Д. Урианхай. Өвөлжөөний шөнө

Цас малгайлна.
Өвч дэлхийн өвс шарилж бүрийн тоогоор ширхэг тоолон бутрах гэсэн мэт зай завсаргүй нүүр нүдгүй будрана.
Намрын навчис хүчит салхинд сайран шаагих шиг цасан ширхэг том томоор малгайлан хээр талыг булна. Цасан ширхэгээс хэрэв ганцыг хэлэн дээрээ тосч аваад амандаа үмхэх юм бол аманд хайлахаасаа түрүүн хахаах байх гэж санагдахаар хүүс хүүсээр газардана. Хас нэг салхин хөдлөхөд цасан хөшиг нэлдээ ташин намжиж, дуу ихтэй ширүүн мөндөр ташуурдах мэт цайран ханарах агаад, гагцхүү авиа чимээн үгүй аг дарсан нам гүм нь их усны хөв дор орсон мэт санагдуулах ажгуу.

Хөдөө хээр чимээ дарна.
Ойн хаяанд өвөлжөө өтөг бараагнан, өвөлжөөний зүг ганц морьтой хүн цас бургуулан шогшино. Голын шугуй зүүд нойрноо дарагдсан мэт чимээ аниргүй амгалан, хаа нэг бургасны мөчрөөс цас гулсан, голын хөндийн эзгүй буйдад хэрээ, шувууд нисэлдэнэ. Ерөөлт цасанд мэдэгдэхтэй үгүйтэй бүтэлзэх замаа орхиж өвөлжөө өөд тэргээ заллаа. Нар шингэв бололтой шивэр ойтой ноёлог хангайн бараа сүртэй гэгч барагнан хүглийж, жавар нэмж эхэллээ. Өвөлжөөнөөс өтөг бууцны ороо содон үнэр ханхийж, мал цас хяхнуулан холхиж, малчид үхэр тугалдаа өвс тэжээл тараах ажгуу. Жижиг бор гэрт гал өрдсөн шинжтэй яндангаар очис улалзан гэрийн үүд татмагц тогоонд даргилан авай аагтай цайны уур хамар цоргин ханхийж, сармай дээлтэй настай авгай цай самарч сууна. Гэрийн хатавчинд мөнгөн хошуутай шийр алаг нялх тугал ханын нүдэнд хавчуулсан нарийн өвс зулгаан тор тор идэж зогсов. Гийчид мэнд мэдэхэд авгай цай самрангаа хариу мэнд мэдэж,
- Хүүхдүүд дээшээ сууцгаа! гэж уриалгахан өгүүлээд шанагаа барьсаар ор руу очиж хунирсан бүтээлгийг заслаа.
Yүд онгосхийж даарч улайсан хацартай, толгой нүцгэн тоодгор жаал хүү бор шувуу шиг , дэрхийн орж ирээд гийчдийг сониучирхан нүдээ гялтгануулж үүднээ шуухитнан зогсоход, Ерөөлт:
- За энэ чинь хормойгоо урчихсан, гутлынхаа хошууг цоолчихсон... бас майжийлгаад гишгэчихсэн, яггүй сахилгагүй эр үү, үгүй юу? А-аа? гэхэд, жаал духан доогуураа хулмагнан харж өнөө гутлынхаа цоорхой хошуун дээр нэг хөлөөрөө гишгээд золтой л уначихалгүй дэнжигнэн тогтов. Цоорхой гутлаа нуучихаж буй нь тэр аж. Ерөөлт:
- Юу хийдэг вэ? нөхөр. Мал хашилцахгүй яагаад ороод ирэв гэж тохуурхахад жаал:
- Юу ч хийдэггүй! гээд ихэд эмээнгүй нусаа шорхийтэл татав.
- Мал малладаггүй юу? гэхэд,
- Малладаг гээд, хөл нь чилэв бололтой хөлөө сольбиж өнөө цоорхой гуталтай хөлөө нөгөө хөлийнхөө араар хийв.
