П.Батхуяг. Борооны охин (өгүүллэг)

5:27 AM
Тэр бороо арван нэгэн сарын эхээр гэнэт оров. Гайхалтай нь өвөл бороо ороход хэн ч хачирхсангүй. Ихэнх хүн удахгүй яргуй нүдлэж, ногоо цухуйна хэмээн бодсон биз. Харамсалтай нь даанч тэгсэнгүй. Бороо орсоны маргаашнаас ертөнцийн бүх юм хайлж эхэллээ. Он удсан байшин барилгын чулуун хананууд шоколадтай мөхөөлдөс шиг зунгааралдан нялцайж, замын өнгөлсөн хавтангууд ялбайж, уул толгод, өвс ургамал галд хуйхлагдсан мэт үгүй болж, чулуу, модод хэлбэрээ алдаад нүд халтрим дүрстэй овгор хар зүйл болон хувирч байлаа. Мэдээж хүмүүс орох байх газраа олж ядан хий дэмий л ийш тийш гүйлдэж, хоргодох байрнаас алт эрдэнэс мөнгө төгрөг, юугаа өгөхөөс буцахгүй байдалд хүржээ. Тэр өдрийн бороонд норсон хүмүүс эхнээсээ хайлж, мэлтэгнэсэн шингэн бие нь нүдэн дээр агаарт ууршиж байв. Энэ гарцаагүй мөхөл гэдэгтэй бүгд эвлэрээд хэн ч аврагдах арга зам хайхаа больж, хайлан уурших өдрөө хүлээн мөргөл залбирал хийсээр суух болов. Харин бид хоёр хэд хоногийн өмнө болсон хуримнаас буцаж явлаа. Хурим хачин сайхан болсонсон. Хөөрхөн залуухан бэрийнхээ дуулж бүжиглэхийг харсан хөгшин залуу бүгд л уяран баясаж, хэд ч дахин дуулуулсан юм, бүү мэд, бараг л тоогоо алдсан байлаа. Цээл сайхан хоолой, уян налирхай бие, усгал зөөлөн харц гээд хамаг сайхан нь төгс бүрдсэн нэгэн байлаа

-Түүний хоолой цаанаа л нэг нууцлаг даа? Сонсоод л суумаар сэтгэлд нэг л дотно, тийм , ээ гэж тэр надаас гэнэт асуув. Зам хайлмагтаад хот хоорондын автобус мөлхөх төдий л урагшилж байсанд уур хүрснээ мартаад:

-Ёстой сайхан дуулдаг бүсгүй байналээ дээ? хэмээн түүний хэлснийг бүрэн дэмжиж байгаагаа батлах гэсэн мэт толгойгоо дохилоо. Эргэн тойрон уулс сүглийж байдаг газар, одоо гүйлгэнэсэн хэдэн хар дов болж хувирчээ. Тэр бүгдийг харахаар сэтгэл улам түгшүүртэй болох тул нүдээ аниад сандалдаа улам шигдэн суулаа.

-Ямар сайхан бүжиглэдэг гэж санана. Тийм, ээ гэхэд нь зөвхөн толгой дохисонд тэр харсангүй. Тэгэхээр нь автобусанд суугаа бүх хүн сонсохоор чангаар,

-Би энэ насандаа тийм уян зөөлөн биетэй бүсгүй хүнийг хараагүй гэлээ. Гэтэл тэр нүдээ эргэлдүүлэн өндийж ирснээ, сандлынхаа түшлэгийг базлан байж,
-Зөөлөн гэнэ, ээ. Чи биенд хүрч үзээ юу? Зөөлөн гэдгийг нь чи яаж мэдсэн юм бэ? Үнэхээр ер бусын зөөлөн байна уу? гэж ар араас нь угсруулан асууж гарлаа. Гэнэт буруу үг санамсаргүй алдсанаа мэдсэн ч түүнд худал ч болтугай гайхуулмаар санагдаад:

-Олны нүд хариулж байгаад түүнийг би тэвэрч үнссэн юм. Бүр уруул дээр нь гээд нүдээ аньлаа. Дотроо түүний царай яаж зэвхийрэхийг төсөөлж бодонгуут инээд цээжнээс булталзаад хариугүй гадагш нь алдчихсангүй. Биеэ хүчлэн барьж инээдээ дарлаа. Үнэхээр тэр хуриманд уригдсан бүх хүн түүнийг тэвэрч аваад уруул дээр нь шуналтайгаар үнсэхийг дотроо хүсэмжилж байсан гэдэгт мөрий тавьсан ч бэлэн байна. Хөгшин залуу, эр эм ялгаагүй гэвэл арай дэгсдүүлсэн болохгүй билээ. Нүдийг нь үүрийн цолмонтой зүйрлээд хэрэггүй. Учир нь тэр одноос ч тунгалаг, тэр одноос ч гэрэлтэй, тэр одноос илүү цацарч байсан юм. Далайн ероолын сувдаар чимэглэж сүлжсэн хар гэзгийг ёстой л гүн шөнийн тэнгэр хийгээд тэнгэрт чимсэн ододтой зүйрлэвэл дөхөхөөр байлаа.
-Чи сүйт залууг нь олж харсан уу? Тийм охиныг гэргийгээ болгодог ховорхон азтай эр бий дээ? гэсэнд тэр хүзүүгээ гүрдийлгэн онигор нүдээ байдгаар нь бүлтийлгээд:

