орон гэрээ өөд нь татаад
Одот тэнгэрээ өргөөд үлдсэн юм
Өглөө нь харин үүр цүүрээр
Өрхөө би цэлийтэл татаад
Өөдөлж яваа айл байг гэж
Өрдөн өрдөн галаа түллээ
Хадам аав хяраанаар ирээд
Хар чийгэнд эмээлтэй нь уясан
Унаа хөтлөө хоёр морь
Уяан дээр чичрэн байлаа
Миний нөрхийн наадамд унадаг
Мичид сартай хонгор морь
Намайг хараад үүрсэм болсноо
Найман ганзага цацлан шилгээв
Энэ бид хоёр л адилхан
Эзнээ үгүйлжээ гэж бодоод
Эмээлий нь авч нуруугий нь амраан
Эрдэнийн сайхан толгойгий нь илэв
Сайн морь эзнээ гэдэг юм
Санаа дагаад ч тэр билүү
Сажихын төдий нэхэн харвал
Сайхан нүд нь нулимстай байлаа
Тэсгэл алдсан сэтгэл гэдэг
Тэгтлээ амархан уулзах юм шиг
Тэнгэр өнгөтэй цэнхэр даалимбаар
Тэр өдөртөө тэрлэг эсгэлээ
Эрдүү өргөн цээжий нь бодож
Энгэр юугий нь цээлхэн тавьлаа
Эрэгцээ морины эргээ бодож
Элбэг сайхан ташаа тавьлаа
Уургын уртыг барина хэмээн
Уужим сайхан суга тавилаа
Уулын жавар унана хэмээн
Унаган туурай нударга тавьлаа
Улаа бутарсан царайгий нь бодож
Ухаа торгоор эмжээ билээ ...
Удаан өмсөх эдэлгээ бодож
Ураа гарган шаглаа билээ
Унгах нойроо хагаслан байж
Унаган өндгөө татган байж
Уяран баясан суугаа билээ
Торгоны үйл биш ч гэлээ
Тоостой газар тавиагүй билээ
Той хуримынх бус ч гэлээ
Тостой гараар бариагүй билээ
Эргээд ирэх өдрийг хүлээж
Эвхэн эвхэн тавиа билээ
Эр нөхрөө санах цагтаа
Эргэн эргэн үзээ билээ
Цэвэрхэн хүүхнүүд үрээ тэврээд
Цэцгэн дундуур нөхрөө үдсэн юм
Цэргийн хүүд хайраа өгөөд
Цэнхэр уулсаа түшээд үлдсэн юм
Олон эхнэр зүрхээ дараад
Онгон талаар ханиа үдсэн юм
Орон гэрээ өөд нь татаад
Одот тэнгэрээ өргөөд үлдсэн юм
Уянгын буцалт
***************
-Галын шугаманд цэргийн зүрх
Ганцаараа байх ёсон байхгүй
Дайны талбарт гэргийн зүрх
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм
Эр цэргийн эхнэр гэдэг
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй
Хортон дайсны сум онодоггүй
Хоёр амины нэгнийг хэлдэг юм
Эгэл цэргийн ар гэрийн
Эх орон харж байдаг юм
Хэрвээ зөрчвөл урвасанд тооцох
Хэвлээгүй хууль бас байдаг юм
Үүнийг би хүндлэн сахиж
Үүр шөнөөр хүлээж байсан юм
Үеийн олон хүүхнүүд цөм
Үнэнч хэвээр хүлээж байсан юм
Хаврын нуур шиг алдрах насаа
Хайлган хайлган хүлээж байсан юм
Хангайн согоо шиг ариун биеэ
Хадгалан хадгалан хүлээж байсан юм
Намрын хонгор салхин дунд
Найган найган хүлээж байсан юм
Намираа хурыг санан гансрах
Навч шиг гансран хүлээж байсан юм
Тэгэвч бид фронтын ар талаас
Тэмцлийн тэнхэлийг түшиж өгсөн юм
Амьдралын их хувь заяаг
Айл бүхэнд авч явсан юм
Халх голын ус тэгэхэд
Хамаг олны зүрхэнд урсаж
Харийн дайсанд өргөн далайж
Хат аагисан илд болсон юм
Зүрхэнд урссан тэр голын
Зүүн баруун хоёр эрэг
Үүнэн худлын завсар татсан
Үүрийн туяа шиг зааг байсан юм
Цээжин дотор бөмбөг нижигнэж
Цэрэг эрсийн алхаа нижигнэж
Хүний түшүүрт сэтгэл дотор
Хүнд танкийн мөр гарсан юм
Аль нь вэ гэдэгт эргэлзээгүй ч
Атгаг сэтгэл намайг ээдрээж
Амь эрсэн суман дундах
Амраг нөхөртөө зовж явсан юм
-Галын шугаманд цэргийн зүрх
Ганцаараа байх ёсон байхгүй
Дайны талбарт гэргийн зүрх
Дайчин нөхрийнхөө цээжинд явдаг юм
Эр цэргийн эхнэр гэдэг
Эмэгтэйн төдий нэрийг хэлдэггүй
Хортон дайсны сум онодогүй
Хоёр амины нэгийг хэлдэг юм
Уянгын тайлал
***********
-Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад ирлээ
Цээжин дотор учрал зарлаад
Цэнхэр уулыг даваад ирлээ