Авгай цайгаа уудалж данхаа нэг сиймгэр даавууны навтархайгаар зүлгэж гийчдийн өмнө тавиад аяга угаахаар түгдчив.
Ерөөлт авгайг цай аягалах зуур халааснаа чихэр гарган:
- Нусгүй хүүхдэд өгнө! гээд чихрээ гозогнуулбал жаал хүү нусаа дахин татаад ханцуйны үзүүрээр хамраа арчив. Гийчин бүсгүй Гэрэл:
- Чи битгий хүүхдийн үйл үзээд бай! гээд нөхрийн гараас чихрийг булааж, бас халаасыг нь ухан хэдийг нэмээд хүүд өглөө.
Yүд онгойж сахал нь мөстөн, усавхи бор нүдэнд нь нулимс цийлэгнэсэн нэг өвгөн орж ирээд лааны гэрэлд гийчдийг тань ядан,
- За, сайн байцгаана уу? Таних улс байна уу энэ чинь.. танихгүй улс байна уу? гээд пайлгар муу эсгий гутлынхаа улыг үүдэнд үрэв.
Ерөөлт:
- Yгүй байх аа! Би нутгаас яваад удсан. Харин аавыг маань таньж магадгүй! гээд удам судар, нутаг ус, гал голомтоо хуучилбал өвгөн дуун алдаад;
- И-ш танихаар барах уу даа! Чи чинь гөрөөчин Дамдингийн хүү байх нь!... гэж Ерөөлтийн зүг зүтгэж үнсэхээр сарвайв. Авгай ч хөлстэй нүүрээ хурдан шудраад Ерөөлт, Гэрэлт хоёрын духанд хиртэй нойтон хамраа наан үнэрлээд,
Хөөрхий минь дээ.. хөөрхий минь дээ! гэж уйлах дуулахын завсар ингэ мэт гунганав. Өвгөн тамхиа нэрж аньсага улайсан нүдээ анисхийгээд,
- Эцэг бид хоёр чинь хар нялхаасаа ханилсан улс аа. Нэгэнтээ, цас нэвсийсэн нэг өвөл авд цуг мордож аав чинь Харганын нуруунд шархтсан бодон хөөж ганцаар салаад гуяа хадруулж, тэгээд... өөрийнхөө бурууг мэдэхгүй, бодонд гаргах уураа гарган уурлаж, айлгаж, сүйд болж байсансан. Ум ма ни бад ми хум!... Нөхрийн мөс сайтай, сүр ихтэй хүнсэн хөөрхий... гээд санаа алдав Авгай санаандгүй
- Та өөрөө яаж зовоож байсан бол доо, хөөрхий! Цаад хүн нь газар шиг хүн болохоороо тоодоггүй байсан байх даа, бодоход!... гэв.
Өвгөн:
- Юу зовоох юм?! гээд дуу нь сүрхий өндөрсөхөд, авгай:
- Агсам тавиад л зовоогоод явсан байлгүй,..! гэлээ. Өвгөн:
- Хаанаас энэ чинь гээд муухай харснаа дуугүй болчихлоо.