- Чи бас олж хараагүй юм уу? Би хуриман дээр цугласан бараг бүх хүнээс асуусанш дээ? Хэн ч олж хараагүй байналээ. Ингэхэд чамайг ер нь хэн урьсан юм. Чи хэнийх нь ах дүү болж байна гээд бүх насаараа цагдаагийн мөрдөгч хийсэн хүний нүд гаргаж, лавлан асуув.

-Би урилгатай, гэхдээ хэн ч надад өгөөгүй. Хуримын өмнөх өдрийн өглөө л тэнд заавал очих ёстойгоо мэдсэн юм.

-Яаж гэдгийг чинь мэдэж болох уу?
-Зүүдэндээ л...Тэр сандлаасаа огло үсрэн босоод, гар тээшний хайрцаг мөргөлөн байж, автобусны цонхоор ийш тийшээ гайхшран харснаа,

-Энэ гадаа чинь юу болоод байгаа юм бэ? Хайлаад байгаа юм уу даа? гэснээ, сүлбээр зүүгээр тогтоосон цамцныхаа энгэрийг ярж, туранхай цээжээ ил гаргаад:
-Би бас асуусан тэр хуриманд нэг ч хүн урилгаар ирээгүй, бүгд л зүүдлэсэн байгаа юм. Харин түүнийг тэвэрч үнссэн гэдэг чинь уур хүргээд байна. Чи яасан гэж, ямар алдар гавьяатай гэж түүнийг үнсэж таалдаг билээ. Энэ үед бороонд орсон автобусны дээвэр хайлж гадаа дотор хоёр зааггүй болоход хүмүүс сандралдан бужигнаж гарав. Би түүний нүдийг сэмхэн буландан харвал, уур хилэнтэйгээр гялалзах агаад юу юугүй цохиод авахад бэлэн гараа тас зангидаж, туранхай цээж нь сүртэй нь аргагүй оволзож байлаа. Автобус хэдийнээ зогсоод жолооч залуу хажуугаар том том харайн гүйх зуураа:

-Та хоёр чинь энд үлдэж хайлах гээ юу? Бушуухан наанаасаа гараач хэмээн хашгирсаар өнгөрөв. Гэвч бид хоёрын хэн нь ч хөдөлсөнгүй. Түүний нүд улам хурцаар гялалзан, хоёр гараараа намайг заамдан аваад, хэсэг сэгчсэнээ:

-Чам шиг муу эр түүнийг илж таалсан байх учиргүй. Тэр тэр, тэр бол, тэр бол тэнгэрийн гүнж мэдэв үү? Өтөл муу газрын биднийх биш, чи бид хоёр шиг өт хорхой биш, гээд хайлж дуусаж буй автобуснаас үсрэн бууж өтгөн лав үсчүүлсээр гүйж одов. Түүний араас хэсэг харж зогсоод би хоргодох газар хайхаар хандсан зүг рүүгээ гүйлээ. Эцэстээ хөл хүндрээд урагш ахих аргагүй болов. Тэгээд бодож эхэллээ.

* * *

Тамхиныхаа үнсийг тэр сурмаг гэгч нь унагаагаад, утааг нь хоосон агаарт угалзаруулан үлээж, торгон оймсныхоо хээг удаан гөлөрснөө:

- Миний хурим маргааш болно. Чи ирэх юм байгаа биз дээ? Чамайг ирэхгүй бол энэ насаараа гомдох байх шүү? Магадгүй ирэх төрөлдөө ч гомдож мэдэх юм гэснээ хачин чангаар инээв.
Өмнө нь ийм наалинхай байсныг санах гэж оролдоод бүтсэнгүй. Дэмий л толгойгоо өвтгөснөөс хэтэрсэнгүй. Нэг орой өөрөө л хаалга тогшоод, өөрөө л хувцсаа тайлаад, өөрөө өвөрт ороод ирсэн түүнтэй хэзээ яаж танилцсанаа ч санадаггүй юм. Зарим өглөө яваад л өгсөн байдаг, зарим өглөө унтаад л хоцордог түүнээс нэрийг нь бараг асуугаагүй байж мэднэ. Учир нь санах гээд чадаагүй юм.
- Хэнтэй хуримлах гэж байгаа юм. Би таних залуу юу?

