Н.Гантулга : Гэгээрэл, мөн чанар, эх орон

"Болор цом 28" наадмын ГУТГААР байрт шалгарсан шүлэг

Салхины эрчимлэг долгион бодлын цээлд шувуу болох
Сарны зөөлөн урсгал сэтгэлийн цаана аянга адил гялбах
Хамаг хүчээрээ дуулсан дуу минь газрын цээжинд цуурайлахаа болих
Харанхуйд асаасан дэнгийн гэрэл тэнгэрийн хөмсгөнд сүүмэлзсээр байх
Гэгээрэл, мөн чанар, эх орон
Арван тавтай охидын догдлол энгэрийн халаасанд хавчуулагдан халуу дүүгэх
Адуу хоносон хөндийн жавар зүүдний эдлэнд унаж, дотроосоо шатаж гэрэлтэх
Намар оройн будрах цас үсний үзүүрт тогтож, өдөр сараар хайлахгүй удах
Надад дурласан бүсгүйн харц үүлэн чөлөөний нар мэт гэнэт далдаас төөнөх
Гэгээрэл, мөн чанар, эх орон
Хэзээ ч уулзаагүй ээждээ зориулсан андын минь шүлэг
Хээрийн салхитай сэвэлзсэн энгэр цээжийг минь норгох
Урсгал голын чулуунд хайр энэрлээ шингээсэн хүлэг морь
Улирлын сайханд цаг хугацааны мөнгөн сэрүүлэг дуугарахыг хүлээх
Гэгээрэл, мөн чанар, эх орон
Ертөнцийг таньсан гэмээр марал буга уулсын тэртээгээс манантан үзэгдэхэд
Ерийн нэгэн сайхан ижий хүүгээ саравчлан Дорно зүгт хараа бэлчээх
Өлмий доороос ногоо ургах нь үүлсийн цаана сарнисан орон зайн тунгалагт мэдрэгдэж
Өнгөт орчлонд юм бүхэн утга учиртайг сануулан нэгэн цэгт л огтлолцох
Гэгээрэл, мөн чанар, эрх орон.
0 comments:

Хайвал олно