Бүрэнхий тасарч Ерөөлт өвгөн хоёр адуу хашихаар гадаа гарвал хашаанаас өвс сүрэл, үхэр малын танил дотно үхэр ханхилж өвөлжөөнд үхэр хивэх, жалга өөд нохой хуцах ... саравч дээр сүрэл салхинд сэр сүр хийх сонстоод цас зогссон бүрэнхий тэнгэрт ганц нэгхэн од үүлсийн завсраар анивчин гялвалзах үзэгдэнэ Хашааны гадуур адуу морьд үүрсэж, хааяа гуя хаа руугаа пид хийтэл тангаралдаж. ганц нэг ороо хулжаа адуу хашаанд орохгүй зугатах агаад цээлхэн баргил хоолойтой нэг залуу эр унасан морийг ташуурын сураар шав хийлгэн шавхарч, ороо бусгааг уургын хуйваар тас ороолгон хашааны зүг эргүүлэн элдэнэ. Өвгөн:
- Адуу мал харах сайхан байна уу? Аав чинь хурдан морь, анч нохойд хорхойтсон, зайлуул... гээд түгдэрснээ, - хүний сайныг тэнгэр эрт таалдаг юм шүү дээ, хүү минь ... гээд үгээ залгиж буруу харангаа хашааны үүдэнд хэвтсэн бөөрөнхий чулууг аван холоо гэгч чулуудав. Өвгөн:
- Чи ан ав хийдэг үү? гэв. Ерөөлт:
- Yгүй дээ гэхэд, Өвгөн:
- Загас жараахай гөрөөлөх гээд хот хүрээний та нарт чинь нэг айхтар хорхойтдог ан бий биз дээ? гээд хүг хүг ханиаснаа
- Хот хүрээний улс гэснээс ноднин зун манай айлын том хүү гэрээрээ хүүхэд шуухадтайгаа ирж хэд хоноод буцсан. Тэгтэл тэдний бага охин нь нэг өдөр хашаанд гүйж яваа ишиг хараад "Өвөө маань яасан олон мууртай юм бэ?" гэж гайхаж байдаг шүү гэж хөхрөв.
Адуугаа хашаад үүдний шургаагийг гулдалж олсоор боов. Уулс анир чимээгүй: арын модод салхинд шуугина Адуу хүзүү хондлойгоо маажилцах, тургих, хаа нэг бие биеэ өшиглөх, бие биедээ үүрсэх хийгээд цас дарсан хад асганд салхи хүүгэх дуулдана. Өвгөн:
- За хүүхээ орох уу даа! гээд гэр өөдөө алхлаа. Ерөөлт өвгөний араас дуугай толгой өлийн гэлдрэв.
Өвөлжөөний үүдээр гарахуй өвөлжөөнд үхэр хивэх, яраглах, хэвтэр олоогүй бяруу, шүдлэн эврээ сэжлэх, дороо омогнон холхих дуулдана. Гэрт орвол авгай бүхэл мах чанахаар өөх нь дарайсан үхрийн хавирга түлээний хараар хуга хуга ташиж. хоёр гурван сээр, нуруу, бараг дээлийн ханцуй шиг бүдүүн чихсэн хошного сэлтийг оруулан тогоо дүүрэн мах багсайтал хийж, Гэрэл гурил зуурахаар эрэгнэгний дээдтэй сөхрөн суужээ.
Ерөөлт гараа ээхээр зуухны дэргэд явган суувал, хатавчинд уяатай тугал сүүлээ моодгонуулан Ерөөлтийн хувцас хунарын үнэрийг сонирхох мэт хошуугаа шөмбийлгөн хамраа сартагануулж гарав.
Өвгөн авдраа уудалж хуучин цагийн том цагаан бөгст гаргаад,
- Алив хөгшөөн, цаанаасаа тунхуу аваад аль! гэж зангав.
Шар тос хөвүүлсэн сархад балгаж. хууч хөөрч хот орны сонин хачныг шалгаасаар өвгөний нүд жаахан сүүмийлээ. Авгай том гуулин цараар дүүрэн тарган мах ууры нь савсуулан гаргаад шалны өрөн дээр тавьж, уулын зэрлэг сонгино хөшиглөсөн, тос бурзайн халиурсан гурилтай хоол цагаан саванд сар пар хийтэл юүлээд халбага шургуулав.