- Тэр нууц, аа. Ямар ч байсан чи ирээрэй. Надад харин ямар ч бэлэг хэрэггүй шүү? Зүгээр л чи энэ биеэрээ морилон ирэхэд л хангалттай. За маргааш миний хуриман дээр уулзая гэээд хаалга зөөлхөн хаагаад гарч одов.
Араас нь ямар нэгэн зүйл дагаад гарах шиг санагдав. Тэгээд зүүднээсээ сэрлээ. Миний урилга ердөө зүүд. Өөр юу ч биш. Харин хуриман дээр бүгд л сэрүүн байсан даа? хэмээн бодож зогстол тэр миний хажууд зэрэгцэн ирээд:

-Тэр чам дээр хэд дэх өдөр ирдэг байсан юм. Юу, чам дээр биш, чиний зүүдэнд
-Өдөр бүхэн...
-Худлаа, мэдэв үү? Чи намайг түүнд хайртайг мэдээд санаа сэтгэлээр минь хорлох гэж байна. Тийм байх учиргүй. Би л зөвхөн түүнийг чин үнэнээр хайрлаж чадна. Тэр Борооны эзний охин. Үүнийг ганцхан би мэднэ. Учир нь би Салхины хүү гэсээр хайлж дуусаад нэгэн овгор хар зүйл болсон автобус руу үсрэн оров. Санамсаргүй ийм хачин хүнтэй зам таарч явсандаа бие нэг л тавгүй болж, хайлмагтаад шалчигнаж буй хар замаар цааш арай ядан гэлдэрлээ.

Гадаа нэгэнт харуй бүрий болж одод тэнгэрт өчүүхэн гэрлээрээ сүүмэлзэн байхад гэнэт хамаг юм хайлж урсахаа болив. Хараахан хайлж ууршаагүй хүмүүс баярлалдан дуу алдах энд тэндгүй сонстоно. Удалгүй тас харанхуй орчныг нөмрөөд зүг чигээ нэгэнт алдсан тул хэдэн овгор харын дунд суугаад зүүрмэглэжээ.

-Би явахаас даа? Аав уурлаад, миний аав Бороо ш дээ? Харин би чиний эхнэр болсон шүү? Тэр өдөр миний хуриманд ирсэн бүхэнтэй би суусанш дээ? гээд саатай алчуураа зориуд мөрнөөсөө унагаад явж одов. Тэнгэрт нэг үл мэдэх гялтагнасан зүйл үзэгдээд гэрэл нь арай сарниж амжаагүй байхад сэрлээ. Дэргэд унасан саатай алчуур харанхуйд алмазны үйрмэг мэт харагдана. Түүнийг авч үнэрлэвээс борооны чийглэг үнэр хамар цоргив.

Өглөө эрт автобуснаас үлдсэн овгор харыг очиж үзэв. Түүнийг эндээс оглоо үсрэн гарч ирээд “Би түүнд хайртай, чи муу, чам шиг газрын амьтан... Би Салхины хүү ” гээд хашгирах юм санагдаад удаан суулаа. Эцэст нь босоод овгор харыг онгичиж гарав. Тэгээд голоос нь түүний зүрхийг олж авав. Гарт хүчтэй лугших Салхины хүүгийн зүрх тэр нэгэн өдөр ээрэм тал дундуур морьтой давхисан мэдрэмжийг минь эргэн сануулав. Эрх дураараа, салхи шиг чөлөөтэй байхын ад хүслэн намайг эзэмдэж, юунд ч хоригдож цагдахгүй байхаас сайхан зүйл амьдралд байхгүй мэт санагдаж байж билээ. Одоо бодоход тэр өдрийн орой Борооны охинтой анх зүүдэндээ амрагласан ажээ. Энхрийлэн таалах дур хүслийг минь салхи надад авчирсан санагдав. Салхи, салхи өмнө нь яагаад мэдсэнгүй вэ?
Хөндий хоосон цээжиндээ булгилан цохилох зүрхийг суулгав. Хэзээ зүрхгүй болсноо ч санах юм алга. Ингэхэд тэр гэдэг чинь би өөрөө би гэдэг чинь Салхины хүү... Харин Борооны охин. Санах юм даанч алга.

2010 он
Пүрэвхүүгийн БАТХУЯГ
Read On 1 comments

П.Батхуяг номнууд

5:20 AM
"Замд гарцгаая хүрээ хөвгүүдээ" шүлгүүд 1997
"Буух зурвас" 1998
"Өнгөт ертөнц" шүлгүүд 2004
"Бурхангүй газар" өгүүллэгүүд 2004
"Сүхбаатарын Батмөнх" 2005
"Яруу найргаар ярилцахуй" 2006
"Шинэ үнэр хийгээд би" 2006
"Хүрэл зүрх" 2006
"Яруу найраг миний цонх" 2007
"Үнэд орох цаг" 2007
Read On 0 comments

П.Батхуяг товч намтар

5:15 AM
Улаанбаатар хотод 1975 онд төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистратур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. 2004 онд "Алтан өд" 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.
Read On 0 comments
Read On 0 comments

Хайвал олно