Олон эрчууд дайснаа дараад
Онгон талаар давхиад ирлээ
Орон гэртээ зайгаа эзлээд
Одтой адил харваад ирлээ
Халагдаж ирэх цэргийн сургаар
Хадам аав сумын төв уруу
Унаа хөтлөө хоёр морьтой
Улсын түрүүнд давхиад явчлаа
Хөөрөн сэнсрэх сэтгэл гэдэг
Хөл газар хүрэхгүй дэрвэж
Хөв чийгий нь эгшээн тавихаар
Хөх даалимбан тэрлэгээ гаргалаа
Урд хормойд нь унага даага гэж
Урдаас дугтарч оёосы нь тавилаа
Хойт хормойд нь хонь хурга гэж
Хойноос нь дугтарч хаваасы нь тавилаа
Дотоод хормойд нь тос өөх гэж
Дороос нь дугтарч шидээсий нь авлаа
Эзгүй байхад нь хийсэн юм гэж
Эцсийн учгаа хатгаж авлаа
Салаа гэзгээ дагнан сүлжиж
Сар сувдан даруулга зүүлээ
Цайны дээлээ нөмгөн өмсөж
Царай зүсээ тольдон заслаа
Үдэш эртхэн хажуулаг гэж
Үнээ малаа эртхэн саалаа
Хонгор хүүгий нь цэвэрхэн хувцаслаж
Хоёрхон усаар тогоо авлаа
Тэгтэл ... нар шингэсэн хойно
Тэртээгээс хадам аав ганцаар
Эмээлтэй морь хөрөлсөн чигээр
Эргэж ирээд уяан дээр буулаа
Гэр лүүгээ нэг явах гэснээ
Гэнэтхэн зог тусаж хэсэг зогссоноо
Хонгор морины эмээлийг авч
Хоёр бүүргэнд хазаарыг сойлоо
Үеийг эзэлсэн буурал хайлаас
Үндэс тасран гуйвалж байх шиг
Сүртэй өвгөн эмээл тэвэрсээр
Сүүдэр шиг нааш айсуй хайрагдлаа
Гэнэтхэн миний дотор пал хийж
Гэртээ орж гэрэл барилаа
Айсан туулай шиг дүрлийн гайхаж
Аавын өөдөөс дуугүй ширтлээ
Аав ч бас таг дуугүй
Асга царай нь тас харанхуйлж
Төөрсөн гар нь эмээлээ алдахуй
Төмөр дөрөө нь ёолон харшлаа
Хөл дорхи газар дайвж
Хөх ногоон улаанаар эргэж
Хүний орчлонд барьц алдахдаа
Хүүгээ л би тэврэн авлаа
Эрлэг дайны хүйтэн савар
Эвдэрсэн сэтгэл тэмррэх цагт
Ямар их хүнд үнээр
Ялалт ирснийг бид мэдлээ
Хагацалд үерлэх халуун нулимс
Харуусал тайлж хүрдэггүй билээ
Хамгийн сүүлчийн буун дуунаар
Хар дайн дуурдаггүй билээ
Уянгын үргэлжлэл
***************
-Халх голын дайн зөвхөн
Халх голын дайн байсангүй
Хайртай бүхнээ дайснаас өмөөрсөн
Хамаг ардын дайн байлаа
Эгэл миний амьдрал дундуур
Эзэнгүй дээл орхиод явлаа
Дайчин нөхөр минь дахиад ирэлгүй
Дайныг үүрд аваад явахдаа
Өөрөө хэдий амиа алдсан ч
Өрөөл бусдад амьдрал өгсөн юм
Уулс ус цэцэг навчинд
Урдын нь сайхан өнгө бүрдэж
Улмаар мандан ялж гарсан
Улс орон уйтгар тайлсан юм
Явсан замыг нь залгаж авах
Яргуй алаг үрийг нь бодож
Янаг түүнийхээ мөнгөн эмээлийг
Яргай ташуурт нь шондож тавилаа
Хүлгийнх нь тоосыг орчлонд өргөж
Хүслийг нь гүйцээх хүүэйг бодож
Урсан хатсан хөлсийг хусаж
Унаган хонгорыг нь адуунд тавьлаа
Энгэр дээлийн энд хүрэх
Эзэн тэнгэрт хүүтэйг бодож
Хөх даалимбан тэрлэгийг нь эвхэж
Хүүд нь тавьж авдранд хийлээ
Эцгээ дууриасан хүүтэй болохоор
Эзгүй гэр минь дүүрээд ирсэн юм
Үүлэн сүүдрээс ч биеэрээ хааж
Үрийн бүүвэй дуулдаг болсон юм
"Адуучин аавын хүү билээ
Агтын тоосонд төрсөн билээ
Алимнаас ургасан алим билээ
Аминаас ургасан амь билээ
Саальчин ээжийн хүү билээ
Саальтай энгэрээс унасан билээ
Саргүй шөнийн саран билээ
Сартай шөнийн наран билээ
Далай баян орныхоо төлөө
Дайчин аав нь дайнд явсан юм
Дайсан дарсан дархан цолтой
Дарь үнэртсэн аав нь унасан юм
Хүү нь өсөж том болоод
Хүрэн тасын жигүүр ургана
Хүлэг морио тэнгэрт сойж
Хүний хүслийг газарт бүтээнэ
Аавын үгүйд аав болсон
Ард олноо хайрлаж яваарай
Асар их үнээр олдсон
Аз жаргалаа хамгаалж яваарай"
Эр нөхөр нь ирсан ирээгүй
Эх бүхэн тэр цагт
Өнөө үеийнхэнд энэ бүүвэйг
Өвөр дээр нь дуулж өгсөн юм .
Post a Comment