“ “ “
Гадаа аг чиг, нохой л хаа нэг хөв-хөв хуцна. Өрх татаатай, зуухнаа дүүрэн улаан цогтой гэрт халуу дүүгэн өвгөн хаа нэг галын цог шилгээн тамхи асаана. Ерөөлт:
- Уг нь малын дэргэд ингээд бууж байдаг бол жаргалтай л амьдрах юм даа! гэхэд Өвгөн;
- Ай даа, юу хэлэх вэ? гэв. Ерөөлт:
- Хавар хонь хариулаад явж байхад ч сайхан байдаг байх даа! Зэрэглээ татаад л, агь ханхлаад л болжмор жиргээд л... Тийм ээ гээд сархадаас шимснээ:
- Гэхдээ хүн ч сонин амьтан даа! Юмнаас амархан уйддаг, аль байхгүйг үгүйлдэг гээд хөлчүүрхэн бодлогошроход Өвгөн:
- Хээ -цэс! гэж дургүйцэнгүй аман дотроо дуугараад,
- Юуны чинь уйдах! Чи юун дэмий юм яриад байна? гэлээ. Ерөөлт:
- Ухаан нь та хотод сууж чадахгүй шүү дээ, ахаа! Хэд хоноод хөдөөгөө санана, мөн үү? Юү ч гэж хэлж мэдэхгүй нэг юм танд дутаад... үгүйлэгдээд, үйлий тань барна. Мөн үү? гээд өвгөний аяганд тунхуутайгаас шор шор хийлгэж:
- Хүн гэдэг чинь үнэндээ юм юм л хүсэх юм. Гэтэл тэдгээр юмс нь нэг дор цөмөөрөө бүрдэх, бүтэх нь ховор, тэгэхээр л энэ ч юм нь дутуу, тэр ч юм нь үгүй санагдаад, хүн тамаа цайж юм юм руу тэмүүлээд байдаг юм уу гэж бодогдох юм! гэвэл өвгөн гараа дуугай зангаж, лааны дөл ширтэн бодлогоширов. Тэгээд:
- Yнэн л юм шиг санагдана! Ухаан нь намайг морь унахгүй, тарваганы нүх сахихгүй аж төр гэвэл яана? Хөгөө чирлээ шүү дээ! гээд гар нь салгалан эсгий гутлынхаа хоншоорыг олж ядан тамхиныхаа үнсийг тогшив. Өвгөн хоёр нэг удаа цээжээ пэржигнүүлэн ханиалгаад,
- Манай үүгээр дайрах хотын хүмүүс ярих нь хотод сүү сааль, тос ховор, олддоггүй гэх юм. Yнэн үү. Хүүхээ? Мал ахуйтай орон гэх, гол хүрээ нь гэх, тэгээд хар цайгаар голоо харлуулаад суух ч базаахгүй л хэрэг дээ! А-ан? гэв. Ерөөлт:
- Базаахгүй нь базаахгүй л хэрэг! гэж ам дагуулаад, тунхуунд үлдсэнийг өөрт болон өвгөнд хуваан юүлж, тунхууг дахин суллав. Ерөөлт:
- Малынхаа дэргэд байгаа болохоор та нар бол арай өөр биз дээ? гэхэд, Өвгөн:
- За даа, ямар дээ.. гээд оочоо имэрч, тооно өөд өлийснөө.
- Болих гээд л байна! гэлээ.
- Адаглаад л бидэн шиг юм бүгд дээр хүний гар харахгүй нь учиртай юм даа гэсэнд Өвгөн:
- Тэр нь ч тийм!... гээд дуугай болсноо, Хм гэж хоолой засаад, тагштайгаа балгав, Өвгөн сэмхэн босон жаахан гуйвасхийн юманд мярайх мэт зөөлөн гишгэлэн явсаар авдарын ширгүүнээс өнөө цагаан бөгстөө сугалан тунхуугаа дүүргээд зуухны халуун таган дээр аяархан тавив.

Авгай хэдийн таг чиг унтаад цээж нь намуухан түхэс түхэс амьсгалан хөдөлж өдрийнхөө эх захгүй түгчээнд эцэж ядарсан шинжтэй үл ялиг хурхирч хэвтэнэ. Гэрэл аньсага дутуухан аниад юм ярьж зүүдлэх мэт уруулаа үл мэдэг хөдөлгөх агаад духаа бүтээн унжсан үс нь лааны гэрэлд сүүдэртэнэ. Тугал гэрийн хаяа руу бөгсөө шахан хүзүүгээ хөөрхөн нь аргагүй сунган хаагаа дэрлээд "намайг үхэр биш гэх үү?" гэсэн шиг чихээ нэг хээвнэг дэлдэгнүүлэн унтана.
Ерөөлт өвгөний аягалсныг балгаад,
- Идэх, уух ч яахав ээ, гол юм биш .. Өнөө чинь хүнд өдий төдий юм хэрэгтэй болчихож! Ухаан нь таны залууд юу хэрэгтэй байв? Ном, сонин зурагт... орны хөшиг, гутлын тос, за юу ч байдаг юм... үнэртэй ус: цагаан даавуу... ер одоо бидний хэрэглэхгүйгээр аж төрж чадахгүй юмсыг мэддэг байсан уу? Тэгэхээр урьд гэдсэнд ордог байсан юмны маань хагасыг толгойд ч гэх юмуу сэтгэл санаанд ч гэх юмуу оруулах хэрэгтэй болж шүү дээ! Хэрэгцээ гэдэг юм амьдралыг дэлгэр болгодог эд юм гэж, юунаас ч болоод ийм юм ярих хэрэгтэй болсон юм, юунд ч хэрэгтэй гэж ярьж байгаа юм бүү мэд, өвгөний нүднээс дээрдэх юмгүй улхайж улцайсан нүдээ жоотойлгон, шүлсээ татан, уруулаа долоон өгүүлэв, Өвгөн:
- За тийм тал ч бий нь бий байх аа! Тэгэхдээ тэр хэрэгцээ чинь хүнийг бүүр муу занд сургаж байна! Хүн улам л ахиад, улам л шунаад байхаас биш, "болъё':, "ханалаа" гэж хэлэх хүн байхгүй! Улам л... улам л гээд тунхуутайгаас тагш руугаа шоржигнуулав.
“ “ “
Өвгөн маш хөлчиж тамхиа асаах нь ч, асаасан тамхиа унтраах нь ч олширч тунхуутай руу гар сарвайх нь улам бур ойр ойрхон болжээ. Өвгөн:
- Багцаа бодоход шөнө дунд л өнгөрч байх шиг байна. Чи нэг ая барих уу, аа? гээд бүгшүүлэв. Ерөөлт:
- Ээ зохь доо!... миний дуулахаас хэрээний бархирах хаа дээр юм! гэсэнд, Өвгөн:
- Эцэг чинь мөн ч сайхан дуулдагсан даа найранд очоод хултай айрагны хөөс хариулаад үлээхэд л хоолойд дуу загатнаад ирдэг гээд л ярьдагсан... гээд дуугай болж толгойгоо доош нугаласхийлгэж ... даарсан элээ шиг бөгвийснөө, гунигтайхнаар,
- Ай хөөрхий юу ч гэхэв дээ, юм хувирна гэдэг л хорвоод ганц үнэн юм даа... гээд санаа алдлаа. Өвгөн тунхууг тагш руугаа нэлээн шамдангуй тонгойлгож оочоо нэг шувтарснаа гуйван босч хоймор өөдөө очоод, ойр мөддөө... ойр мөддөө байтугай хэдэн жилдээ гартаа бариагүй утаа тортог идсэн морин хуураа аваад суудалдаа эгэн завилж хуураа намуухнаар хэд янцгаалган хөглөөд, залуугаас өдий насан турш завсарлаагүй "Хүрэнгийн жороо"-гоо сурмагханаар хуурдан татаж өвгөн хүний сийнгэ ир цуцмаг хоолойгоор аялсхийгээд үзэв.
"Хүрэнгийн жороо морь нь
Хүрэн хүртэлээ...." гэж сулбуухан, бөжрөнгө хоолойгоор хуурынхаа ая зэхээг даган шуранхайлснаа амьсгаа нь хүрэхгүй тасалдан, өөд газар яаруу, зүтгүү алхсан мэт амьсгаадаад гүйцээж эс чадлаа.
Өвгөн нүдээ арчаад,
- И -ш чааваас, амьдаараа үхэж дуусчээ!... гэж гутран дуугараад, хуурынхаа хөвчийг хацарлуулж, толгойг нь түшин гунигтайхнаар дуугай тонгойсноо,
- Алив чи дуул! гэж шахаж гарав. Ерөөлт:
- Би чаддаггүй шүү дээ, ахаа. Дуу мэддэг ч үгүй, дуулдаг ч үгүй! гэхэд Өвгөн гэнэтхэн жигтэйхэн уурлан:
- Чи яагаад чаддаггүй, яагаад мэддэггүй юм. Заавал дуул! гэж уухилаад явчих нь тэр. Ерөөлт:
- Yгүй ээ, ахаа би үнэхээр. гээд "дуулж чаддаггүй, дуу мэддэггүй" гэх санаатай ам ангайтал, өвгөн эгшинээ өвгөн биш болж, ээ-н, уу-ний зуурдгүй, суугаа чигээр морин хуураа дээр гэгч далайн,
- Хүн наана чинь чамайг дуул гэж байна! Чамайг ... чамайг өөр дуу дуул гээгүй монгол дуугаа дуул гэж байна. Дуулав уу А-аан? гэж дүрэм дүрсгүй уухирдаж, агсамнан загнав. Ерөөлт учиргүй хөхрөн,
- Би яаж чадах вэ дээ ах минь! Ямар заалгасан биш гэж найрсангүй
хэлэхэд, өвгөн:
- Хүн чинь юмыг заалгаж сурдаг юм уу ямар? А-аан? Өөрөө сурдаг юм хар хуухайнууд минь гэж зандчин, хуураа толгой дээгүүрээ хий эргүүлэв.
Авгай сэрээд, тэр даруйдаа юу болж байгааг эс ухан нойрноос салж ядсан, гайхсан царайтай,
- Юу вэ, Юу болоод байна? гээд эвшээлгэлээ.
Өвгөн хөгшнийхөө дуунаар омог улам огшиж, идэр залуу эр мэт гавшгайхнаар Ерөөлтийн ууж асан аяга руу тунхуутайгаас хол хол хийлгээд,
- Май, энүүнийг..,. Балгачих гээд хөгшиндөө барьж, - балгачих хөгшин!,.. Тэгээд дуул! гэж шавдуулав. Авгай илтэд төвөгшөөн,
- За, яршиг цаашаа. Хэзээ болж гэм би дуулж явсан юм гээд орон дээрээ зайлсхийн аягатайг гарын үзүүрээр биеэс зайлуулсхийн түлхэхэд, Өвгөн:
- Уу!... уу гэж байна, наана чинь! .. гээд, хөгшиндөө аягатайг хүчээр уулгахаар босох гэтэл хөл нь гуйваад өөрөө ч золтой л унан алдаж архиа гараас алдаж орхив. Гэрэл Ерөөлтөд:
- Хөгшнийг унтуул, унтуул! Хувцасы нь тайчаад хэвтүүл! гэсэнд өвгөн дургүйцэн,
- Юуны чинь унтах! Найрлана! Бид эцэгтэй чинь найрлаж явсан улс! Бурхандаа залбираад ... морио унаад ... нохой шуугиулаад! ... Одоо би ... найрлана! гээд хэд хэд зогисуулснаа, хүчтэй хархиран ханиав.
Авгай ч инээд алдаж,
- Ээ, буруу хойшоо доо! Юугаараа найрладаг хүн бол? Хаа байна тэр найрлуулдаг идээ цагаа чинь? гэж дооглоод,
- Хажуулаа та одоо! Наад хүүхдүүдээ ч амраа! Хол газар хот хүрээнээс яваа улс эцээхэн амарч унтаад яваг гэхэд, өвгөн:
- Тиймээ, тэгж би унтуулна байх! Хот хүрээний улс гэхээр тэгж долдогононо байх гэж тонгочсоноо Ерөөлтийг угз татаж,
- Чи тийм сүрхий хүн юм бол дуулаад орхи, эцэг шигээ! гэв.
Ерөөлт залхсан царайтай ч алиалангуй,
- Хотын улс чинь харин дуу мэддэггүй улс байхгүй юу дээ, ах минь! Хотод чинь дуулж болохгүй, загнуулна. Гудамжинд дуулж болохгүй, шоолуулна. Гэртээ ч дуулж болохгүй, зав байхгүй... гээд инээтэл, өвгөн босон харайж,
- Тэгвэл би тэр муу хотыг чинь тараагаад өгье, Хот, хот л гэнэ, үхсэн хойноо. Хамаг мал туугаад явчихна. Хамаг сүү сороод явчихна! Яасан ханаж цаддаггүй бирд вэ? Тэр мууг чинь би талаар нэг тараагаад хаячихъя! Эсвэл сайхан галдаад өгье! гээд чүдэнз шүүрснээ.
- Алив тэр эмээл хазаар аваад аль! Мордох минь! ... гээд дээлийнхээ ханцуйг шав - шув шургуулж бүсээ хайв. Гэрт бөөн инээдэм боллоо. Инээлдэх тусам өвгөн улам уурлаж, агсам нь улам дэвэрч,
- Морь аваад ир!... Морь эмээллээд аль! гэж хашгичин дэвсэлж, авгай Гэрэл хоёрыг ч сандраан босгов. Ерөөлт өвгөнийг тэвэрч аваад хэвтүүлэхээр ор руу нь өргөн аваачаад дарсанд, өвгөн эсэргүүцэн тийчилж, хаанаас тэнхээ гарахыг бүү мэд, Ерөөлтөд дийлдэж өгөхгүйд авгай, Гэрэл гурвуулаа хамжиж хааж байж арай гэж хувцсы нь тайлж, гурвуул гурвуулаа ноцолдож байж гар хөлий нь бүсээр хүлээд хэвтүүлэв. Өвгөн хүлээтэй тул хий дэмий л дороо ондогонон овгонож,
- Та нарыг би мөчийг чинь ташна. Тэр муу хоттой чинь цуг нидрээд өгнө. Харж байгаарай, таануус. Бүгдийг чинь товрог болгоод өгнө!... гэж хашгичин мөчир дор дарагдсан үстэй хорхой шиг өндөс, цогнос хийж хөдөлж байснаа төдөлгүй нам болоод өгөв.
Авгай гийчдээс жаахан зовж, үрчгэр хөх царай нь жаахан улайсхийж,
- Хөгшин маань ахиухан юм хүртчихээрээ ингэдэг юм аа, хүүхэд минь! ... Бүүр хэзээний юм! Би унтаж байгаад идээгээ хэтрүүлчихсэний нь мэдсэнгүй л дээ гээд тунхууны ёроолдохыг сэгсэрч үзэв.
Гурвуул хэсэг хуучилж, инээж хөхөрч суугаад унтацгаахаар хэвтэцгээхэд авгай лаагаа бөхөөж цээжээ шуухитнуулан хоёр нэг ханиагаад чимээ тасарлаа... Нар дээр хөөрчээ.
Тэрэг хөдлөхөөр болоход өвгөн тамхи нь унтарсан гаансаа хий сороод амнаас авч,
- Заа хүүхээ нутаг голоороо явбал давхиад л ирж байгаарай. Эмгэн бид хоёроо аав ээжээ гэж санаад л давхиад ирж байгаарай!... гээд, Ерөөлтийг үнсэхээр өлийж хацрыг нь илэн үнэрлээд,
- Эцэг бид хоёр чинь сайхан ханилж явсан ... найрлаж, наргиж явсан хоёр шүү гээд гал нь буурсан нүдээр хулгасхийж харж уруулаа өмөгнүүлэв.
Цас дарсан цав цагаан талд нам гүм, ой хөвч, голын шугуй уйтай ч юм шиг, гунигтай ч юм шиг анир дарж, тэртээ жалганд бараантах өвөлжөөнөөс мал сүрэг билчин холдох нь тэрэгний цонхоор үзэгдэж, монгол элэгтэнд мөнхөд дотно аргалын утаа, өтөг бууцны үнэр ханхлах шиг санагдах ажээ.
1 comments:

Augaa URIANHAI ...


Sanjaa .


Хайвал олно

Loading...